Д.Дорлигжав:Шударга төртэй байхдаа хүчтэй

Хуучирсан мэдээ: 2011.03.10-нд нийтлэгдсэн

Д.Дорлигжав:Шударга төртэй байхдаа хүчтэй

Прокурорын байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөнд Монгол Улсын Ерөнхий Прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх Д.Дорлигжавын тавьсан илтгэлийг бүрэн эхээр нь хүргэж байна. 

Прокурорын байгууллагын хамт олны ажлын зарим ололт амжилт, түүнчлэн алдаа дутагдал, прокурорын байгууллагынхаа үйл ажиллагаанд бүхэлд нь хийсэн үнэлэлт дүгнэлт болон ажлын ирээдүйн зорилтын талаар бид энэ өдрүүдэд зөвлөн ярилцах болно.

Өнгөрсөн онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулж, Үндэсний аюулгүй байдлын  зөвлөлийн 2010 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн хуралдаанаар сайшаан дэмжиж хэрэгжүүлэхийг зөвлөмж болгосон “Шүүх эрх мэдлийн хүрээнд шинэтгэлийг гүнзгийрүүлэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх зорилгоор “Прокурорын байгууллагаас 2011-2016 онд хийж хэрэгжүүлэх үйл ажиллагааны ерөнхий хөтөлбөр”-ийг баталж та бүхэнд хүргүүлсэн.

Энэ Хөтөлбөрийн бодлогод нийцүүлэн Прокурорын байгууллагын удирдамжийн баримт бичгүүдийг дахин боловсруулж, хуучин 22 тушаал, 1 албан даалгаврыг хүчингүй болгож, дагаж мөрдөх 85 журам, дүрмийг 62 болгон цөөрүүллээ. Энэ нь прокурорын байгууллагын хүнд суртал, давхардал, шат дамжлагыг багасгаж, иргэд олон нийтэд түргэн шуурхай үйлчлэх боломж нөхцөл олгосон чухал арга хэмжээ болсон юм.  

Прокурорыг томилох чөлөөлөх ажиллагааг ил тод, шударга болгох хөтөлбөрийн бодлогын дагуу “Прокурорыг сэлгэн ажилуулах, дэвшүүлэн томилох журам”-ыг Ерөнхий прокурорын тушаалаар батлан мөрдөж эхлээд байна. 

Прокурорын байгууллагын тухай хуулийн 42 дугаар зүйлд заасны дагуу нийт прокуроруудаас мэргэжлийн түвшин тогтоох шалгалт авах ажлыг улсын хэмжээнд 23 нэгж байгууллага дээр зохион байгууллаа.     

Ерөнхий прокурорын 215 дугаар тушаалаар прокурорын байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг өнөөгийн цаг үеийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн өөрчлөлт хийлээ.   

Прокурорын байгууллагын бүртгэл, мэдээллийн программ төслийн эхний үе шатыг 2 жилийн хугацаанд Герман Улсын Техникийн хамтын ажиллагааны газартай хамтран хэрэгжүүлж, бүртгэл мэдээллийн санг бэлэн болгож, тендер зарлан программ боловсруулах гүйцэтгэгч байгууллагыг шалгаруулан 2011 оны 8 сарын 1-нээс ашиглаж эхэлнэ. Үүгээр бид бүх асуудлыг шийдвэрлэж хараахан дуусаагүй. Гэхдээ прокуроруудын захиргааны шинжтэй ихээхэн ажлын ачаалал эрс хөнгөрөх юм.

Прокурорын байгууллагын үйл ажиллагаанд онцгой анхаарах бусад тулгамдсан асуудлууд гэвэл:

Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал болон Засгийн газраас шүүх эрх мэдлийн байгууллагуудын үйл ажиллагаа, эрх зүйн шинэтгэлийг гүнзгийрүүлэх, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, хууль тогтоомжийг боловсронгуй болгох зорилготой үндсэн чиглэл, хөтөлбөрүүд батлагдан гарсан боловч хэрэгжилт хангалтгүй, гэмт хэрэг зөрчил буурахгүй, шүүх эрх мэдлийн байгууллагуудын үйл ажиллагаанд хүнд сурталтай, шударга бус ажиллаж байгааг иргэд шүүмжилж байна.

    Прокурорууд хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэхдээ хууль зөрчих, хууль бус шийдвэр гаргах, бусдын нөлөөнд автах, хуулийг нэг мөр хэрэгжүүлдэггүй, асуудлыг шийдвэрлэхдээ олон шат дамжлага гарган бусдыг чирэгдүүлж хүнд суртал гаргадаг зэрэг зөрчил дутагдал прокурорын байгууллагын үйл ажиллагаанд оршсоор байна.

Прокурорын хяналтын үйл ажиллагаа сул байгаагаас, сүүлийн жилүүдэд эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаан дахь прокурорын оролцоо хэлбэрийн төдий, ач холбогдол багатай болж хувирсан байна. Прокурор ийм идэвхи, санаачлагагүй байр суурь баримтлах болсноос үүдэн энэ нь байх ёстой бодит байдал шиг болжээ. Прокуроруудын өөрийнх нь байр суурь, санаачлага алдагдснаас байцаан шийтгэх ажиллагааны бусад оролцогчид прокуроруудыг үл ойшоосон байдлаар хандах хандлага  бий болж байна. Мөрдөн байцаалтын ажиллагаанд тавих прокурорын хяналт хэлбэр төдий болж, мөрдөн байцаагчид нь прокурорын бичсэн даалгаврыг биелүүлдэггүй, тоодоггүй, эсвэл ёс төдий ажиллагаа хийж хууль зөрчих явдал түгээмэл гарах болсон байна.

Гэхдээ прокурорын ажлын ачаалал өндөр, мөрдөн байцаалтанд буй бүх хэрэгт хүрч хянахад бэрхшээлтэй байдгийг бид ойлгож зохих зорилт хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах болно..

Шүүх хуралдаанд төрийг төлөөлөн оролцож байгаа улсын яллагчийн үйл ажиллагаа ч хангалтгүй байдлаар явагдаж, хэргийн бүрдэл, ял шийтгэлийн талаар тавьж байгаа улсын яллагчийн санал ач холбогдол багатай байгаа тухай шүүмжлэлийг ч бид сонсож байна. 

Мөн прокурорын сахилга хариуцлага, ёс зүй, мэдлэг боловсрол, ажлын ур чадвар ч зарим талаар шаардлага хангахгүй байна. 2008-2010 онд ажилдаа хариуцлагагүй хандаж алдаа дутагдал гаргасан, прокурорын ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн 72 прокурорт сахилгын арга хэмжээ авч, 17 прокурорыг албан тушаалаас нь чөлөөллөө.

    Ажлыг төлөвлөхдөө прокурорын байгууллагын зарим нэгжүүд өмнөх оны болон дээд шатны прокурорын төлөвлөгөөг хуулбарлах, нэг хэв загвараар ажлаа төлөвлөх, хийсэн ажлынхаа мэдээ тайланд дүн шинжилгээ хийгээгүй, олон тоо мэдээ дурьдаж, аж ахуйн шинжтэй асуудлуудаар хүсэлт тавьж тайлагнадаг, хугацаатай үүрэг даалгаврын хугацаа хэтрүүлэх, таслах, тайлан мэдээ буруу гаргах, чанаргүй сургалт явуулах зэргээр прокурорын удирдлага зохион байгуулалтын ажил нэг хэвшмэл загвар, арга барилаар явагдаж байна.   

Мөрдөн шалгах үйл ажиллагааны талаарх 2010 оны тайланд:
“Тайлангийн хугацаанд нийт 16045  хүнд таслан сэргийлэх арга хэмжээ авснаас 3197 хүнд буюу 19.9 хувьд нь цагдан хорих арга хэмжээ авчээ. Нийт таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан хүний тоо 2009 оныхоос 2761-ээр буурсан, цагдан хоригдсон хүн  993 хүн буюу 31 хувиар буурсан байна. Мөн хугацаанд нийт  2041 хүнийг сэжигтнээр баривчилсан нь өмнөх оныхоос 86 хүнээр буурсан байна.”  гэх зэргээр маш олон тоо, статистик  байх юм.

Энд олон тоо, хувь хэмжээ дурьдсан боловч энэ нь чухам ямар ач холбогдолтой, энэ тоо мэдээгээр тухайн ажил хариуцсан прокуроруудын ажлын үзүүлэлт буурсан, өссөн эсэх талаар ямар нэг дүгнэлт хийгээгүй байна. Зүй нь цагдан хорих арга хэмжээ авах талаар мөрдөн байцаагчийн ирүүлсэн саналыг прокурор зөвшөөрсөн буюу татгалзсан үндэслэл, цагдан хорих талаарх шүүгчийн тогтоолыг эс зөвшөөрч гаргасан гомдлууд нь хангагдсан эсэх, авсан таслан сэргийлэх арга хэмжээ, цагдан хорих арга хэмжээний тоо буурсан нь ямар шалтгаантай зэрэгт дүн шинжилгээ хийсэн бол прокурорын үйл ажиллагааны тайлан илүүтэй ойлгомжтой байх байжээ. Прокурорууд үйл ажиллагаандаа дүн шилжилгээ хийж, үнэлэлт дүгнэлт өгч сурах шаардлагатай байна. Ялангуяа нэгж удирдаж байгаа прокуроруудын шууд үүргийнх нь нэг энэ билээ. 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанд прокурорын хяналт сул байгаагаас олон хэрэг шийдвэрлэгдэхгүй хугацаа алдаж мөрдөн байцаалтын явцад хүний эрхийг зөрчих, хүнлэг бус харьцах, үндэслэлгүйгээр эрхийг хязгаарлах, цагдан хорих, хохирогчийн эрхийг зөрчсөн талаархи гомдол олон гарч байна. 2010 онд мөрдөн байцаалт явуулсан нийт хэргийн 12.8 хувьд нь мөрдөн  байцаалтын  хугацааг сунгаснаар ажлын чанарын үзүүлэлт буурсан гэж үзэх үндэслэлтэй байна. Түүнчлэн, 2010 онд хөөн хэлэлцэх хугацаа дууссан шалтгаанаар 1107 хөнгөн гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Эрүүгийн хэргийн ажиллагааг санаатай, санамсаргүй удаашруулснаас ийм байдалд хүргэж байна.    

Улсын хэмжээнд 2010 онд 9523 түдгэлзүүлсэн хэрэг байх бөгөөд эдгээр хэргийн 95 хувийг сэжигтэн яллагдагчаар татагдвал зохих этгээд нь  тогтоогдоогүй  гэсэн үндэслэлээр түдгэлзүүлсэн байна. Нийслэл, Баянхонгор, Говь-Алтай, Дорнод, Орхон, Хэнтий, Увс, Говьсүмбэр  аймагт түдгэлзүүлсэн хэрэг өмнөх оноосоо өссөн дүнтэй байсан байна. Улсын хэмжээнд мөрдөн байцаалт явуулсан нийт хэргийн 43,2 хувийг түдгэлзүүлсэн байгаад дүгнэлт хийх ёстой.

Үндэслэл муутай мэдээлэл, материалд эрүүгийн хэрэг үүсгэх, нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлээгүйгээс нотлох баримт нотолгооны чанараа алдах, тодорхой ажиллагаа хийлгүйгээр хэргийг хууль зөрчин үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгодог ноцтой зөрчлүүд нийтлэг байгаа бөгөөд мэдээ, тайлангаас үзэхэд хэрэгсэхгүй болгосон хэргийн тоо өндөр гарсан байна.

2010 онд мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан 22041 хэргээс 31,3 хувийг хэрэгсэхгүй болгосон байна. Түүнчлэн 2010 онд  5615 хэргийн 5.2 хувийг, мөрдөн байцаалт, прокурорын хяналтын ажиллагаанд алдаа дутагдал гаргасны улмаас, шүүхүүд нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаасан үзүүлэлттэй байгаа нь прокурор ажил үүргээ хуульд заасан журмын дагуу хийж гүйцэтгэж чадахгүй байгаагийн нэг илрэл болж байна. Дорноговь, Дорнод, Говь-Алтай, Говьсүмбэр, Хэнтий, Баян-Өлгий, Төв, Хөвсгөл аймгийн прокурорын газруудын мөрдөн байцаалт, прокурорын хяналтын ажиллагаанд гаргасан энэ төрлийн зөрчил 8-13 хувьтай байна. Нийслэлийн Баянгол дүүрэгт ажиллаж байсан хяналтын прокурор, гурван хүний бүрэлдэхүүнтэй гаргасан шинжээчийн дүгнэлтэд хоёр шинжээч гарын үсэг зураагүй, хохирогчийг буруу тогтоосон байхад яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй ноцтой алдаа гаргасны улмаас Ш гэгчийн хэргийг шүүх удаа дараалан мөрдөн байцаалтанд буцааж, 2008 онд гарсан энэ хэргийг 2 жилийн дараа 2010 оны 1О сард шүүх сая шийдвэрлэсэн зэрэг  муу жишээ цөөнгүй  байна.

Ял эдлүүлэх ажиллагаанд тавих прокурорын хяналт үр дүн муутай, ялтныг нийгэмшүүлэх ажил бүрэн орхигдсон, ялтны ялыг хуульд заасан нөхцөл, дэглэмд  эдлүүлэхгүй, ажлын байраар хангаж ялтны эрх ашгийг бүрэн хамгаалж чадахгүй, хорихоос өөр төрлийн ялын биелэлтэнд тавих хяналт хангалтгүй байна.
Зарим ялтны ялыг хугацаанаас нь өмнө чөлөөлж, хөнгөлж байгаа ажилд  прокурорын хяналт хангалтгүйгээс  ял завшуулах явдал  хорих ангиудад гарч байна.

Прокурорын хяналт сул байгаагаас хорих байгууллагад хууль, журмыг зөрчиж хүний эрх хохироосон явдал цөөнгүй гарсан байна. 2009- 2010 онд хорих байгууллагад алба хаших хугацаандаа баривчлах, хорих ял эдлүүлэх ажиллагаанд хариуцлагагүй хандсан 27 албан хаагчид эрүүгийн хэрэг үүсгэж, 110 албан хаагчид сахилгын арга хэмжээ тооцуулж, 1476 ялтны зөрчигдсөн эрхийг сэргээсэн байна.

Прокурорын байгууллагын үйл ажиллагаанд гарч байгаа зарим алдаа зөрчлийн талаар би энд товчхон дурьдлаа. Та бүхнийг үүнд зохих дүгнэлт хийнэ гэж  найдаж байна.

Эдгээр алдаа дутагдалд дүн шинжилгээ хийж үзэхэд хэд хэдэн тодорхой учир шалтгаан, үндэслэл харагдаж байна. Үүнд:

Прокурорын мэргэжлийн хяналт шалгалт сул, хангалтгүй, эсвэл огт хяналтгүй орхигдуулсан

Прокурор ажил албандаа хариуцлагагүй хандсан

Хуулиар тогтоосон журмыг хэрэгжүүлээгүй

Прокурорын ёс зүй зөрчсөн

Мэргэжлийн мэдлэг ур чадвар сул, хангалтгүй байдал

Мэргэжлийн сургалт чанаргүй, прокурорын өнөөгийн хяналтын үйл ажиллагааны хэрэгцээ шаардлагыг хангаагүй

Бусдын нөлөөнд автсан зэргийг нэрлэж байна. Энэ бол харамсалтай ч бодит үнэн байдал шүү.

Түүнчлэн  

Прокурорын дотоодын хяналт хангалтгүй

Удирдамж болгон дагаж мөрдөж байгаа хууль, тогтоомж, тушаал, журам нь Үндсэн хууль бусад хуулиар тогтоосон зарчимд нийцээгүй зөрчилдсөн байдалтай
Хариуцлагын тогтолцоог боловсронгуй бус, зөрчил дутагдал гаргасан тохиолдолд хариуцлага тооцдоггүй

Давхардсан санаа бүхий дотоодын, удирдамжийн олон заавар журамтай, оновчгүй бүтэцтэй байсан зэрэг хүндрэл бэрхшээл их байсан

Танил талын хувиар, удирдлага нь буруутай этгээдэд найр тавих зэргээр гажуудал эхэлдэг байна.  Энд ноцтой жишээ ч дурдаж болно.

Ийнхүү зөрчил дутагдал гарах үндсэн шалтгаан нөхцөл болж байгаа асуудлуудыг бид олж харж, зарим зохицуулалт хийж, дүрэм, журмуудыг боловсруулан гаргаад байна. Цаашид бид эдгээрийг хэрхэн засаж залруулах вэ гэдгийг хамтдаа бодож боловсруулж, эрч хүчтэй, шуурхай ажиллах шаардлагатай байна. Энэ бол бүтэшгүй  зүйл биш. Хүнд хэцүү зорилт гэдэг нь тодорхой. Гэвч бид эндээс няцах, буцах тухай ярихгүй.

Прокурорууд хяналтын үйл ажиллагааныхаа явцад өөрсдийн гаргасан шийдвэрийнхээ төлөө зөвхөн өөрөө хариуцлага хүлээдэг хариуцлагын шинэ тогтолцоог Улсын Ерөнхий прокурорын газраас бодлого болгон хэрэгжүүлж байна. Энэ журмыг та бид хэрэгжүүлж хэвшил болгож чадвал прокурорын үйл ажиллагаан дахь алдаа зөрчил эрс буурах юм.

Иймд 2011 онд зөрчил дутагдлыг арилгаж чадах эсэх нь зөвхөн та бидний санаачлага зүтгэлээс шалтгаалах болж байна. Энэ нь аль нэг прокурорын шийдвэрийг үндэслэлгүй гэж хүчингүй болговол тухайн буруутай прокурорт зохих хариуцлагыг хүлээлгэдэг болно гэсэн үг. Урьд нь хүнийг хохироосон үндэслэлгүй шийдвэр гаргасны төлөө хэн ч хариуцлага хүлээлгүй явж иржээ. 
       
Цаашид тавих зорилт, хөтөлбөр, бодлогын асуудлууд

Прокурорын байгууллагын үйл ажиллагааны урт хугацааны хөтөлбөрийн талаар удирдлагын бусад нөхөд тухайлан ярих учраас би энд прокурорын байгууллагын цаашдын үйл ажиллагаа, Монгол орны хөгжил дэвшилд прокурор хүний оруулах хувь нэмрийн талаарх ерөнхий зарим асуудлыг хөндөн ярихыг хүсэж байна.
Прокурорын газар бол Үндсэн хуулийн байгууллага. Тиймээс бид зөвхөн Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж ирсэн хязгаарлагдмал хуучин зуршлаас салж, прокурорын хяналтын үйл ажиллагааг Үндсэн хуулинд заасан үзэл баримтлалын дагуу явуулж, Прокурорын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт “Прокурорын байгууллага нь Монгол Улсын нутаг дэвсгэрт эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг нэг мөр хангуулах үндсэн чиг үүрэг бүхий…байгууллага мөн” гэж тодорхойлсон прокурорын үүргийг хэрэгжүүлж, асуудлыг өргөн харж ажиллах шинэ чухал зорилт бидний өмнө тавигдаж байна. 

Монгол Улс өнөөгийн байдлаар 265 олон улсын гэрээнд нэгдэн орсон байна. Эдгээр гэрээний заалтыг хэрэгжүүлэхэд прокурорын байгууллага чухал үүрэг рольтой. НҮБ-ын “Иргэний болон улс төрийн эрхийн талаарх Пакт”, “Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харилцах шийтгэхийн эсрэг конвенци”, “Үндэстэн дамнасан зохион байгуулалтай гэмт хэргийн эсрэг конвенци”, “Мансууруулах бодисын тухай конвенцид нэмэлт өөрчлөлт оруулах тухай протокол” зэрэг гэрээ, конвенцийн заалтыг прокурорууд үйл ажиллагаандаа заавал хэрэгжүүлж ажиллах шаардлагатай байна. Хүний эрх, эрх чөлөөг хамгаалах талаарх эдгээр ковенцийн заалтуудыг эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явуулж байгаа төрийн тусгай албан хаагч прокурор та бид л хэрэгжүүлж ажиллах шууд үүргийг хэнтэй ч хуваалцахгүй хүлээх ёстой. Монгол Улсын хүний эрхийн төлөв байдлыг 2010 онд хэлэлцэн гаргасан НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн зөвлөмж нь бидний хувьд зайлшгүй баримтлан ажиллах удирдамжийн баримт бичиг болох юм.

Төв, орон нутгийн цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөлгөөн дээр “Эрүүгийн хэргийг мөрдөж байгаа одоогийн арга барил хоцрогдсон учраас үүнийг өөрчлөх хэрэгтэй. Ялангуяа эдийн засгийн томоохон гэмт хэргүүд болон үндэстэн дамнасан гэмт хэргийг мөрдөн шалгах, зүйлчлэх, хор уршгийн талаарх онолын ойлголтоо нэгдмэл болгох тал дээр анхаарах, суралцах шаардлагатай байна” гэж би хэлсэн. Энэ үг прокурорууд ч бас шууд хамааралтайг анхаарвал зохино.     

Дээр дурьдагдсан зөрчил дутагдалд зарчмын дүгнэлт хийж хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, шударга ёсыг хангах, хууль шүүхийн өмнө эрх тэгш байх, хуулийг нэг мөр хэрэгжүүлэх, үйл ажиллагаа нь ил тод, нээлттэй, хүртээмжтэй байх эрх зүйн шинэтгэлийг нэн даруй хийж хэрэгжүүлэхээр дараахи зорилтыг дэвшүүлж байна.

Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд:

Гэмт хэргийн талаархи гомдол, түүнчлэн эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан гомдол хүсэлт нэг бүрийг прокурор бүртгэл, хяналтандаа авч, бүрэн гүйцэд, хуульд заасны дагуу хянаж, үндэслэлтэй шийдвэрлэж байх;
Прокурорын даалгаврыг заавал биелүүлж хэвшүүлэх;

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанд хугацаа алдахгүй байх;

Насанд хүрээгүй этгээдийн үйлдсэн гэмт хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах талаархи Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар тогтоосон тусгай журмыг бүрэн хэрэгжүүлж, Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хууль буруу хэрэглэсэн алдаа гаргахгүй байх;

Хэргийг үндэслэлгүйгээр түдгэлзүүлэх, мэргэжлийн болон ёс зүйн алдаа гаргахгүй байх;

Хэргийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгох, хэргийн зүйлчлэлийг үндэслэлгүйгээр хөнгөрүүлэх замаар ял завшуулах явдлыг гаргахгүй байх;

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааны явцад эд хөрөнгийг битүүмжлэх ажиллагааг явуулж хэвшүүлэх;

Эрүүгийн байцаах ажиллагаан дахь эрүүдэн шүүх аливаа хэлбэрийн зөрчлийг бүрэн таслан зогсоох;

Прокуророос хуульд нийцээгүй шийдвэр гаргавал ямар ч эргэлзээгүй хариуцлага тооцдог журмыг хэвшүүлэх зэрэг ажиллагааг, прокурорын үйл ажиллагаанд бүрэн хэрэгжүүлэхийн төлөө бүх шатандаа анхаарч ажиллацгаая!

Прокуророос ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналтын ажиллагаанд зарчмын өөрчлөлт гаргаж, ял эдлүүлэх ажиллагаанд Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээний заалтыг хэрэгжүүлж, ялын хүмүүжүүлэх зорилгыг хангах үүднээс ялтны сургалт, хүмүүжлийн болон нийгэмшүүлэх ажилд нягт хяналт тавьж, ялтныг хугацаанаас өмнө тэнсэн суллах, дэглэм бууруулах шийдвэр гаргах асуудлыг хохирол төлбөрийг нөхөн төлсөн байдалтай уялдуулан авч үзэх журмыг хэвшүүлэх ажлыг зорилт болгон ажиллавал зохино.

Улсын Ерөнхий прокурорын газрын Мэдээлэл, дүн шинжилгээ судалгааны төв нь прокурорын байгууллагын үйл ажиллагааны бодлогыг боловсруулж, хяналтын ажлын мэдээ, тайланд дүн шинжилгээ хийж, судалгааны үндсэн дээр ажлаа явуулж хэвшүүлэх, прокурорын үйл ажиллагааг олон нийтэд ил тод, нээлттэй болгох, багц сургалтыг прокуроруудын эрэлт хэрэгцээ, цаг үеийн шаардлагад нийцүүлэх бодлого баримтлан ажиллаж эхлэх болно. 

Манай хөтөлбөрт хариуцлагын тогтолцоог шинэчлэх зорилт тусгагдсан байгаа. Ёс зүй, мэргэжлийн хувьд ноцтой зөрчил дутагдал гаргасан прокуроруудад одоо бид сахилгын арга хэмжээ авах төдийхнөөр өнгөрөөх бус прокурорын албан тушаалаас чөлөөлж, шаардлагатай нөхцөлд эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулах бодлого баримтлах болно. Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааг хэрэгжүүлэх явцад хүний эрх, эрх чөлөөг хязгаарлах үйл ажиллагаа явуулах өргөн эрх мэдэл бүхий прокурор хүн албаны үүрэгтээ туйлын хариуцлагатай хандах ёстой. Прокурор хүн алдах ёсгүй. Хуулиар хүлээсэн бидний үүрэг маань ийм юм.

Хуулийн бусад байгууллагуудтай ажил хэрэгчээр хамтран ажиллах, олон түмэн ард олныхоо дэмжлэгийг авч ажиллахыг нийт прокуроруудад үүрэг болгож байна. Бидний хамгийн том дэмжлэг, итгэл найдвар бол олон нийт, иргэд юм. Тэднээс хол хөндий ажиллавал бидний ажил явахгүй.

Прокуроруудыг сэлгэн ажиллах дэвшүүлэн томилох журмыг хэрэгжүүлэхдээ прокурорын ёс зүй, хариуцлагын асуудалтай уялдуулан авч үзэж байх бодлого баримтлах болно.

Прокурорын байгууллагын ажилтнуудын ажиллах нөхцөл, цалин аху хангамжийн тухайд  дэвшүүлж байгаа зорилтын талаар хэдэн үг хэлье.

Прокурорын байгууллагын ажилтнуудын ажиллах нөхцөл, орон сууц, цалин хангамж хангалтгүй байна. Өнөөгийн байдлаар нийт прокурор, ажилтнуудын 45 хувь нь өөрийн орон сууцгүй, түрээсийн байранд амьдарч байна.

Прокурорын 6 нэгж байгууллага байр түрээслэн үйл ажиллагаагаа явуулж, жилд түрээсэнд 61,2 сая төгрөг төлж байна. Эдэлгээний хугацаа дуусч Мэргэжлийн хяналтын газраас тухайн байранд байрлаж үйл ажиллагаа явуулахыг зогсоохыг шаардсан байранд үйл ажиллагаа явуулж байгаа прокурорын газар ч байна. Унаа, холбоо, техник хангамж ч хангалтгүй байна.

Прокурорын байгууллагын ажилтнуудын нийгмийн асуудлууд бидний анхаарлын төвд байх ёстой, Улсын Ерөнхий прокурорын газрын Тамгын хэлтсийн онцгой анхаарч ажиллах амин чухал асуудлуудын нэг мөн. Прокуроруудын ажиллах нөхцөл, ахуй хангамжийг сайжруулах ажил нь прокурорын хариуцлага, үйл ажиллагаатай салшгүй холбоотой, харилцан уялдаатай байх ёстой.

Прокурорын байгууллагын ажилтнуудыг  орон сууцаар бүрэн хангах, шаардлага хангасан албаны байр, унаа, холбоогоор хангах, хэрэгцээт тоног төхөөрөмжийг шинэчилж, прокурор, ажилтнуудын ажиллах нөхцлийг сайжруулах, цалин хөлсийг нэмэгдүүлэх, салбарын амралт сувилал бий болгох зэрэг нийгмийн шинж чанартай хөтөлбөр бүхий зорилт дэвшүүлж байна. 

Түүнчлэн үлгэр жишээ ажиллаж, амжилт гаргаж байгаа прокурор, хамт олныг дэмжих, шагнаж урамшуулах, ажлын үр дүнг үнэлэх шинэ зарчим тогтоох зэргээр прокурорын байгууллага, ажилтнуудыг төрөөс дэмжих бодлогыг боловсруулаад байна.
2011 онд прокурорын байгууллагын ажилтнуудын өмнө шинэ сэтгэлгээ, ажлын шинэ арга барил, шинэ хандлагыг шаардсан улс орны хэмжээний өргөн хүрээтэй шинэ зорилтууд тавигдаж байна. Эдгээр нь амар хялбар бус байж магадгүй. Гэсэн хэдий ч манай прокурорууд нэгэн үзүүрт сэтгэлээр хууль дээдлэн ажиллаж, энэ зорилтыг хэрэгжүүлнэ гэдэгт итгэж байна.

Их эзэн Чингис хааны үеэс Монголчууд шударга төртэй үедээ хүчирхэг явсан. Монгол Улс хүчирхэг болоход хуулийн байгууллагуудын ажлын үр дүн  гол хүчин зүйл болох ёстой. Хуулийн байгууллагууын ажилтнууд энэ бүх бэрхшээлийг даван туулж улс, эх орон, иргэдийнхээ эрх, эрх чөлөөг хамгаалах тууштай үйл ажиллагаа явуулах хэрэгтэй болж байна.

Товчхон хэлэхэд гэм буруутай этгээдийг хөрөнгө мөнгө, албан тушаал аль нэг байдлаар нь алаг үзэхгүй, ял завшуулахгүй байх, шуурхай ажиллах  явдал гэж тодорхойлж байна.

Та бид эдгээр зорилтыг тууштай баримталж, зарчим ч ажиллавал шүүх эрх мэдлийн бусад байгууллагуудын ажил ч тодорхой хэмжээгээр сайжрах нь зүйн хэрэг юм.

Дээрх зорилтуудыг хэрэгжүүлэхэд та бүхэнд болон нийт прокурорууддаа өндөр их итгэл хүлээлгэж байгааг маань ойлгож, идэвхтэй, ажил хэрэгчээр  хамтран ажиллахыг уриалж байна.

Анхаарал тавьсанд баярлалаа.

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай!

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж