290 барилга газар хөдлөлтөд нурах аюултай

Хуучирсан мэдээ: 2011.03.10-нд нийтлэгдсэн

290 барилга газар хөдлөлтөд нурах аюултай

Манай улсад  1972 оноос өмнө  газар хөдлөлтийн эрсдэл тооцоогүй барьсан 290 барилга байдаг аж. Нийслэлийн барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газрын мэргэжилтнүүд “Барилга байгууламжийн газар хөдлөлтөнд тэсвэрлэх чадварыг үнэлэх журам”-ыг зөвлөлийн хурлаар батлуулахаар оруулсан байна.   Улаанбаатар хотын төвийн хэсэгт орон сууц, олон нийтийн зориулалтын нийт 24650  барилга байгууламж, түүнд 380 200  иргэн оршин сууж байна.  1970-аад оноос өмнө баригдсан барилга байгууламжид газар хөдлөлтийг тэсвэрлэх байдлыг огт тооцоолоогүй барьжээ.  Энэ нь хүчтэй газар хөдлөлтийн үеийн эрсдлийн хэмжээ өсөхөд голлох нөлөөг үзүүлэх өндөр  магадлалтай аж. Тиймээс “Барилга байгууламжийн газар хөдлөлтөнд тэсвэрлэх чадварыг үнэлэх журам”-ыг зөвлөлийн хурлаар батлуулах саналыг Нийслэлийн барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газраас зөвлөлийн хуралд танилцуулжээ. Энэхүү журам батлагдсанаар учирч болзошгүй газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, ашиглагдаж байгаа барилга байгууламжийн хийц, бүтээцийг хүчитгэх замаар эвдрэл, нуралтаас үүсэх хохирлыг багасгах ач холбогдолтой аж.  Түүнчлэн  олон нийт, иргэн болон үйлдвэрийн барилга, зам гүүр, ус суваг, далан хаалт зэрэг байгууламж, инженерийн шугам сүлжээний аюулгүй байдлыг хангаж, байгалийн болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор багаж тоног төхөөрөмжийн тусламжтайгаар барилга, байгууламжийн газар хөдлөлтөнд тэсвэрлэх чадварыг үнэлэн паспортжуулан, дүгнэлт гаргах юм байна. 

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж