
Английн хөлбөмбөгийн холбооны цомын тэмцээний 1/16 шигшээд хоорондоо таарсан “Уэстхэм” болон “Барнли” багуудын тоглолт өчигдөр Аптон Паркт боллоо. “Би үргэлж хөөс үлээхэд бэлэн”. 30 мянга гаруй фанатууд Аптон Паркт энэхүү дууг дуулж, тоглолт эхлэхийн өмнөхөн багтаа эрч хүч нэмж байлаа. Тус тоглолтод дебутээ хийж байгаа Германы шигшээ багийн хагас хамгаалагч Томас Хитцльспергер “Алхнууд”-ын үнэнч хөгжөөн дэмжигчдэд маш том итгэл үзүүлж, 20 орчим метрээс “Барнли”-гийн хаалга руу хүчтэй цохилтоор гоолдож, тооны харьцааг нээсэн. Энэ гайхалтай гоол ахлнуудыг улам сэргээж, хоёрдугаар хагасын 48 болоод 50 дахь минутад дараалан гоолдох эх үүсвэрийг тавьсан юм. Гоолуудыг ганц тоглогч хийсэн нь Английн шигшээд тоглож явсан довтлогч Карлтон Коул байлаа. Тэрбээр сүүлийн хоёр тоглолтод ийнхүү гурван гоол оруулж, Аврам Граантын нэг номерийн довтлогч гэдгээ баталлаа. Харин Карлтон Коулын хийсэн хоёр дахь, багийнх нь гурав дахь гоолын дараа есөн минут өнгөрч байхад Дани гаралтай Шинэ Зеландын төвийн хамгаалагч Уинстон Рэйд булангаас ирсэн бөмбөгийг мөргөж, гоол оруулан “Уэстхэм”-д анхны гоолоо хийжээ.
22 настай залуу тоглогчийн хувьд өнгөрсөн жил Өмнөд Африкт зохион байгуулагдсан хөлбөмбөгийн ДАШТ-ий хэсгийн тоглолтод Словакийн эсрэг багийнхаа авралын гоолыг хийснээс хойш оруулж байгаа анхын гоол нь энэ болжээ. Харин үе үехэн бяцхан алдаа гаргачихаад байдаг Английн шигшээгийн хаалгач Роберт Грийн энэ удаа зүгээр суухыг хүссэнгүй. Хамгаалагч Уэйн Брижтэй үл ойлголцсоны уршгаар эсрэг багийн довтлогч Жэй Родригэз гоолдож, тооны харьцааг 4:1 болгожээ. Гэвч “Алхнууд” цаг дуусахын өмнөхөн эргээд тооны харьцааг дөрвөн гоолын зөрүүтэй болгосон.
Энэ удаад “Уэстхэм”-ийн хүүхдийн академиас төрөн гарсан Фредди Сирс хаалга руу цөм цохиж, тус тоглолтын эцсийн цэгийг тавьсан байна. Ингэснээр “Уэстхам” ФА цомын тэмцээний шилдэг наймд үлдэж, энэ шатанд “Стоук Сити”-тэй таарлаа. “Боловсрол суваг” телевиз ням гаригт “Уэстхэм”, “Ливерпуль”-ийн тоглолтоор хөлбөмбөг сонирхогчдоо бэлэг барих болно.
Score Studio