Прокурорууд зөвлөлдөж байна

Хуучирсан мэдээ: 2011.03.10-нд нийтлэгдсэн

Прокурорууд зөвлөлдөж байна

Прокурорын байгууллагын төв орон нутгийн удирдах ажилтны нэгдсэн зөвлөгөөн үргэлжилж байна. Зөвлөгөөнд Монгол Улсын Ерөнхий прокурор, төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх Д.Дорлигжав “Монголчууд шударга төртэй байхдаа хүчтэй, “Прокурорын байгууллагын өмнө тулгамдсан асуудлууд ба зорилтууд” сэдвээр илтгэл тавьсан байна. Тэрбээр илтгэлдээ  “…Прокурорууд хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэхдээ хууль зөрчих, хууль бус шийдвэр гаргах, бусдын нөлөөнд автах, хуулийг нэг мөр хэрэгжүүлдэггүй, асуудлыг шийдвэрлэхдээ олон шат дамжлага гарган бусдыг чирэгдүүлж хүнд суртал гаргадаг зэрэг зөрчил дутагдал прокурорын байгууллагын үйл ажиллагаанд оршсоор байна. Прокурорын хяналтын үйл ажиллагаа сул байгаагаас, сүүлийн жилүүдэд эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаан дахь прокурорын оролцоо хэлбэрийн төдий, ач холбогдол багатай болж хувирсан байна. Прокурор ийм идэвхи, санаачлагагүй байр суурь баримтлах болсноос үүдэн энэ нь байх ёстой бодит байдал шиг болжээ. Прокуроруудын өөрийнх нь байр суурь, санаачлага алдагдснаас байцаан шийтгэх ажиллагааны бусад оролцогчид прокуроруудыг үл ойшоосон байдлаар хандах хандлага  бий болж байна…”гэж  шүүмжилжээ. Зөвлөгөөнд төв орон нутгийн прокурорын байгууллагын удирдах ажилтан 130 гаруй прокурор оролцож байгаа аж. Улсын Ерөнхий прокурорын газрын газар, хэлтсийн дарга нар прокурорын хяналтын чиглэлээр мэдээлэл солилцож, энэ онд баримталж ажиллах бодлого, цаашид анхаарах асуудлын талаар үүрэг даалгавар өгч, харъяа прокурорын газруудаас гаргасан санал хүсэлтийг сонсох юм.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж