
Олон сайхан хит дуунуудын эзэн тэрбээр энэ л үдэш үзэгчдээ уянгын дуунд уяраан цэвэр поп амьд тоглолтыг мэдрүүлнэ гэдгээ амлалаа. Тоглолтдоо “Танилцъя охин”, “Чиний зураг”, “Үүрдийн наран” гээд үзэгчдийн сэтгэлд хоногшсон дуунуудаа дуулах бөгөөд 70 орчим хувийг Байзадагын хуучны хит дуунууд эзэлнэ. Мөн тоглолтод ая дуугаа өргөх дуучид мэргэжлийн гэдгээрээ онцлог гэнэ. Соёлын тэргүүний ажилтан, дуучин Т.Гантулга түүний ая, М.Билэгсайханы үг “Тавилан” шинэ уран бүтээлийг нь дуулах бол дуу хуурын өлгий нутаг Дундговь аймгийн Хөгжимт драмын театрын дуучин П.Цолмонтөгс, Х.Айгүл болон “Sync”, “Маdness” хамтлагууд оролцон шинэ уран бүтээлийг нь толилуулах ажээ. 1994 онд “Байзада” дуу, бүжгийн хамтлаг байгуулан уран бүтээлээ хийж байсан түүний энэхүү тоглолтыг бүжиггүйгээр төсөөлөхийн аргагүй юм. Тиймээс бүжиг, хөгжмийн хамтлагууд урилгаар оролцох нь ээ. Дуучин Байзада хамгийн сүүлд 2003 онд аавынхаа дурсгалд зориулан бие даасан тоглолтоо хийж байсан бол найман жилийн дараа энэхүү тоглолтоороо ээждээ бэлэг барьж байгаа юм. Дуучин маань сүүлийн жилүүдэд казак хэл дээр Казакстан улсад хоёр ч том тоглолтоо хийжээ. Эл тоглолтод казак дуугаа орчуулан дуучин Х.Айгүлтай хамтран дуулах нь ээ. Дуучин Байзада энэхүү тоглолтынхоо талаар “Эргэн дурсахуй-1, 2″ тоглолтод оролцоход үзэгчид сайхан хүлээн авч байгааг мэдэрсэн юм. 1990-ээд оныхны дуулж байсан дуунууд өнөөгийн рок попд ч “амьд” байгаа нь мэдрэгддэг. Тиймээс монголчууддаа ур чадвар, хүсэл тэмүүллээ тайлагнах цаг болсон гэж бодсон. Дэмжиж туслах байгууллага гарч нөхцөл ч сайхан бүрдлээ. Байзада ямар дуу дуулдаг байсныг сануулах л одоо үлдлээ” хэмээн ярьсан юм.
Тоглолтын дараа ирэх дөрөвдүгээр сараас ”Танилцья охин” тоглолт Монгол орон даяар аялан тоглолтоо хийж эхлэх бөгөөд наран ургах Дорнод аймгаас эхлэх гэнэ. Мөн тэрбээр хүмүүнлэгийн ажил хийх хүсэлтэйгээ илэрхийлэн бусад дуучидтайгаа хамтран “Эх орны хүүхдүүд” шинэхэн уран бүтээлээ хийжээ. Түүнтэй маргааш “УБ палас”-ын концертын их танхимд хоёр цаг гаруй уяран догдлох л үлдлээ.
Г.Даша