Спортын төв ордноор ”Сор залах” уу

Хуучирсан мэдээ: 2011.03.10-нд нийтлэгдсэн

Спортын төв ордноор ”Сор залах” уу

Спортын төв ордны хаалгаар орлоо. Сургуулийн хүүхдүүд, тамирчид голдуу зөрж өнгөрөх хэзээний  танил дүр зураг угтав. Тус ордныг манай хоёр хөрш улс хамтран барьж, 1953 онд ашиглалтад оруулсан түүхтэй. Одоогийн Спортын төв ордны дүр зураг бол гаднаа гяланцаг, дотроо паланцаг гэхэд болно. Ордонд мэдээж спорт заал, анги танхим, спортын холбооны өрөөнүүд бий. Түүнчлэн нотариат, “Сод пресс” хэвлэх үйлдвэр, хамгаалалтын алба, “Hamba animation studio”, “Kings kids” сургууль, Хаан банк, шүдний хувийн эмнэлэг гээд хэд хэдэн байгууллага, аж ахуйн нэгж байрладаг. Яваад тоолбол 10 орчим түрээслэгч байгууллага Спортын төв ордны зай талбайг эзэлдэг аж. Хоёрдугаар давхрын бараг тал хэсгийг  л гэхэд англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай “Кings kids” сургуулийн анги, танхим эзлэх жишээтэй. Үүнийг хэрхэн тайлбарлах вэ гэдгийг бодож үзлээ. “Манай спортын төв ордон бол төрөл бүрийн үйлчилгээг нэг дороос авч болох төвлөрсөн газар” гээд  магтах хэрэгтэй бололтой.

Спортын төв ордны удирдлагуудад мэргэжлийн спортын зарим холбооноос “Дасгал сургуулилт хийх зай, талбай биш юм гэхэд оффисийн зориулалтаар өрөө түрээсэлье” гэх саналыг тавьдаг аж. Гэхдээ тус ордныг хариуцсан хүмүүсийн хэлж буйгаар бол тийм боломж одоогоор байхгүй гэнэ. Түрээслэх өрөөнүүд нь аль хэдийнэ эзэнтэй болчихсон болохоор тэр. Түрээслэгчид холбогдох хүмүүстэй тохиролцсоны үндсэн дээр нэг метр квадратыг нь тодорхой ханшаар үнэлээд гэрээ байгуулдаг байна. Гэсэн ч яг хэдэн төгрөг түрээсэнд төлдгөө хэлэхийг хүссэнгүй.

Спортын төв ордонд “Топ-5” хэмээн тодорхойлсон жүдо, чөлөөт бөх, бокс, хүндийг өргөлтийн баг тамирчид үнэ төлбөргүй хичээллэдэг аж. Улмаар бусад спортын төрлөөр хичээллэдэг тамирчид өөр, өөрийн спортын танхимд эсвэл Спортын төв ордонд түрээс төлж  дасгал  сургуулилтаа хийдэг байна. Тус газарт ажилладаг хүмүүсийн хэлж буйгаар самбо бөхийн тамирчид жүдо, чөлөөт бөхийн багийн дасгалжуулагчидтай тохиролцоод бэлтгэлийн цагаар нь үнэгүй ашигладаг гэнэ.

Спортын төв ордны Ерөнхий менежер А.Мянганбаяраас дараах асуултад хариулт авлаа.

-Спортын төв ордонд цөөнгүй байгууллага түрээсээр байрладаг. Үүний оронд спортын бусад холбоо, тамирчдад өрөө, тасалгаа гаргаж өгч болдоггүй юм уу?

-Одоохондоо тийм боломжгүй. Спортын төв ордон бол төрийн өмчийн байр шүү дээ. Тиймээс түрээстэй холбоотой шийдвэрийг Төрийн өмчийн хорооноос гаргадаг юм. Төр засгаас нийтээр хөгжүүлэх, дэмжих спортын төрлүүдийг нэрлэсэн. Тэдгээр спортоор хичээллэх баг тамирчдын бэлтгэл сургуулилтад Биеийн тамир спортын хороо түлхүү анхаарлаа хандуулах үүрэгтэй. Бусад спортын төрлөөр хичээллэгсэд ном журмаараа бол Монголын Олимпийн хороон дээр байрлах ёстой юм.

-Засгийн газраас Спортын төв ордонд холбогдох санхүүжилтийг өгдөг. Дээр нь түрээсийн мөнгө авдаг юм байна. Тиймээс тамирчдаас түрээсийн мөнгө авах ёстой гэж үү?

-Санхүүжилт өгдөг. Сангийн яам­наас халаалт, гэрэл, цахилгаан, ус, урсгал зардлын мөнгийг сар бүр төлдөг. Гэхдээ бүгдийг нь биш. Нэг сард л гэхэд халаалтад 9.8-10.2 сая, цахилгаанд 2.5-3 сая, усанд хоёр сая  төгрөг зарцуулдаг. Бас түрээ­сээс орж ирсэн мөнгийг бид дангаа­раа зарцуулдаггүй юм. Нийт мөнгө­ний 20 хувийг нь л манайд өгдөг. Үлдсэнийг нь Төрийн өмчийн хороо авдаг. Авсан мөнгөө урсгал зар­дал, вок, саван гээд хэдхэн зүйлд л зарцуулна. Ерөнхийдөө мөнгө, санхүүжилт дутмаг байдаг. Өвөл цас их орсон үед тэмцээн болж байгаа заалыг байнга угаах шаардлагатай. Гэтэл Сангийн яамнаас өдөрт нэг удаа угаах санхүүжилтийг нь олгох жишээтэй.

-Сүүлийн үед Спортын төв ордны барилгыг нураах хэрэгтэй гэсэн саналыг зарим хүн гаргаж байгаа. Барилга ашиглалтын байдал нь ямар байгаа юм бэ. Нураах хэмжээнд хүрсэн үү?

-Спортын ордны барилга 53 жилийн өмнө баригдсан. Тиймээс барилгын чанар нь муудсан. Ашиглалтад оруулснаас хойш өдгөөг хүртэл хоёр удаа л их засвар хийсэн байдаг. Гадаадын төлөөлөгч, тамирчид ирдэг гэдэг утгаараа гадна талбай, байшингийн нүүрэн хэсгийг зассан. Гэхдээ одоо дахиад л муудах тал руугаа хандаж байна. Агааржуулалт байхгүй гээд олон асуудал байгаа. Өнгөрсөн онд болсон жүдо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг далимдуулж засвар хийсэн. Үе үеийн ахмад тамирчид барилгыг нурааж газар дээр  нь орчин үеийн шинэ ордон барих саналыг гаргаж байсан юм. Саяхан шинэ спортын ордон ашиглалтад орсон. Тиймээс тэмцээн, уралдааныг тэндээ зохиогоод шинэ Спортын төв ордон барихад болохгүй зүйл байхгүй.

Т.УРАНГЭРЭЛ


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж