
Тэртэй тэргүй улсын төсөвт арай гэж хуримтлуулж байгаа “Хүний хөгжил сан”-гийн мөнгийг олгож байгаа арилжааны банкууд зээл хэлбэрээр иргэдэд нэг жилийнх нь мөнгийг бөөндөөд олгочихмоор юм. Нэг хүн жилд 252 мянган төгрөг гэж бодохоор хүүнээс нь ашиг олж болохоор байгаа биз. Тэгээд ч сар бүр 21 мянган төгрөг авах гэж иргэд дугаарлаж, банкны хаалга, цонх эвдэх гээд байдаг болохоор цахим карт хэвлэж, өч төчнөөн сая төгрөг хий дэмий салхинд хийсгэж байхын оронд энэ нь дээр биш үү. Уг нь иргэдийг цахим картжуулах аян нь зөвхөн банкныхан өөрсдийгөө бодсон асуудал биш л дээ. Цахим карт хэрэглэж мэдэхгүй иргэдээ “соёлын шок”-ноос гаргах л гэсэн нэг арга байж таараа. Гэхдээ л “21 мянгын зээл” хэмээх шинэ зээлийн төрөл нэвтрүүлэх нь мөнгө үрж биш, олох аргаар асуудлаа шийдэх боломж. Яг л цалингийн, тэтгэврийн зээл гэдэг шиг. Ингэснээр өгч байгаа болон авч байгаа талуудад харилцан ашигтай гэж байгаа. Наад тал нь банкууд “Хүний хөгжил сан”-гийн мөнгөнөөс авах үйлчилгээний хөлсөө нэмж, иргэдийг шулж байна гэж харилцагчдадаа ад үзэгдэхгүй. Банкны үүдэнд дажин дэгдэх асуудал ч үгүй болно. Харин дөнгөж 21 мянган төгрөг үү гэж голдог иргэдэд энэ бол алтан боломж учир хамгийн түрүүнд энэ үйлчилгээнд хамрагдах биз. Мөнгөнийх нь хэдэн хувийг нь банк суутгалд авч байгаа эсэхийг ч анзаарах хэрэггүй байх. Нөгөөтэйгүүр, 21 мянган төгрөг авахаас ичдэг хүмүүс байгаа шүү дээ. Тэднийг “Хүний хөгжил сан”-гийнхаа мөнгийг авахад уриалах нэг хөшүүрэг болох юм билүү. Хэн мэдэх вэ. Ер нь цаашид улсаас тараах мөнгийг иймэрхүү аргаар зохион байгуулаад тараачихаж баймаар юм. Нэгэнт л төр засаг нь иргэдээ банкны гадаа хонуулж, өнжүүлэх арга сонгосныг нь банкууд “өрөвдөж” ядуу иргэдийг нь цахим картжуулах ажлыг өөрсдийн хөрөнгөөр хийж чадаж байгаа хойно, өөрсдөдөө ашиг авчрах зээлийн үйлчилгээг нэвтрүүлэх нь ч хэцүү биш байх. Төр засгийн “томчууд” ч өөрсдийнх нь хийж чадаагүй ажлыг хийсэнд талархах нь лавтай.
Р.САРАНГОО
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин