
Өмнө нь Египетэд Х.Мубаракийг огцрохыг шаардсан эсэргүүцлийн хөдөлгөөн даамжирснаас Суэцийн суваг хаагдаж магадгүй гэх таамаглал гарч байв. Үүнээс болж олон улсын зах зээл дээр газрын тосны үнэ өссөн билээ. Тухайн үед “ОПЕК”-ийн гишүүн орнууд газрын тосны экспортоо нэмэх шаардлагагүй гэж үзэж байв. Тиймээс ирэх зургадугаар сард болох албан ёсны уулзалтын товоо нааш татаагүй юм. Гэвч одоо нөхцөл байдал хэтэрхий хурцдаж байгаа учраас түүхий эдийн нийлүүлэлтээ нэмэх асуудлыг онцгойлон анхаарах шаардлага зайлшгүй гарч ирчээ.
Саудын Арабын газрын тосны салбар хариуцсан сайд Али Ал-Наими уржигдар энэ талаар мэдээлжээ. Тэрбээр “ОПЕК”-ийн орнууд түүхий эдийн нийлүүлэлтээ нэмэх шаардлагатай байгааг онцлоод, хэрэв шаардлагатай гэж үзвэл Саудын Араб дэлхийн зах зээл рүү өдөрт 3.5 сая баррель газрын тос гаргах боломжтой гэсэн байна. Түүний энэхүү мэдэгдэл хэвлэлээр цацагдсаны дараа Нью-Йоркийн Худалдааны бирж дээр лайт маркийн нэг баррель газрын тосны үнэ 80 центээр буурч, 104.64 ам.доллар болжээ. Харин брэнт маркийн түүхий газрын тосны үнэ 2.38 ам.доллараар буурч, нэг баррель нь 112.66 ам.доллар болсон юм. Хөрөнгө оруулагчдын хувьд “ОПЕК”-оос цаашид ямар шийдвэр гаргахыг хүлээж байна. Газрын тос экспортлогч орнуудын хувьд одоогоор Ливийн үймээн хэрхэхийг харзнаж байгаа бололтой. Анголын Газрын тосны сайд өчигдөр “Bloomberg”-т өгсөн ярилцлагадаа “ОПЕК”-ийн зүгээс товлоогүй уулзалт зарлах эсэх талаар анхаарч байгаа. Хэрэв ойрын өдрүүдэд Ливийн үймээн намжих нааштай төлөв гарахгүй бол газрын тос экспортлогч орнууд яаралтай хуралдана” гэдгийг онцолжээ. Гэхдээ үүнийг үгүйсгэх байр суурьтай шинжээч ч цөөнгүй байгаа юм. “Australia & New Zealand Banking Group”-ын түүхий эдийн асуудал хариуцсан шинжээч Марк Перван “Ливийн үймээнээс болж газрын тосны үнэ огцом өссөн. Түүнээс биш энэ түүхий эдийн нийлүүлэлт буураагүй. Өөрөөр хэлбэл, олон улсын зах зээл дээр гарч байгаа газрын тосны бүтээгдэхүүний хэмжээг нэмэх эсэхийг бодолцож үзэх хэрэгтэй” гэжээ. “ОПЕК”-ийн зарим гишүүн орны төлөөлөгчид ч мөн ийм байр суурьтай байгаа юм. Тухайлбал, Ираны Газрын тосны сайд Мохаммад Али Катиби “Ройтерс” агентлагт өгсөн ярилцлагадаа “Түүхий эдийн биржүүд дээрх газрын тосны нөөц багасаагүй. Тиймээс “ОПЕК”-ийн зүгээс нийлүүлэлтээ нэмэх шаардлагагүй” хэмээн онцолжээ. Ямартай ч “ОПЕК”-ийн орнуудын төлөөлөгчид яаралтай хуралдаж, газрын тосны нийлүүлэлтээ нэмэх эсэх талаар албан бусаар ярилцаж байгаа аж.
Одоогийн байдлаар Ливийн газрын тосны нийлүүлэлтийн нэлээд хувийг бүрдүүлдэг томоохон хотуудад тус улсын босогчид болон Муаммар Каддафийн талынхны хооронд хэд хэдэн удаа мөргөлдөөн гарсан байна. Энэ нь тус улсын газрын тосны нийлүүлэлт тасалдах вий гэх болгоомжлолыг төрүүлээд байгаа юм. Ливи бол дэлхийн газрын тосны нийлүүлэлтийн 1.5 хувийг бүрдүүлдэг орон. Өдөрт 1.5 сая баррель газрын тос дэлхийн зах зээл рүү нийлүүлдэг. Гэвч тус улсад болж буй үймээнээс болж олон улсад газрын тосны үнэ 20 ам.доллараар өссөн гэх албан бус тооцоо бий.
Эдийн засагчдын хувьд газрын тосны үнийн өсөлт нь бүхэлдээ Ойрхи Дорнодоос хамааралтай гэж дүгнэхгүй байна. Нефтийн үнийн өөрчлөлтөд өсөн нэмэгдэж буй зах зээл бүхий Хятад, Энэтхэг тэргүүтэй орнуудын эрэлт нэмэгдэж буй нь нөлөөлж байгаа бололтой. Харин Ойрхи Дорнодын нөхцөл байдал хурцадмал байгаа нь хөрөнгө оруулагчдын дунд түгшүүр төрүүлж байгаа гэдэг утгаараа дэлхийн зах зээлд нөлөөлсөн гэж дүгнэж болох юм. Гэхдээ үүнээс болж нийлүүлэлтийг нь хэт ихэсгэвэл, зах зээлийн тэнцвэр алдагдах вий гэх болгоомжлол гараад байгаа.
Өчигдрийн байдлаар Нью-Йоркийн Худалдааны бирж дээр ирэх сард нийлүүлэлтэд гарах нэг баррель газрын тосны үнэ 81 центээр буурч, 104.21 ам.доллар болжээ. Лондоны “ICE” Түүхий эдийн бирж дээр ирэх сард нийлүүлэлтэд гарах брэнт маркийн нэг баррель газрын тосны үнэ 41 центээр буурч, 112.65 ам.доллар болсон байна. Хэрэв “ОПЕК”-ийн орнууд нийлүүлэлтээ нэмэх шийдвэр гаргавал ойрын өдрүүдэд газрын тосны үнэ буурах нь дамжиггүй. Харин нийлүүлэлтээ нэмэх шаардлагагүй гэж үзвэл богино хугацаанд уг түүхий эдийн үнэ өссөөр байх юм. Тиймээс газрын тос экспортлогч орнууд удахгүй хуралдах эсэхээс олон зүйл хамаарах нь.
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин