Хороог Ч.Ганхуяг ахална

Хуучирсан мэдээ: 2011.02.22-нд нийтлэгдсэн

Хороог Ч.Ганхуяг ахална

Сангийн яамны дэргэдэх Нягтлан бодох бүртгэлийн стандартын орон тооны бус хорооны анхны хурал саяхан боллоо. Хуралдаанаар хорооны 2011 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, Улсын секторын нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт болон Жижиг дунд аж ахуйн нэгж байгууллагын санхүүгийн тайлангийн олон улсын стандартын 2011 оны хэвлэлийн орчуулга, хянан найруулгын тендер зарлах тухай зэрэг асуудлыг хэлэлцэн, шийдвэр гаргасан байна. Тухайлбал, хурлаас Санхүүгийн тайлагналын олон улсын стандартын 2010 оны байдлаарх  монгол орчуулгыг яаралтай хэвлэн, бизнес эрхлэгчдийн гарт хүргэх, тэдгээрийн стандартын талаарх мэдлэгийг сайжруулах хүрээнд мэргэжлийн төрийн бус байгууллагуудтай нягт хамтран ажиллах, ээлж дараатай сургалт зохион байгуулах, олон нийтийн мэдээллийн хэрэгслэлээр нягтлан бодох бүртгэлийн стандартын талаар мэдээлж байхаар болжээ.

Мөн тус хороо нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан гаргахад мөрдөх нягтлан бодох бүртгэлийн стандартуудыг мөрдүүлэх явдлыг хөхүүлэн дэмжих,  санхүүгийн тайлантай холбоотой зохицуулалт, бүртгэлийн стандарт, журмыг сайжруулах, уялдуулах, нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын хэрэглээг нэг мөр болгох, нэгдмэл ойлголтыг хэвшүүлэх асуудлыг нэгдсэн удирдлагаар хангах үүрэгтэй ажиллахаар болсон аж.

Нягтлан бодох бүртгэлийн стандартын хороо нь 11 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд Сангийн дэд сайд Ч.Ганхуяг ахлан ажиллах юм байна. Харин хорооны бүрэлдэхүүнд Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн газрын  дарга С.Мягмардаш, тус газрын ахлах мэргэжилтэн Б.Болормаа, Боловсрол, соёл шинжлэх ухааны яамны Мэргэжлийн боловсролын газрын дарга М.Баасанжав, Санхүүгийн зохицуулах хорооны Бичил санхүүгийн газрын дарга Н.Оюунчимэг, Монгол банкны төлбөр тооцоо бүртгэлийн газрын эдийн засагч П.Цогзолмаа нар багтжээ. Мөн Санхүү эдийн засгийн дээд сургуулийн Нягтлан бодох бүртгэлийн тэнхимийн багш С.Алтанзул, Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтын дэд захирал Ч.Чимэдсүрэн, Монголын нягтлан бодох бүртгэлийн хүрээлэнгийн тэргүүн Л.Дондог, Татварын итгэмжлэгдсэн зөвлөхүүдийн нийгэмлэгийн захирал Г.Алтанзаяа нар үргэлжлүүлэн ажиллах юм байна.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж