Улстөрч С.Баярын ”Энхбаяртай” цаг

Хуучирсан мэдээ: 2011.03.10-нд нийтлэгдсэн

Улстөрч С.Баярын ”Энхбаяртай” цаг

Польшууд өнөөх муу Яру­зельскийтэй үхтэл нь шүүх­­дэлцэх нь. Ясны ком­мунист энэ нөхөр төрийн эрхийг гартаа авмагцаа анти коммунистуудын хөдөл­гөөнийхнийг “Чимээгүй” бол­гох операцийг 1981 онд явуулсан гол буруутнуудын нэг. Бүр оройлон толгойлогч. Тий­мээс Польш дахь ком­мунист дарангуйллын сүүл­­чийн гол дүр Войцех Яру­зельскийг “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн байгууллагынханд номхотгох цамц өмсгөх зорилгоор онц байдал зарласан хэмээн шүүгдэгчийн ширээнд дахин суулгав. Тэрбээр “Надад онц байдал зарлахаас өөр арга байгаагүй. Ингэснээрээ би Польш улсыг мөхлөөс аварсан юм” хэмээжээ. Энэ бол экс дарангуйлагчийн тайлбар. Магадгүй, эцсийн үг нь ч байж мэднэ.

Монголд МАХН хэмээх блок хэдийнэ задарсан. Харин одоо улс төрийн шүүн таслах ажиллагаа өрнөж байна. Н.Энхбаярын эрин үе, С.Баярын цаг хэмээгчээр эрх баригч хүчнийг удирдаж явсан экс удирдагчид шүүх танхимд улаан нүүрээрээ халз тулгарах л үлдэв. Ойрхи дорнодод иргэд дарангуйллын эсрэг аян дайн зарласан бол Н.Энхбаяр С.Баярын эсрэг чиглэсэн “гал”-аа хэдийнэ өрдөөд эхэлчихсөн. Экс Ерөнхийлөгчийн гомдол, хорсол, ялагдлаар цучил нэмсэн тэрхүү “гал” 2008 оны долдугаар сарын 1-нд болсон үймээн, хамтарсан Засгийн газар, тэр ч атугай С.Баяр хэ­мээх хувь улстөрчийн алдаа, оноонд дөрөөлөн улам дүрэлзэж эхэллээ. Экс удир­дагчдын дунд ассан “гал” МАХН-ыг задалж, эрх баригч хүчнийг “манантуулах” ёртой байж.

Н.Энхбаяр Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгчийн дүрээр гадаадад айлчилж, зудад нэрвэгдсэн малчдад тусалсныхаа дараа С.Баярын талаар эвгүй үг унагаж эхэл­сэн нь өнгөрсөн он. Товчхондоо, тэрбээр улс төрийн хөтөч, тайлбарлагчийн ажилд ийн шилжсэн юм. Экс Ерөнхийлөгч өнгөрсөн оны өдийд “МАХН-ын удирдлага, хуруу даран тоолбол гарын таван хуруунд багтах цөөн хүн намынхаа мянга, мянган гишүүд, дэмжигчдийг дором­жилж, олон зуун мянган сонгогчдыг үл тоомсорлон нам­даа ялалт авчрахын төлөө нэгэн үзүүрт сэтгэлээр зүт­гэсэн нэр дэвшигчээ хуурч мэхлэн санаатайгаар унагасан.

Тэд Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр хийсэн луйвраа УИХ-ын 2008 оны сонгуулиар зарим тойрогт туршиж үзчихээд тэрхүү ов мэхээ давтан хийсэн ч гэж болно. Энэ ажлыг санаатайгаар зохион байгуулсан, луйвар гэдгийг мэдсээр байж таслан зогсоогоогүй МАХН-ын цөөн тооны удирдлага, бүр тодорхой яривал намын дарга, Сонгуулийн штабын дарга С.Баярт хариуцлага тооцох нь шударга ёсонд нийцнэ. Тэгээд ч “Засуул нь өөрийнхөө бөхийг биш, өрөөлийн бөхийг засчихлаа” гэж хэн нэгэн нь хэлчихлээ шүү дээ” хэмээх хоржоонтой мэдэгдлээр тухайн үеийн МАХН-ын дарга С.Баярыг “ёворсон” удаатай. Харин энэхүү мэдэгдлийг интернэтээс уншсан С.Баяр Америкаас ирмэгцээ “Н.Энхбаяр ноцтой зүйл мэдэгдсэн. “МАХН-аас нэр дэвшсэн намайг МАХН-ын дарга С.Баяр сонгуулиар унагах ажлыг гардан зохион байгууллаа” гэж тэр мэдэгдэв. Иймэрхүү ноцтой мэдэгдэл улс төрийн уршигт үр дагаврыг араасаа дагуулах учиртай. Тэрхүү мэдэгдэл нь үнэнд нийцэх бол би хариуцлага хүлээнэ. Гэвч худал бол тэр хариуцлага хүлээх ёстой” хэмээн Н.Энхбаярын “шүүн таслах ажиллагаа”-нд эхний хариугаа илгээж байв.С.Баяр уг тайлбарыг хэлэхдээ Н.Энхбаярт намын даргын зүгээс сануулга өгснөө дурьдахаа мартаагүй юм. Тэрбээр “Сонгуультай холбоотой ямар нэгэн санал, гомдол өөрт тань байгаа бол намынхаа ямар ч шатны байгууллага, хамт олонд хандаж гаргах нь зүйтэй. Түүнээс биш хов жив яриад явах нь зарчимгүй, зохимжгүй байна” гэж экс Ерөнхийлөгчид анхааруулсан нь мань хоёр улстөрчийн хувьд “Тангараг тасарсан”-аа гэрчилсэн үг байв.

С.Баярын бие Америкт буй ч улс төрийн цаг нь Монголд үргэлжилж байна. Улс төр дэх Н.Энхбаяр хэмээгч сэдвийн талаар тэр “Тахиа донгодсон ч, эс донгодсон ч үүр цайдгаараа цайна” хэмээсэн ч “Энхбаяртай” цаг түүнийг аль хэдийнэ дуэльд дуудаад эхэлчихлээ. Тэр тусмаа “Н.Энхбаярын гол зорилго бол эрх мэдэл, албан тушаал л бололтой” хэмээхдээ “Үгүй, одоо би яах болж байна вэ. Өө, за, за, гэгээн цагаан өдөр ингэж гүтгэдэг юм байна. Баримт, нотолгоо чинь хаана байна вэ. Гаргаад ир. Тэгж ярих юм бол…” гэж уурлаж, хилэгнээд байх уу” хэмээн ёжтой нь аргагүй өгүүлж байсан С.Баяраар улс төрийн цаг нь яах аргагүй даажигнаж байна. Өөрийнх нь хэлсэнчлэн уурлаж бухимдан уушгиа сагсайлгаад Н.Энхбаяртай эцсийн тулаанаа хийх цаг ч ирлээ. Учир нь энэ бол 2011 он. УИХ-ын 2012 оны сонгуулийн өмнөх жил. Хувь, хувьсгалынхны эцсийн бариа. “Энхбаяртай” цаг С.Баяр хэмээх улстөрчийн карьерынх нь сүүлчийн шалгуур байхыг хэн байг гэх вэ.         

МАХН-ын XXVI их хурал дээр, бүр тодруулбал тус намын экс даргын зүгээс Н.Энхбаяр ийм нэгэн үг хэлсэн. “Би сайн хүн биш байж магадгүй. Гэхдээ лав муу хүн биш шүү” гэж. Тэгмэгцээ мань эр экс намынхныхаа өмнө гарах эцсийн боломжоо ашиглан “Би өөрт том мэт, харин та бүхэнд жижиг юм шиг санагдах асуудлыг хөндье” гэмэгцээ бас л ганцхан өгүүлбэр дурьдсан удаатай. Мэдээж хэрэг, тэр нь “Муу факт болгоныг Н.Энхбаяр гэдэг хүнтэй холбохоо болиорой” хэмээх анхааруулга байв. Харин үүнээс хойш хэдхэн сарын дараа буюу Ардын намын 90 жилийн ойд тус намынханд, тэр тусмаа С.Баярт зориулан “Баримтат кино” найруулснаа тэр сюрприз болгон үзүүлэв. Бүр “Хамтарсан Засгийн газар бол “Долдугаар сарын 1”-ний үймээний асуудлыг нуун дарагдуулахын тулд байгуулагдсан. МАНАН байгаа цагт, шилжсэн утгаараа улс төрийн манан татсан цагт тэрхүү үймээний гэм буруутан олдохгүй, тогтоогдохгүй. Тиймээс мананг арилгаж байж л тэр хүмүүсийг жинхэнэ ёсоор тогтооно” гэлээ. “Энхбаяртай” цаг ийнхүү С.Баяр, Ардын намынхан гэлтгүй хамтарсан Засгийн газрын эсрэг зүүгээ чиглүүлэх нь тэр.

“Долдугаар сарын 1”-ний үймээний үеэр Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн дагуу онц байдал тогтоосон Н.Энхбаяр тэрхүү явдлын талаар хуулийнханд биш, олон нийтэд хандан гэрчийн мэдүүлгээ өгөөд эхэлчихсэн. Харин үймээний үеэр намын байрнаасаа ард түмнээс тусламж гуйж, намынхаа шатсан байрны өмнө залбирч байсан С.Баяр Н.Энхбаярын “шүүн таслах ажиллагаа” эхлэх үед ийм тайлбар өгсөн байдаг. “Зөвхөн төр биш, хэн ч бэлэн байгаагүй. Гэвч хүний амь хохирчих вий гэсэн бодол тэр аймшигт өдрийн гол бодол минь байсан. Тийм ч учраас доороосоо шатаж, дөрвөн талаасаа чулуу, тоосгоор бөмбөгдүүлж байсан намынхаа байрнаас олон зуун хүн, түүний дотор сэтгүүлчдийг эсэн мэнд гаргах гэж нөхөдтэйгөө байдгаараа үзсэн. Үүний дараа шатсан байрнаасаа хамгийн сүүлд тавуулаа гарч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр “Галт зэвсэг хэрэглэж хэрхэвч болохгүй” хэмээн Ерөнхий сайдын хувьд хүчний байгууллагын удирдлагуудад тушаал буулгаж байлаа. Түүнээс биш би буудах тушаал огт өгөөгүй юм шүү” гэж. Гэтэл Н.Энхбаяр энэхүү тайлбарыг сөргүүлэн “Тухайн үед би Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд “Хамгаалсан юм бол хамгаалсан шиг хамгаал. Наад байшин чинь хамгаалалтгүй үлдвэл улам сүйрч, үймээн улам даамжирна” гэдэг үүрэг өгсөн. Гэвч С.Баяр “Би Ерөнхий сайдын хувьд, Засгийн газрын тэргүүний хувьд цагдааг хариуцдаг” гэж хэлээд цагдаагийн даргын үүрэг гүйцэтгэгчид “Намын байрнаас бүх цагдааг тат” гэсэн үүргийг миний дэргэд өгсөн шүү дээ. Би үүнд эмзэглэсэн. “Төрийн тэргүүн нь Ерөнхий сайд, хүчний байгууллагынхантай уулзаж байхад тийм огцом шийдвэр гаргасан нь хэр зүйтэй юм бол” гэж. Хамгийн сонирхолтой нь С.Баяр “Цагдааг би мэддэг. Ерөнхий сайдын хувьд, Ч.Амарболд генералд үүрэг өгч байна” гэхэд цаадахь нь “Мэдлээ, гүйцэтгэе” гээд цагдаа нарыг татсан. Тэр үдшийн 21 цаг хагасын үед Ч.Амарболд “МАХН-ын байрыг хамгаалж чадна” гэсэн үгнээсээ гэнэт буцсан нь энэ” хэмээн саяхан мэдэгдлээ. Ингэхдээ тэрбээр бас нэгэн ноцтой явдлыг гэрчилсэн юм.

Экс Ерөнхийлөгч “Онц байдал зарлахгүйгээр байдлыг зохицуулж болох байсан болов уу гэж би боддог” гэмэгцээ “Цагдаагийн хүчийг татсаны дараа хүмүүс намын байр руу дайрч орсон. Бүр шатаасан. С.Баяр над руу өөр хүнээр утасдуулахад тэр хүн нь “Ерөнхийлөгч өө, автоматаар буудаж байна шүү дээ. Та сонсч байна уу” гэсэн” гэв. Тэрбээр энэ үгийг хэлмэгцээ “Тэгэхэд яагаад автомат буугаар буудаж байсан юм. Хэн буудсан юм бэ” хэмээх эзэнгүй асуултын хариуг хэнээс ч юм нэхэх нь тэр. Харин С.Баяр үүнд “Тэр үед юу болсныг Монголын ард түмэн харсан. Хэн өдөөж, хэн өртсөн. Хэн дайрч, хэн дайруулсан. Хэн шатааж, хэн шатсан гээд бүх зүйл тодорхой харагддаг. Гэтэл дайрсан этгээд нь өнөөдөр хохирогч шахам болчихоод чанга, чанга дуугарч, том ам гаргаж, хөмсөг зангидан сагаж явна” гэж Н.Энхбаярыг үймээний талаар гэрчийн үг хэлэхээс өмнө ярьсан нь бий. Гэвч тэрхүү чанга дуугарч, сагаж яваа нөхрийн нэрийг хэлэлгүй орхисон билээ. Магадгүй, тэр эрхмийн нэр ойрмогхон тодорч, Н.Энхбаярт буун дууг утсаар сонсгосон мөнөөх “элч” ямар мэдүүлэг өгөхөөс С.Баярын зүгээс экс Ерөнхийлөгчид өгөх цохилт хэр хүчтэй байх нь шалтгаалах биз.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд асан хоёр эрхмийн нэг, нэгнийхээ эсрэг чиглэсэн дээрх үгс тухайн үед институци хооронд хүчний байгууллагуудын удирдлагын эрхийг гартаа авах гэсэн сөргөлдөөн дээд цэгтээ тулчихсан байсныг гэрчилдэг. Энэ тухай экс Ерөнхийлөгч товч бөгөөд тодорхой тайлбарлалаа. “Үймээн болохоос өмнө Цагдаагийн ерөнхий газрын дарга М.Ганболдыг тухайн үеийн Засгийн газар, Ерөнхий сайд асан С.Баяр ажлаас нь өөрчилсөн. Шүүхийн шийдвэр гарсны дараа түүнд дургүйцэж, гэмт хэрэгтэй тэмцсэнийх нь төлөө тэр хүнийг ажлаас нь халсан. Харин оронд нь Ч.Амарболдыг үүрэг гүйцэтгэгчээр томилсон. Үүрэг гүйцэтгэгч хүн хэзээ ч жинхэнэ даргын хэмжээнд ажиллахгүй. Үймээн гарах үед Ч.Амарболд жинхлээгүй байсан” гэж.

Гэвч Н.Энхбаярын хэлсэн үг “Онц байдал зарлахгүйгээр байдлыг зохицуулж болох байсан юм бол яах гэж Онц байдал зарлаж, мэдээллийн хэрэгслүүдийн амыг барьсан юм бэ. Яагаад Бирм шиг цэргийн дэглэм тогтоох шахав” гэсэн асуултыг араасаа дагууллаа. Түүний бүрдүүлсэн МАХН хэмээх блок Ерөнхийлөгчийн сонгуулийн ялагдлын хариуцлага, хамтарсан Засгийн газар, “Долдугаар сарын 1”-ний үймээн зэрэг ээдрээт асуудлуудаар МАНАН-г саринуулах оролдлого хийж, ард түмнийг өөрсөд рүүгээ далласаар ирэх сонгуулийг угтах нь тодорхой. Онцлог нь С.Баяр “Энхбаяртай” цагаа хэрхэн үргэлжлүүлж, эцэс болгох нь сонирхол татна. Н.Энхбаяр, С.Баяр нарын өөд, өөдөөсөө шидэлцсэн “гал” эцсийн эцэст хэнийг нь “шатаах” нь бүр ч сонирхолтой хэрэг. Экс Ерөнхийлөгч онц байдал тогтоосон буруутнаар тодорч, Ярузельский шиг өтөл болсон хойноо шүүгдэгчийн ширээнд суух уу. Аль эсвэл С.Баярын улс төрийн цагийн зүү өөрийнх нь эсрэг чиглэх үү. Магадгүй, тэр цагт энэ хоёр эрхэм “Би буруугүй. Тэгээд ч надад огцрох албан тушаал байхгүй” гэж суухыг үгүйсгэшгүй. Яг Ливийн удирдагч М.Каддафи шиг. Гэвч одоо биш, хэзээ нэгэн цагт шүү дээ. Учир нь Н.Энхбаяр, С.Баяр хоёрын цаг дуусаагүй байна. Ер нь энэ Н.Энхбаяр гэдэг дамшиг С.Баярт и-мэйл бичсэн болов уу. Монгол хүн байна даа, “Таны бие сайн уу. АНУ-аас хэзээ ирэх вэ“ гээд асуучихаасай билээ.      

С.БАТТУЛГА


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж