“Ф.Шопен ба XXI зууны Монгол” уралдаан эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.02.22-нд нийтлэгдсэн

“Ф.Шопен ба XXI зууны Монгол” уралдаан эхэллээ

Польшийн нэрт хөгжмийн зохиолч Ф.Шопений мэндэлсний 201 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй “Ф.Шопен ба XXI  зууны Монгол” олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар уралдаан өчигдөр нээлтээ хийлээ. Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт өчигдөр нээлтийн концерт болсон бөгөөд энэ үеэр уралдаанд оролцож буй 40 төгөлдөр хуурчид мандатыг нь олголоо.

Уралдаанд Польш, ОХУ, БНСУ, БНАСАУ, Франц, Итали зэрэг улсаас 40 гаруй төгөлдөр хуурч өрсөлдөх бөгөөд  ерөнхий шүүгчээр Польш төдийгүй дэлхийд алдартай төгөлдөр хуурч Карол Радживонович, ОХУ-ын Краснярск хотын Хөгжмийн академийн багш Якобсон, Хөгжим бүжгийн коллежийн профессор, гавьяат багш Ч.Тунгалаг, төгөлдөр хуурын тэнхимийн эрхлэгч Д.Бурмаа, Соёл Урлагийн их сургуулийн багш, төгөлдөр хуурч Ц.Энхтөр нар шүүгчээр ажиллах гэнэ.

Уралдааны нээлтийн концертод Соёл урлагийн их сургуулийн төгөлдөр хуурын тэнхимийн эрхлэгч, төгөлдөр хуурч Ц.Энхтөр Ф.Шопений вальсуудаас, Хөгжим бүжгийн коллежийн төгөлдөр хуурын магистр багш, төгөлдөр хуурч Б.Ариунаа Ф.Шопенийн полонезийг тоглож сонирхуулсан. Харин уралдааны ерөнхий шүүгч Польшийн нэртэй төгөлдөр хуурч Карол Радживонович нэрт хөгжмийн зохиолчийн төгөлдөр хуур найрал хөгжимд зориулсан хоёрдугаар концертыг Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын симфони найрал хөгжимчидтэй хамтран урлагийн гавьяат зүтгэлтэн, удирдаач Н.Туулайхүүгийн удирдлага дор тоглосон нь үзэгчдийг баясгасан.

 “Ф.Шопен ба XXI  зууны Монгол” олон улсын төгөлдөр хуурчдын уралдаан нь энэ сарын 28-ныг хүртэл Хөгжим бүжгийн коллежийн концертын танхимд үргэлжлэх бөгөөд ирэх гуравдугаар сарын 1-нд Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт гала тоглолтоо хийх юм.

М.Урин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж