С.Батболд: Хариуцлагагүй гишүүдэд хариуцлага тооцно

Хуучирсан мэдээ: 2010.04.08-нд нийтлэгдсэн

С.Батболд: Хариуцлагагүй гишүүдэд хариуцлага тооцно

МАХН-ын дарга, Ерөнхий сайд С.Батболд улс төрийн илтгэл тавьж дууссаны дараа намын дотоод асуудал хэлэлцэхээр болж МАХН-ын бага хурлыг хаалттай үргэлжлүүлэхээр боллоо. МАХН-ын дарга С.Батболдын улс төрийн илтгэлд дурдсанаар бол тус нам “Ходоод хагаравч тогоондоо” гэсэн зарчмаар ажиллахаар болжээ.Намын гишүүдийнхээ сахилга дэг журамд цаашид анхааран ажиллах бөгөөд зөрчил, санал зөрөлдөөн зэргээ намынхаа дотоодод шийдвэрлэж байх юм байна. Намын нэрээр албан тушаалд очиж итгэл хүлээсэн ч хариуцлага алдсан, ёс зүйн алдаа гаргасан, сахилга дэг журам зөрчсөн гишүүдэд улс төрийн итгэл үзүүлэхгүй, албан тушаалд дэвшүүлэхгүй, улс төрийн сонгуульд нэр дэвшүүлэхгүй байхаар болсныг МАХН-ын шинэ дарга хэллээ. Намын мөрийн хөтөлбөрөө биелүүлдэггүй хүмүүст ч хариуцлага тооцох юм байна. МАХН-ын нэр хүндэд сэв суулгасан, сонгуульд ялахын тулд намынхаа дотоодод мөнгө тараадаг, намын нэр хүндэд харшлах мэдээлэл тараадаг зэрэг байдалд ч хариуцлага хүлээлгэх юм байна. Хувийн эрх ашгаа намынхаас дээгүүрт тавьж болохгүйг МАХН-ын дарга С.Батболд хэллээ. Бодлогын сахилгыг чанд сахих нь чухал, энэ нь гишүүдийн эрхийг зөрчсөн хэрэг биш гэж тэрбээр хэллээ. 2011 онд МАХН-ын 90 жилийн ой тохионо. Үүнээс өмнө намын шинэ байраа ашиглалтад оруулах бөгөөд “Тусгаар тогтнолын цагаан ордон” хэмээн нэрлэхээр болсон байна. Мөн монголчууд монголчуудаа хүчирхийлэлд дуудах бус хүчээ нэгтгэж “Эвт шаазгай буга барина” гэсэн зарчмаар ажиллахыг уриалав. Одоо бага хурлын хуралдаан хаалттай үргэлжилж байна.  
    
Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж