Хятад банкны хямралаас айхгүй

Хуучирсан мэдээ: 2011.03.10-нд нийтлэгдсэн

Хятад банкны хямралаас айхгүй

Хятадын  банкууд сүүлийн хоёр жилийн хугацаанд төрөөс явуулж буй зээлийн тэлэлтийн үр дагавар  банкны хямрал авчирна гэдгээс эмээхгүй байгаа аж. Гадны зарим ажиглагчид хэдэн жилийн дараа Хятадад санхүүгийн хямрал бий болно гэж таамаглаж байна. Учир нь найдваргүй зээлийн хэмжээ их байх тусам банкны салбарын үйл ажиллагаа хумигдана гэсэн таамаг байгаа юм. Хятадын банкууд сүүлийн хоёр жилийн хугацаанд 17,500 тэрбум юаний зээл олгосон нь 2008 оныхтой харьцуулахад 4.500 тэрбумаар илүү байгаа юм. Бээжин дэлхийн эдийн засгийн хямралыг даван туулахын тулд зээлийн нээлттэй бодлого хэрэгжүүлж, дэд бүтэц, үйлдвэрлэлийг дэмжсэн билээ.

Дээрх зээлийн ихэнх хувь үл хөдлөх хөрөнгө болон орон нутгийн дэд бүтцийг хөгжүүлэх төсөлд зарцуулагджээ. Ажиглагчид төдийгүй хятадын зарим банкирууд баруун солгойгүй өгч буй зээл инфляцийг хөөрөгдүүлж, найдваргүй зээлийн хэмжээг ихэсгэнэ гэж үзэж байсан юм.

Гэсэн ч Хятадын банкуудад зээлийн хэмжээ өсөх хандлагатай байгаа бөгөөд найдваргүй зээлийн хэмжээ их биш байгаа гэнэ. 

Хятадын банкууд урьд хожид ийм их хэмжээний зээл олгож байгаагүй ч Бээжин ирэх жилүүдэд эдийн засаг нь тогтвортой, хурдацтай өснө гэдэгт итгэлтэй байна.

Сүүлийн жилүүдэд Хятадын банкууд иргэдэд орон сууц болон машин авахад нь зориулж зээл олгож байсан нь банкны салбарын эрсдэлийг бууруулсан юм.

Банкны зээлийн бодлого өр тавьсан л бол заавал төлөх ёстой гэдэг яс маханд нь шингэсэн үзэлд найдсан нь оносон гэж ажиглагчид үзэж байна.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж