Урлаг судлаачид энэхүү дуурийн хөгжмийн талаар маш зоригтой алхам хийсэн гайхамшигтай хөгжимтэй гэдэг. Монголын гэлтгүй гадаадын урлаг судлаачид “Ламбугайн нулимс” дуурийг үзээд биширдэг. Иймээс ч Монголын анхны дэлхийн хэмжээний мэргэжлийн төвшинд бичигдсэн дуурь гэдэг. Энэ талаар Х.Билэгжаргал агсны гэргий О.Туяа “Би одоо "Ламбугайн нулимс" дуурийг тоглох болгонд нь очиж сонсдог. Нэг гэр бүлийн хоёр гэдэг чинь бас нэг сайдаж муудах үе гарна л даа. "Ламбугайн нулимс" дуурийг нь сонсчихсон үедээ бол ямар ч байсан хэд хоногтоо хайлсан тугалга шиг болно. Үнэхээр гайхамшигтай дуурь. Ийм гайхамшигтай зүйлийг бүтээчихсэн хүний хажууд би байж байна гэж үү гэж бодоход бараг итгэмээргүй байдаг” гэж хэлж байсан удаатай.
Сонирхуулахад ирэх тавдугаар сард тоглох шинэчилсэн “Ламбугайн нулимс” дуурийг найруулагч Л.Эрдэнэбулган найруулж байгаа гэнэ.