Өмнөговьд хийсэн шинжилгээний дүн гараагүй

Хуучирсан мэдээ: 2011.03.10-нд нийтлэгдсэн

Өмнөговьд хийсэн шинжилгээний дүн гараагүй

2008 онд БОАЖЯ-ны хийсэн судалгаагаар Өмнөговь, төв зэрэг 11 аймгийн 36 суманд цианит натри, мөнгөн ус тархаж 53,5 га талбайд химийн бодис тархсан байсныг тогтоожээ. Одоогоос гурван жилийн өмнө. Гэтэл сүүлийн гурван жил алт олборлох, уул уурхайн компаний тоо улам ч эрчимтэйгээр нэмэгдэж байгаа. Өнгөрсөн онд Дархан-уул аймгийн Хонгор, Төв аймгийн Жаргалант, Борнуур, Баянхонгор аймгийн Баян-овоо, Өмнөговь аймагт мөнгөн ус хэрэглэн хувиараа алт олборлодог нийт 352 хүнийг хамруулан шинжилгээ хийсэн байна. Үүнээс 25 хувь нь мөнгөн усны II түвшин буюу хөнгөн хэлбэрийн, зургаан хувь нь  III буюу аюултай түвшний хордлоготой гарчээ. Өмнөговь аймагт ургийн гаж хөгжил, төрөлт нэмэгдэж байгаа. Энэ нь мөнгөн ус, цианит натригаас болсон эсэхийг тодруулахаар тус аймгийн таван суманд Эрүүл мэндийн яамнаас судалгааны баг гаран ажиллаж байна. Энэ талаар Эрүүл мэндийн яамны мэргэжилтэн Б.Цэцэгсайханаас тодрууллаа.

-Өмнөговьд хийсэн шалгалт дууссан, найман суманд мөнгөн ус илэрсэн гэдэг үнэн үү?

-Уул уурхайн болон алт олбор­лодог олон компани Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулдаг. Тиймээс тус аймгийн 0-5 насны хүүхдүүд болон эхчүүдийн дунд мөнгөн усны нөлөөллийг судлах зорилгоор Даланзадгад, Манлай, Цогт-овоо, Хүрмэн, Ханбогд сумдад хүн амын эрүүл мэндэд нөлөөлөх  түвшинг нарийвчлан судлах, нөхөн үржихүй болон хүүхдийн оюун ухааны хөгжлийн байдалтай уялдуулан судалж, хүний цус, шээс,үсэнд мөнгөн ус тодорхойлох, генетикийн шинжилгээг хийх зорилгоор ЭМЯ-ны эмч нар ажиллаж байгаа.  Эдгээр эмч нар мөнгөн ус, цианит натри байгаа эсэхийг биш, хүмүүс эдгээр бодисоос хордож байгаа үгүйг судлахын тулд цус, шээс болон холбогдох шинжилгээг авч Улаанбаатарт авчирч хийх юм. Одоогоор тодорхой хариу өгөх боломжгүй. Шинжилгээг энд авчирч хийснээр тухайн аймгийн иргэд химийн бодисонд хордсон үгүйг шалгана. Одоогоор таван сумын сүүлийн сум болох Манлай суманд ажиллаж байна гэсэн мэдээлэл ирсэн. Хэвлэлээр гарсан мэдээдэл буруу гэдгийг хэлмээр байна.

-Уул уурхайн болон химийн хорт бодисоос болж гаж төрөлт, гаж хөгжил бий болж байгаа. Мөнгөн ус гаж төрөлтөд нөлөөлж байгаа гэж болох уу?

-Уул уурхай, үйлдвэрийн үйл ажиллагааны улмаас хүн органик бус мөнгөн усны нөлөөлөлд өртөх бөгөөд хүний цусанд шимэгдэж бөөр, нөхөн үржихүй, мэдрэлийн тогтолцоонд хортойгоор нөлөөлдөг. Мөн жирэмсэн эмэгтэйчүүд метил, мөнгөн уснаас хордсон тохиолдолд ургийн мэдрэлийн  тогтолцооны  эрхтэнүүд гаж хөгжил үүсгэх төдийгүй ургийн амь нас эрсдэх тохиолдол ч байдаг гэсэн олон улсын судалгаа байдаг. 2008 онд БОАЖЯ-ны хийсэн судалгаагаар Өмнөговь, Төв зэрэг 11 аймгийн 36 суманд цианит натри, мөнгөн ус тархаж 53,5 га талбайд химийн бодис тархсанийг тогтоож тархалтыг зогсоох саармагжуулалт хийсэн.

-Манай улс багаж төхөөрөмжийн хувьд учир дутагдалтай байдаг. Хөрс болон хүний биеэс хүнд металын бодис илрүүлэх боломж бий юу?

-Өнгөрсөн 2009 онд ген, химийн хор судлалын төвийг байгуулсан. Энэ хор судлалын боловсон хүчнийг ОХУ, Япон, Израйл, Тайланд улсад сургаж, мэргэжил дээшлүүлсэн. Мөн мөнгөн усны анализатор, тоног төхөөрөмж авч хүний биологийн сорьцонд мөнгөн ус тодорхойлох мэргэжлийн боловсон хүчин, тоног төхөөрөмжтэй болсон.

-Хонгор сумын иргэд нь малаас нь үсгүй төл гарч, эхээс нь эмгэгтэй хүүхэд гарч байхад Хонгорын хордлогыг нуугаад байна гэсэн хардлага олны дунд үлдсэн?
-Хонгор суманд 2007 онд “Мич” компани алт олборлохдоо мөнгөн ус, цианит натри хэрэглэж ундны усны эх үүсвэрт орсоноор 560 метр куб хөрс, ус агаар бохирдсон. Үүнийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Дэлхийн хүнс хөдөө аж ахуйн байгууллагын итгэмжлэгдсэн лабораториудад шинжилснээр хаягдал ус болон хөрсөнд хүнцэл, хар тугалга, хром, кадьми, бор зэрэг хүнд металууд илэрсэн.  Байгаль орчны хувьд зөвшөөрөгдөх хэмжээнээс их байсан. Харин тус сумын иргэдээс цус, шээс, үснээс шинжилгээ авч АНУ, ОХУ болон Канадын судалгааны төвийн дүнгээр эдгээр химийн бодисын нөлөөлөлд хүн амын эрүүл мэнд өртөөгүй болохыг тогтоосон.  Тиймээс Хонгор сумын иргэдийн хордсоныг нуух шаардлага байхгүй. Эдгээр олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн судалгааны төвийн мэдээллийг бид олон нийтэд ил тодоор зарласан. Энэ асуудалд арай өөр санаагаар хандаад байна. Улс төрийн зорилгоор иргэдэд буруу ташаа ойлголт төрүүлээд байна гэсэн бодол байдаг юм.

Ш.Чимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж