Ховор юм үнэтэй байдаг. Үнэтэй бүхнийг үзэх хүсэл төрдөг. Ховор хүний сэтгэлийг уудлах хүсэл сэтгүүлчийн сониуч занг дандаа хатгадаг. Сайн барилга барина гэвэл сайн материалаар сайн суурь тавих учиртай. Эх нь ямар байвал адаг нь тийм байдаг жамтай. Ховор хүний сэтгэлд хүрэхийн тулд хүүхэд насны гэгээн дурдатгалаас нь эхлэхийг хичээлээ. Хүүхдийг танигдашгүй, таагдашгүй ертөнц гэж үздэг. Гэвч тэр хэн болохыг бага насных нь амьдрал хэлээд өгдөг. Түүний бага нас ч мэдээж ховорхон дүр төрхөөсөө ангид байгаагүй биз. Хол хоцорсон бага насныхаа дурдатгалын архиваа уудална уу хэмээн ховор хүнд анхны асуултаа тавив.
…Би Баянхонгор хэмээн хэлэхэд тагнайд таана амтагдах, сонсоход уянгын эгшиглэн хангинах мэт болдог тал хээр нутгийн унаган хүү. Хөдөөгийн жирийн нэгэн сэхээтний гэр бүлд мэндэлсэн. Аав минь модон сампингийн эрх элэгдтэл гүйлгэж аж амьдралаа залгуулж явсан ясны нягтлан бодогч. Тэр олон жил тооцоо бүртгэлийн ажил эрхлэхдээ ганц улаан мөнгөний зөрүүгүй ажилласан, үнэний туйл болсон хүн. Ээж минь бол аавын минь халаагүй халамжлагч, төрүүлж өсгөсөн хэдэн үр хүүхдүүдийнхээ төлөө зүрхээ сугалж тавихаас буцахгүй нялх хайраар өлгийдсөн эгэл бор ажилчин хүн. Миний бага нас агаарын сайхан хөдөөд өнгөрсөн. Их ажигламтгай, юмны учрыг олохыг боддог, эмнэлэг, эмнэлгийн ажилтны тухай бичсэн өгүүлэл, тууж, эсээ унших дуртай, анагаах ухааны чиглэлийн материалыг сэтгүүл, ном, сонингоос цуглуулдаг, орчуулдаг, эмхтгээд ном болгож хавтаслан хадгалдаг байлаа. Юм юманд санаа зовомтгой, их өрөвчхөн, бас тусархаг, найз нараараа тоглох дуртай хүүхэд байсан. Асуудалд шударга ханддаг, эс зөвшөөрвөл нэлээд зөрүүд, хэдэр зантай.
Сэтгүүлчийн бодол
1984 оны хавар. Баянхонгор аймгийн Баян-Өндөр суманд сурвалжлах ажлаар явж байв. Хонины захад эмээлтэй хээр морь дэгийтэл зогсоно. Нэг хонь хургалахаар дүлж, дэргэд нь залуу хүн хурганы уут дэргэдээ тавьчихсан царцсан тосон балаа гарын алгандаа үрж дэвтэр дээр юм тэмдэглэж сууна. Сумын малын их эмч залуу хонь төллөх явцыг дэс дараагаар нь цаг хугацаатай тэмдэглэж суугаа нь тэр гэнэ. Хавсарга шуурганд осгож унахын наахнуур хонь төллөхийг харах гэж ингэж явах гэж дээ гэсэн юм бодогдож байв. Тэгтэл малын эмч залууг гайхаж халагласан шивнээ үг сумаас аймагт хурлын зар шиг л түгэв. Юу гэвэл өнөөх Баян-Өндөрийн эмч чинь хачин хүн гэнээ. Мал нядалгааны үеийн шүлс хаях завгүй их өдрүүдэд нядалгааны малын хээл цуглуулаад түүнийгээ түүхий өндөг шиг хайрлаж нандигнан мал эмнэлгийн байшинд хадгалаад өнөөх хээлийнхээ усыг нь хагалж бас дурандаж бичээд суучих юм гэнэ. Малын хээлээр тэр яадаг байнаа. Нэг юм ажиглаж харахаараа учрыг нь олох гэж хоол унд, унтах нойроо умартан түүнийхээ араас хөөцөлдөөд нойтон хамуу шиг салахгүй юм гэнэ. Тэр ер нь жаахан “юмтай дагаа” гэх. Зав зай гарвал хүний эмнэлгээс салахгүй, эмч нарын унааны муу, газрын холд халшраад явах дургүй дуудлаганд тэнгэрийн хаяанд байсан ч “Би явъя. Та нар надад зөвлөгөө өг” гээд, Идрэнгийн нуруу руу өвлийн жавар сөрөөд тэмээтэй гүйлгэж гэнэ. Энэ мэт эгэл бус залууг тойрсон яриа газар авч байв. Бас малчны хотонд ч дандаа цагаан цамцтай ажилладаг эмч залуу манай сумын ямаанаас салдаггүй байсан халдварт сохор догол, хар дэлэнтэх өвчнийг устгаж чадсан шүү хэмээн Баян-Өндрийн малчид эмчээрээ бахархана. Юуны учир яах л гэж тийнхүү олны хэл амны загатнаа гаргаж явсан юм бол доо. Олны яриа ортой гэдэг дээ. Гэхдээ үнэн худлыг өөрөөр нь хэлүүлье.
Ховор хүний сонирхол
Миний туйлын хүслэн хүний эмч болох байв. Тэр жилийн хавар аравдугаар ангиа дүүргээд Анагаахын дээд сургуульд орно доо гэж сэтгэл хөөрч явав. Би сурлагаар чамбай, нямбай хүүхдийн тоонд ордог байсан болохоор хуваарь олдоно гэдэгт итгэлтэй байлаа. Тэгтэл анагаахын хуваарийг аав, ээжийнхээ буянаар надаас доогуур оноотой хүүхдүүд авчихав. Танил талгүй, татах хүчгүй хөөрхий би яахсан билээ. Тэгээд малын эмчийн сургуульд оров. Малын эмч болсондоо би харамсдаггүй. Гэтэл “Хүний эмч зөвхөн хүнийг, малын эмч хүн төрөлхтнийг эмчилдэг” И.П.Павлов гэж бичсэн самбар манай сургуулийн өмнө байлаа. Энэ үг надад ямагт урам хайрладаг байв. Хүний эмчийн мэргэжил хэзээ нэгэн цагт эзэмшинэ гэсэн бодол миний сэтгэлээс нэг мөч ч холдоогүй сүүдэр мэт дагаж явсан. Би хүн эмнэлгийн зохих мэдлэг дадлага хоног, хоногоор, он жилүүдээр хуримтлуулж байв. Сумын хүний эмчийн заавар зөвлөгөө аваад хамгийн холын дуудлаганд уулзаагүй удсан ээждээ очих мэт догдлон, довтлон явдаг байлаа. Аймагт өвчтөн хүргэх гэж бас нэг ажил байх. Хүний эмч нар зав зайгүй бол би бололцоо гаргаж бас өвчтөн аваад аймаг явна. Замдаа өвчтөнд эмчийн зааснаар эмчилгээ хийнэ. Ингэж явах бол миний хамгийн дуртай ажил байлаа. Таны яриад байгаа хээл цуглуулахын хувьд бол өөрийн гэсэн бодолтой байсан. Аливаа юмны мөн чанарыг танихын тулд судалгаа шинжилгээ хийх явдал чухал. Би цуглуулсан хээлээ хэд хоногтой ураг болох, хэд хоногтоо үс нь яаж ургав, зүс, эрхтэн тогтолцоо нь хэрхэн өөрчлөгдөв, ургийн ус юунд хэрэгтэй болох гээд анатоми болон физиологийн судалгаа хийдэг байсан. Надад хэзээ хаана чөлөөт цаг гарч уйдаж уйтгарлаж байснаа би санадаггүй юм.
Сэтгүүлчийн олзуурхал
Үнэнийг хэлэхэд малын эмч нар амархан хөдөөшдөг. Ажил амьдрал нь мал, малчдын дунд байдаг болохоор тэр бизээ. Хөдөөгийн малчин, малын эмч хоёрыг ялгаж танихад амаргүй. Нэгэнт хөдөө “хаягдсан” малын эмч бол тэндээс оргож босоод ч холдож салж чадахгүй. Тийм тогтолцоо өмнөх нийгэмд үйлчилж байлаа. Ховор хүн маань тийнхүү хөдөөгийн сайханд “хаягдсан” нэгэн гэхэд гайхалтгүй. Тэр өмнөд хязгаарын сумаас умард хязгаарын суманд шилжсэн нь аймагт ойртсон хожоотой томилолт байлаа. Сумын малын эмч нараас суга дэвшиж, дулаан конторт тухалж суусан нь бас ховор. Тогтвор суурьшилтай сайн ажиллах боломж олгож байна гээд тэнд хадчихна. Гэтэл ховор хүнийг нэг нартай сайхан өдөр Монгол Улсын Мал аж ахуйн хүрээлэн хэмээх эрдмийн их өргөөнд ирж ажиллаач гэж санал иржээ. Буйдхан хөдөөгөөс бүр аймаг алгасаж эх орныхоо нийслэлд уригдаж очно гэдэг бас л нэг ховор юмны нэг. Мал аж ахуйн хүрээлэн дэлхийн шинжлэх ухааны тэргүүлэх чиглэлийн нэг биотехнологийн сэдвээр ажиллуулах мэргэжилтэн хайж л дээ. Тэгтэл хүрээлэнгийн эрдэмтэн их мэргэдийн анхаарлыг цэргийн албаа хааж байгаа хөдөөгийн ховор хүн татсан байх юм. Сумын малын эмч суурин соёл иргэншилтэй эрдэмтэн мэргэдийн таалалд нийцсэн нь бас л нэг тайлагдашгүй оньсого мэт ховор юмны нэг.
Ховор хүний холын бодол
Би оюутан байх цагаасаа эрдэмтэн багш нартаа танигдсандаа баярлаж явдаг. Хөдөө аж ахуйн дээд сургууль хэмээх их эрдмийн өргөөнд номын мэргэдээр оюунаа цэнэглүүлж явсан азтай мөчийг хэзээ ч үл мартана. Профессор Ц.Жамъянжав, А.Содномдаржаа, Төрийн шагналт, Шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн, Академич М.Төмөржав, Төрийн шагналт, профессор Б.Яринпил, Н.Эрдэнэцогт, Малын гавъяат эмч М.Занаа, дэд эрдэмтэн Д.Намсрайжав, доцент С.Доржпүрэв, И.Ишээ, П.Бор гээд дуудах нэр нь хүртэл эх орон даяар алдаршсан мэргэд байлаа. Эрмэг, зоримог, омголон идэр насны залуус бидэнд эрдэм амлуулж даль ургуулж өгөөд “Одоо хаашаа нисэхээ өөрсдөө шийд” гээд үдэж гаргасан. Бид тэднийхээ заасан чигээр нь баримжаалж явсан. 1988 оны наймдугаар сар. Номч мэргэн багш Монгол улсын гавъяат мал зүйч, Доктор, профессор Д.Больхорлоо намайг унаган шавиараа сонгон цэргийн хугацаат албанаас чөлөөлүүлж, Мал аж ахуйн хүрээлэнгийн үржлийн биологийн секторт эрдэм шинжилгээний туслах ажилтнаар авснаар Монгол улсад анх малын үр хөврөл шилжүүлэн суулгах эрдэм судлалын ажил эхэлсэн юм. Ингэж малын нөхөн үржихүйн судалгаа шинжилгээний ажил эрхлэх болов. Би энэ эрдмийн хүрээлэндээ идэвхтэн ажилтнаас туслах, ахлах, тэргүүлэх эрдэм шинжилгээний ажилтан, төслийн удирдагч, лаборатори, эрдэм шинжилгээний нэгдсэн лаборатори, тасаг, салбарын эрхлэгчээр өдгөө хүртэл ажиллаж байна.
Сэтгүүлчийн гайхашрал
Хуучин танилын хувьд төдийгүй түүнийг ховор хүн гэж бодож явдаг болохоор хаана юу хийж яваа сураг сонсч байв. Гэтэл хөдөөнөөс хотод ирээд тавхан жилийн дараа дэд доктор, дахиад таван жилийн дараа шинжлэх ухааны доктор, дахиад таван жилийн дараа Төрийн шагнал хүртэж, нэг хэсэгтээ хэвлэл мэдээллийнхэний анхааралд өртөж “од” болов. 15-хан жилийн дотор нэгэн биед ахадмаар ажлын ачаалал үүрсэн он жилүүд эрдмийн бүтээлийг нь үнэлсэн цаг үе байв. Ганцдахгүй ганц жишээ хэлэхэд л уншигч та ховор хүний ажил амьдралыг улам илүү сонирхох болно. Ховор хүн биотехнологийн аргаар гаргаж авсан хонины хурга нь 5-6 сартайдаа 55-6О кг жин татдаг байна. Тэр үед нас бие гүйцсэн эм хонийг 6О кг жинд хүргэж таргалуулсан малчин аваргын барианд хүрдэг байсан юм. Тиймээс өөрийг нь сонсоьё
Хорвор хүний зүтгэл
Баянхонгортоо зургаан жил ажиллаж, нэг жил цэргийн алба хаагаад Мал аж ахуйн хүрээлэнд ирсэн. Монголд анх0 удаа ямааны үр хөврөлийг шилжүүлэн суулгах биотехнологийн арга судалгааны ажлаараа 1994 онд Мал эмнэлгийн ухааны дэд докторын, 1999 онд Биологийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан. 2ООО онд дэд профессор, 2ОО4 онд профессор цол хүртсэн. Малын үр хөврөлийг -196 хэмийн нөхцөлд гүн хөлдөөж, нөөцлөх, шилжүүлэн суулгах аргаар бүтээмж ихтэй малын үржлийн цөм сүрэг бий болгох, удмын санг богино хугацаанд баяжуулж, хөлдөөж хадгалах болсноор үржлийн үнэт материалыг дотоод, гадаадад солилцох, мал эмнэлгийн хорио цээр, ариун цэврийн шаардлагын түвшинд хүргэсэн. Ялангуяа байгалийн гамшиг ихэссэн өнөө үед шилмэл малын үр хөврөлийг шилэн гуурсанд хадгалж, шаардлагатай үед өсгөж олшруулах боломжтойг практик амьдралд нотолсон. Монгол ямааны биотехнологи, сонгон үржүүлгийн удамзүй, мэдээллийн технологийн иж бүрдэл арга “Шилмэл ямаа сонгон үржүүлэх шинэ технологи”-ийг зохион бүтээж, үйлдвэрлэлд нэвтрүүлсэн нь үр өгөөжөө өгч 2003 онд Монгол улсын Төрийн шагнал хүртсэн.
Алгын чинээ цаасан дээр бичсэн сайшаалын үнэмлэх ч хийсэн хөдөлмөрийг минь үнэлсний гэрч болж үлдэнэ. Мэдээж шагнал урамшил их ч бай бага ч бай хүнд урам зориг өгдөг. Хүнд урам хайрлахаас эрхэм юу байхсан билээ.
СЭТГҮҮЛЧИЙН БИШРЭЛ
Ховор хүн маань Англи, Шинэ Зеланд, БНАСАУ, Автрали, Словак, АНУ-д уригдан ажиллаж байжээ. Дэлхийн хөгжилтэй орнууд яахлаараа Монголын малын эгэл эмчийг залдаг байна гэсэн хачин сэтгэгдэл төрөв. Монголын малын эмчийн чаддаг зүйлийг чаддаггүй учраас гэж товчхон хариулахад хилсдэхгүй. Зөвхөн АНУ-д уригдан ажилласан гуравхан сарын дотор үр хөврөлийг гүн хөлдөөж нөөцлөн нэн ховордож байгаа амьтан, шилмэл хонины генийн санг баяжуулж, 4ООО цагаан сүүлт буга, 9ОО тээгч хонины сав дотор дурангийн аргаар үр, хөврөл шилжүүлжээ. Түүний АНУ-д хийсэн ажил Монгол Улсын мал аж ахуйд 1О-12 жил хийж гүйцэтгэх хэмжээний ажил байв. АНУ-ын тэргүүлэх эрдэмтэн ховор хүний тухай “Тэр Монгол улсад төдийгүй олон улсын түвшинд бэлтгэгдсэн, нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн шилдэг мэс засалч , мэргэжилтэн” гэжээ. Монголын тал нутгийн малын эмчийг ингэж үнэлнэ гэдэг эх орны минь оюуны салбарт өгсөн том үнэлгээ. Үүний тулд түүнийг эх орон нь дэлхийн аваргын титэм авсантай дүйхүйц үнэлж яагаад болохгүй гэж. Гэвч ховор хүн маань дэндүү даруухан хүн.
Тэр 1988 оноос эхэлж хүн ба малын биологи, нөхөн үржихүйн онолыг судалж практикт хэрэгжүүлсэн. Ний нуугүй ярихад манай ихэнх эрдэмтдийн диссертаци нь хамгаалсны дараа шүүгээнд өтөлдөг шүү дээ. Гэтэл ховор хүний маань бүтээл цаг үедээ үр дүнгээ өгч дэлхийн гайхамшигт амжилтад хүрэв. Өсвөр ямааны ноолуурын гарц 35,9 хувиар нэмэгдэж, 3,9 хувиар нарийсч, амьдын жин нь 15 хувиар дээшилсэн байна. Эдүгээ нэгэнт 48 донор ямааны 620, хонины 1150, үхрийн 30 ширхэг гүн хөлдөөсөн үр хөврөл, 5000 тун шилмэл малын генийн сантай болж ус ууж өвс иддэггүй, гамшигт өртдөггүй хэрэгцээт цаг үедээ өсөн үржих сүрэг бүрдүүлжээ.
Бас нэгэн ховор баримт хэлье. Хөврөл шилжүүлэн суулгах цогцолбор арга, технологи нь бүтээмж ихтэй шилмэл малаас жилд олон төл авах өргөн боломжийг анх удаа монгол сүрэгт бүрдүүлж өгчээ. Энэ бол ховор хүний хийсэн эрдэм шинжилгээний ажлын үр дүн билээ. Үржүүлгийн хугацаанд нэг ямаанаас 5-6 ишиг бойжуулдаг бол донорын үр хөврөлийг тээгч ямааны саванд шилжүүлэн суулгах аргаар гойд ашиг шимтэй нэг ямаанаас 55-72 ишиг үржлийн жилд авч чаджээ. Олон орны эрдэмтэд түүнийг тоож байна гэдэг Монгол орны оюуны ертөнцөд байгуулсан гавьяа билээ. Бид даанч оюуны ололтыг үл тоогчид юм даа. Өнөөдөр бол Монголд нээлт хийсэн оюуны бүтээлийг биш нохойн зодооныг илүү сонирхож, илүү үнэлдэг билээ. Оюуны хоосрол оо гэж, ай хөөрхий.
ХОВОР ХҮНИЙ ӨЧИЛ
Олон оронд урилгаар очиж цөөн хоногоор ажиллаж байлаа. Тэд намайг амруулах гэж уриагүй нь лавтай. Биотехнологийн шинжлэх ухааны ололт амжилт эрдэмтэн мэргэдийн анхаарал татсан чухал асуудал гэдгийн нэг гэрч нь гэвэл зохино. Миний хийсэн ажил шинжлэх ухааныг шууд үйлдвэрлэл болгоход түлхэцтэй байснаас, мал амьтны нөхөн үржихүй, биологийн асар их нөөц чадавхийг богино хугацаанд ашиглах боломжтойг нээж, хэрэглэх арга, технологийг боловсронгуй болгосон, ажиллах горим, түүний дамжлагын тоог цөөлсөн, техник ажиллагааны өвөрмөц хувилбар гаргасан, мэс заслын ажилбарын ур чадварын арга, барил тэдэнд үнэлэгдсэн болов уу. Гадны хүний нэг яриа байдаг даа. Монгол хүн аливаа зүйлийг хийвэл дараа нь шинэ аргаар боловсронгуй, улам өндөр бүтээмжтэй шийдэл гаргачихдаг гэж. Энэ чанарууд монгол хүн бүрт хадгалагдан байдаг гэж би боддог. Хамгийн чухал нь өөрийгөө нээх явдал.
СЭТГҮҮЛЧИЙН ЭРГЭЛЗЭЭ
Ховор хүнийг маань Монгол улсын Төрийн шагналт, ШУА-ийн Биологийн Бага чуулганы гишүүн, ХААШУА-ийн гишүүн, академич, Шинжлэх ухааны доктор, профессор, малын их эмч, хүний их эмч Нянцаннямын Алтанхуяг гэх. Эндээс бас л нэг ховор юм сонсогдов. Юу гэвэл хүний их эмч гэсэн үг анхаарал татав. Малын эмч яахлаараа хүний их эмч болдог байна гэж санав. Бас мөнгөтэй хүн мэргэжлийн диплом худалдан авдаг болсон цөвүүн цаг. Ямарч мэргэжлийн диплом худалдаж авч болдог юм гэхэд хүний их эмчийн диплом худалдаж авна гэдэг гэмт хэрэг гэсэн үг. Анагаахын дээд сургуульд эчнээ сургалт ч гэж байхгүй. Хүний алтан амь аврах мэргэжлийг хэн нэгэнд бэлэглэж яахан болно гэж эргэлзэв. Тэгтэл Алтанхуяг маань Москвагийн Анагаах ухааны Академийн Эх барих, эмэгтэйчүүд, пренатологийн эрдэм шинжилгээний төв, Казакстан Улсын Эх нялхсын эрдэм шинжилгээний төв болон Тайланд улсын Биотехнологийн Үндэсний төвийн дамжаанд сууж мэргэжил дээшлүүлсэн байх юм. Баттай эх сурвалжаас авсан мэдээллээр бол малын их эмч Н.Алтанхуяг ямаа ихэрлүүлж байсан бол одоо хүний их эмч болоод хүүхдийн хүслэн болон гадаад дотоодгүй явж үр заяагаагүй хэд хэдэн эмэгтэйг үртэй болгож заримд нь гурван ихэр хүүхэд тэврүүлсэн. Одоо “Сугар Эрдэнэ” эмэгтэйчүүдийн хувийн эмнэлэгтэй.
ХОВОР ХҮНИЙ ХОС МЭРГЭЖИЛ
Би дээр хэлсэндээ. Миний насны хүслэн бол хүний их эмч болох. Би хүслээ хэрэгжүүлэхийн тулд ямар ч саад бэрхшээлийн өмнө шантраагүй. “Ач” Анагаах ухааны дээд сургууль зургаан жилийн сургалттай. Би тэр сургуулийн гуравдугаар курсээс нь өдрийн ангид орж суралцаад дөрвөн жил оюутны ном чихсэн цүнх үүрч сургууль, ажил, эмнэлэг, гэр дөрвийн дунд анагаахын шинжлэх ухааны их далайгаас эрдмийн шим савныхаа хирээр хүртсэн. Надад ямар ч хөнгөлөлт байгаагүй. Харин өөрийнхөө мэддэг чаддагаас ялангуяа орос, англи хэлний талаар ангийнхаа оюутнуудад нэмэр нөлөө болж явсан гэж санадаг. Би анагаах ухааны “Амьд бурхадууд” гэж олноо хайрлан хүндлэгддэг, алдарт буурал багш нар, эрдэмтэн мэргэд, тэдний үе үеийн шавь хамгийн шилдэг багш нараар анагаахын их эрдмийг заалгасандаа бахархаж явдаг. Хос мэргэжил эзэмших өргөн боломжийг Монгол оронд өрнөсөн ардчилсан хувьсгалын ач нөлөө, яах аргагүй миний хүсэл мөрөөдөл байсан. Цаг хугацаа намайг шалгах байх гээд яриагаа өндөрлөж, ажилдаа яаран орлоо.
Их ажилтай эрдэмтэн. Түүнд цаг үнэхээр үнэтэй аж. Нянцаннямын Алтанхуяг ийм л бүтээлч, идэвхтэй бас шударга залуу.