Хуваагдсан намууд нэгдэж эхлэв

Хуучирсан мэдээ: 2011.03.10-нд нийтлэгдсэн

Хуваагдсан намууд нэгдэж эхлэв

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Ардчилсан нам өнгөрсөн нэг жил орчмын хугацаанд хоёр хуваагдан тусдаа үйл ажиллагаа явуулж байсан юм. Харин тэд өнгөрсөн хугацаанд хоёр талаас удаа дараа уулзалт зохион байгуулснаар нэгдэх саналд хүрчээ. Баянзүрх дүүргийн Ардчилсан намын даргаар Д.Пүрэвдагва , дэд даргаар С.Зоригтбаатар нар ажиллах болсон байна. Энэ тухайгаа өчигдөр тэд хэвлэлийн бага хурал зарлаж, мэдэгдлээ. Хэвлэлийн бага хуралд нийс­­лэлийн Ардчилсан намын дарга Ш.Түвдэндорж мөн оролцож, Баянзүрх дүүргийн Ардчилсан нам­ын дарга Д.Пүрэвдагвад тамгыг нь гардуулан өгсөн юм. Энэ үеэр бид тэд­нээс дараах асуултад хариулт авлаа.

-Нийслэлийн Ардчилсан намын даргаар томилогдсон үеэс хагарч бутарсан намын анхан шатны нэгжүүдийг нэгтгэх үүрэг хүлээсэн гэж та хэллээ. Хоёр тал болчихсон хүмүүсийг эвлэлдүүлэхийн тулд та юу хийсэн бэ?

Ш.Түвдэндорж:

-Нийслэлийн Ардчилсан намын даргаар би өнгөрсөн оны наймдугаар сард томилогдож, ажилласан. Нам­ын удирдлагуудын зүгээс эхний ээл­жинд үл ойлголцолд хүрчихээд байгаа гурван ч дүүргийн намын хороодыг эе эвийг олж, нэгтгэх ёс­той гэсэн үүргийг хүлээлгэсэн. Энэ дагуу өнгөрсөн хугацаанд удаа дараагийн олон уулзалтыг хоёр талыг оролцуулан хийсэн нь үр дүнгээ өгч, өнөөдөр нэгдээд байна. Бид нэгдсэн нэг цул хүчээр УИХ-ын 2012 оны сонгуулийн  компанит ажилд оролцох ёстой. Хувийн болон бүлгийн эрх ашгаас илүү улс орны эрх ашиг дээгүүр  байх ёстой учраас Ардчилсан нам хариуцлага хүлээж, нэгдсэн байх ёстой гэж үзсэн. Тэр үүднээсээ гурван дүүргээс хоёр дүүрэг маань асуудлаа шийдлээ. Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн Чингэлтэй дүүргийн Ардчилсан нам нэгдсэнээ олон нийтэд зарлаж байсан. Нийслэлийн Хан-Уул дүүргийн хувьд өнөөдөр хэлцлийн шатанд явж байна. Ямар шийдвэр гарахыг нь чих тавин хүлээгээд сууж байна.

-Намын удирдлага, гишүүдийн­хээ дэмжлэгийг хүлээн та нийс­лэлийн Баянзүрх дүүргийн Ардчил­сан намын даргаар ажиллах боллоо. Нэн тэргүүнд танай намын хувьд хийх ажил юу байгаа вэ?

-Нэн тэргүүнд хийх ёстой ажил маань 2012 оны УИХ-ын сонгууль, орон нутгийн сонгууль болж байна. Намаас зохион байгуулж байгаа “Монгол хүн-2020” хөтөлбөрийн хү­рээнд өөрсдийнхөө бодлого, дүүр­гийнхээ онцлогыг шингээсэн бод­логод өөрсдийнхөө хувь нэмрийг оруулаад, зөв мөрийн хөтөлбөрөө дэвшүүлээд, багаа зөв бүрдүүлээд ажлаа эхэлнэ дээ. Ардчилсан намын онцлог бол гишүүдийнхээ татвараар санхүүжиж үйл ажиллагаагаа явуул­даг. Тэр татварыг зүй зохистой ашиглах ёстой. Бидний нэн тэргүүний асуудал бол эв нэгдэл. Сонгуульд ямар нэг байдлаар бие биенээ муулсан байдлаар орох юм бол мэдээж нэмэх оноо авахгүй. Эв нэгдэлтэй, нэг дуутай, нэг зүрх сэтгэлтэй байх юм бол төдий хэрээр ард түмний итгэл, сонгогчдын итгэлийг авна гэдэгтээ итгэлтэй байна.

-Жил шахамын хугацаанд та нийслэлийн Баянзүрх дүүргийн Ардчилсан намын дарга хэмээн дуудуулж ирсэн. Одоо харин дэд дарга боллоо. Буулт хийсэн шалтгаан нь юу байв?

-С.Зоригтбаатар:

-Буулт хийх шалтгаан нь өө­рийгөө бодсонгүй, нийт намынхаа гишүүдийг бодлоо. Ер нь намынхаа гишүүдийн эрх ашгийн үүднээс тодорхой хэмжээний буулт хийсэн гэж ойлгож болно. Хоёр хэсэгт хуваагдахад хүргэсэн шалтгаан нь их өөр л дөө. Жишээ нь, н.Мөнхбаяр гэдэг дарга ажлаа өгөхгүй яваад байсан. Гэнэт хоёр талд хурал болж, “Чи хүчингүй, би хүчинтэй” гээд маргаан үүсгэсэн. Эцсийн дүндээ намын гишүүд дунд нь үрэгдэж байгаа байхгүй юу. С.Зоригтбаатар дарга дээр очих уу, Д.Пүрэвдагва дарга дээр очих уу, эсвэл аль даргынх нь зохион байгуулсан ажилд оролцох уу гээд утгагүй болж хувирсан. Гишүүдийн дунд бухимдал, төөрөгдөл бий болгосон. Тиймээс цэгцэлье гэж бодсон. Заавал С.Зоригтбаатар гэдэг хүн дарга болсон ч болоогүй ч, ялгаагүй Ардчилсан нам эв нэгдэлтэй байх ёстой, гишүүдийн эрх ашиг хохирох ёсгүй гэдэг үүднээс л би энэ алхмыг хийсэн.

-Ямар нэг тохироо хийсэн үү?

-Ямар ч тохироо байхгүй, ямар засаг авчихсан нам биш. Баянзүрх дүүрэг дээр Ардчилсан нам нэг ч суудалгүй, ИТХ-д ч суудал байхгүй. Харин УИХ-д л хоёр суудалтай. Нийслэлд ч суудал байхгүй шүү дээ, Баянзүрх дүүргийн Ардчилсан нам. Гэхдээ аливаа улстөрийн нам засгийн эрх авахын төлөө байдаг, тэрний төлөө хамтарч ажиллая л гэж байгаа юм.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж