Каддафийн ”Үүрэн дээгүүрхи” нислэг

Хуучирсан мэдээ: 2011.03.10-нд нийтлэгдсэн

Каддафийн ”Үүрэн дээгүүрхи” нислэг

Ливийн босогчдын лидер гэгдэж байгаа Мустафа Абдель Жалиль өчиг­дөр Аль Жазира  телевизэд өгсөн ярилц­лагынхаа үеэр Муаммар Каддафийг улс орноосоо нэн даруй гарч явбал түүний урьд өмнө нь үйлдэж байсан гэмт хэргийг нь сөхөхгүй орхих болно гэж мэдэгдлээ. Босогчид түүнд улс орноо орхин явахад нь гурван өдрийн л хугацаа өгч байгаа бөгөөд үүнээс цаашид тэвчих боломжгүй гэж хэлсэн байна. Энэ мэдэгдлийг хийж байгаа Жалиль нь шүүх яамны сайд байсан бөгөөд босогчдын хяналтад байгаа Бенгази орчмын нутгаар засаглалаа тогтоосон дундын байр суурь баримт­лагч засаглалыг толгойлж бай­гаа аж. Дээрхи мэдэгдлээс гадна бас нэгэн сонирхолтой баримтыг босогчдын байгуулсан засгийн газрын тэргүүн хэлжээ. Тэр нь Каддафи огцорсныхоо дараа Ливийг орхин явах нөхцөл болзлын талаар түүний зарим төлөөлөл тохиролцохоор чармайж байгаа гэсэн мэдэгдэл байлаа.

 Хэдийгээр Каддафийн Засгийн газраас энэ мэдэгдлийг үгүйсгэж байгаа ч ийм агуулгатай яриаг утсаар өр­нүүлэхийг хичээсэн гэх баримт байна гэж газар дээрээс нь мэдээлэл бэлтгэж байгаа ВВС агентлагийн сурвалжлагч хэлсэн байна. Нөгөө талаар дээрхи мэдээллүүдийг тарааж байгаа нь Ливийг иргэний дайны галын шугамаар хоёр хуваачихаад байгаа талуудын сэтгэл зүйн өөр нэгэн дайны илрэл гэж үзэх хүмүүс ч бий. Босогчдын зарим төлөөлөл Каддафийг улс орноо орхин явсан ч гэмт хэргийг нь хуулийн дагуу мөрдөж шалгах ёстой гэсэн хатуу байр суурьтай гэж ил тод зарлаж байгаа нь өөрсдийнхөө лидерийн санаа бодолтой зөрж байгаа мэт харагдуулж байгаа гэнэ.  

Улстөрийн далд тэмцэл өрнөж байх энэ зуур хатуу ширүүн байлдааны ажиллагаа Ливийг хар утаа, бараан мөр татуулан нөмөрч эхлэв. Босогчид өнгөрөгч баасан гарагт Ливийн газрын тос нийлүүлэгч усан боомт болох Рас Лануфийг эзлэн авсанд хорсон уурссан Каддафийн цэргийн хүч уржигдраас эхлэн Орост үйлдвэрлэсэн Су-27 байлдааны онгоцоор энэ боомт хотыг бөмбөг болон пуужингаар “нүдэж” гарчээ. Зөвхөн энэ хот ч биш ойр орчмын бусад хотуудыг ч одоогийн эрх баригчдын хянаж байгаа армийнхан бөмбөгдсөөр байгаа юм. Рус Лануф хот нь хоёр өдрийн өмнөх бөмбөгдөлтийн уршгаар нэлээд сүйдсэн бөгөөд үүний зэрэгцээ их буу, танкийн галд ч өртсөн хэвээр байна. Хамгийн сүүлд гарч байгаа мэдээгээр бол 30 гаран хүн шархадсан бололтой.

Мөн өдөр Каддафийн арми босогч­дын бас нэг тулгуур болоод байгаа Ливийн баруун нутгийн Завияа хо­тыг бүхэл өдөржингөө агаараас бөм­бөгджээ. Үүнтэй зэрэгцэн тан­кийн болон их бууны тасралтгүй га­лаар дэмжсэн байна. Каддафийн арми босогчдыг Завияа хотын төв талбайгаас холдуулан хяналтаа тог­тоо­хыг оролдож байсан гэнэ. Хо­тын орчимд 50 орчим танк болон Каддафийн армийнхныг ачсан задгай машинууд харагдаж байсан гэж оршин суугчид ярьжээ.

Тодорхой тоог хэн ч хэлэх боломжгүй гэж байгаа ч ойролцоогоор 1000 гаран хүн иргэний дайны золиос болон хэдийнээ амь насаа алдчихаад байгаа гэж эх сурвалжууд баталж байна. Завияа хотын эмнэлгүүд шарх­та­нуу­дыг багтаахаа байсан бө­гөөд хотын иргэд “Энд хэдэн хүн алагдсаныг тоолж хэлэх ч боломж алга. Хотыг бүрхсэн тоос шороо,утаа тортог тэдний цогцсыг танигдахын аргагүй болтол нь хучсан байгаа” гэж хэлж байжээ. Иргэний дайны цаашдын хувь заяа тодорхойгүй байгаа бөгөөд хэн нь илүү  амжилт олж байгааг барин тавин хэлэх боломжгүй гэж олон улсын ажиглагчид  үзжээ. Харин энэ дайны хөлд амь үрэгдэх ливичүүдийн тоо л өссөөр байгаа нь хамгийн эмгэнэлтэй зүйл болж байна. Ливийн 200 мянган иргэн энэхүү иргэний дайны галын шугаман дээр хоорондоо байлдаж байгаа гэсэн тоо ч бас гарчээ. Урьд нь зөвхөн эрх баригчид болон босогчдын талынхан гэдэг утгаараа хуваагдаж байсан  эх орон нэгтнүүд одоо нэгэнт үл эвлэрэх дайснууд болж бие биенийхээ эсрэг галт зэвсгийг ямар ч эргэлзээгүйгээр шууд хэрэглэж байгааг гадаадын хэвлэлийнхэн харуусан тэмдэглэж байгаа юм.

Нөхцөл байдлыг хяналтад оруулж гол нь Ливийн энгийн иргэдийг аюулгүй байлгахын тулд НҮБ болон дэлхийн томоохон орнууд зарим нэг арга хэмжээг авч эхэлсний дээр илүү дорвитой  арга хэмжээ авах боломжийг хэлэлцсээр байна. Одоогийн байдлаар Европын холбоо өөрийн харьяаллын хүрээнд Ливийн эсрэг санхүүгийн хориг арга хэмжээ авахаар зарлаад байгаа бөгөөд Европын орнуудын төв банкууд болон хараат бус санхүүгийн байгуууллага, сангуудыг хамруулж хоригийг өргөжүүлнэ гэж найдаж байгаа аж. Санхүүгийн энэ хориг маргаашаас хэрэгжиж эхлэх бөгөөд ингэснээр Европын томоохон компаниудын хөрөнгөнөөс хувь эзэмшдэг Ливийн байгуулагуудын эрхийг хязгаарлахаар болж байгаа ажээ.

Харин одоо болтол хэлэлцэгдсээр байгаа өөр нэгэн арга хэмжээ нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийг дотор нь хуваагаад байгаа цэргийн хүчээр байдлыг зохицуулах шийдвэр юм. Эхний ээлжинд Ливийн агаарын орон зайд хязгаарлалт тогтоох шийдвэрийг НҮБ-аас гаргуулах тухай яригдсан ч тус байгууллагын Аюулгүйн зөвлөлийн шийдвэрт хориг тавих эрх бүхий хоёр орон болох Хятад болон Орос улс энэ талаар шууд эсэргүүцэл үзүүлсэн тул мухардалд ороод байна. ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров,“ Ливийн асуудлыг шийдэхэд олон улсын оролцоо тэр тусмаа цэрэг зэвсгийн оролцоо байхын шалтгааныг олж харахгүй байна” гэж хэлжээ. Нөгөө талаар АНУ-ын одоогийн засаг захиргаа ч энэ асуудлаар тоймтой байр суурь барихгүй байгаа билээ.

Өчигдөрхөн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга хатагтай Хиллари Клинтон мэдэгдэл хийхдээ, ” Ливийн агаарын бүсэд хяналт тавих шийдвэрийг АНУ бус харин НҮБ гаргах болно” гэж зарласан юм. Хэдийгээр АНУ-ын улстөрийн гол сөрөг хүчин болох бүгд найрамдахчуудын зүгээс шийдвэртэй арга хэмжээ авахыг шахаж байгаа ч Барак Обамагийн засаг захиргаа энэ асуудалд яарахгүй байна. Ийм шийдвэрийг гаргахад АНУ болон өрнөдийн санаачилга гэхээсээ Ливийн ард нийтийн дуу хоолой чухал байгааг тэд онцлон сануулсаар байгаа юм. Үүний нөгөө талд олон улсын хэмжээнд барьцах нөхцөл байдал ч үүсэх төлөвтэй.
Хэрэв үнэхээр НҮБ-аас шийдвэр гарч Ливийн агаарын орон зайд хяналт тавьж эхэлбэл хэд хэдэн орон гомдол гаргах бүрэн үндэстэй болно. Тухайлбал, Газын зурваст байдал хурцадсантай холбогдуулан агаарын дайралт хийхдээ Израйль НҮБ-ын шийдвэрийг авсан бил үү…Бас Афганистан болон Иракт АНУ-ын болоод НАТО-ийн цэргийн хүч бөмбөгдөлт хийж, дотоод асуудалд нь хөндлөнгөөс оролцон хянаж эхлэхэд НҮБ-аас ямар ч зөвшөөрөл авч байгаагүйг хэрхэн тхайлбарлах вэ. Яагаад Ливи болохоор ийм онцгой эрх эдэлдэг байна… гэх зэргээр  лавлаж таарна. Үүний нөгөө талд ер нь л НҮБ-ын зөвшөөрлийг авах ч үгүй биз гэх хардлага ч бас байгаа.

Гэхдээ Ливийн агаарын орон зайд хяналт тавих нь Каддафийн армийн дайралтыг сааруулж чадах эсэхэд ч бас эргэлзэхээр байгаа нь асуудал удааширч байгаагийн бас нэг шалтгаан болох юм. Британийн шинжээч Майкл Кларкийн дүгнэлтээр бол ийм арга хэмжээ Каддафийн агаарын дайралтыг бүхэлд нь зогсоох боломжгүй бөгөөд магадгүй Бенгазийн орчимд гэх мэт тодорхой байг чиглэсэн дайралтын хүчийг л сулруулах төдий гэнэ.

Ямар ч болов одоохондоо НАТО буюу Умард Атлантын цэргийн эвсэл AWACS хэмээх тагнуулын онгоцнуудынхаа тусламжтайгаар Ливийн агаарын орон зайг хянаж эхэлсэн тухай НАТО дахь АНУ-ын төлөөлөлгч Иво Далдер мэдэгдээд байгаа юм. Иргэний дайны гал дүрэлзүүлсэн Ливийн дээгүүр нисэх тагнуулын онгоцнуудаасаа авсан мэдээг өрнөдийнхөн хэрхэн харж, дүгнэж байдаг бол …

Цэрэг дайны “хүйтэн стратеги” тооцоогоор болов уу, эсвэл тонн тонноор шатаж мэдэх газрын тосны нөөцийг тооцоолсон “нярав”-ын харам сэтгэлээр үү…Хэрэв тэд хүмүүнлэгийн гамшиг нүүрлэж мэдэхээр байгаа тухай бодит дүн шинжэлгээ хийж байгаа бол илүү сайнсан…

М.Наст

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж