Онцгой албан татварын хэмжээг тогтоов

Хуучирсан мэдээ: 2011.03.09-нд нийтлэгдсэн

Онцгой албан татварын хэмжээг тогтоов

Засгийн газрын ээлжит хуралдаанаар өнөөдөр
ОХУ-ын Роснефть компаниас манай улсад нийлүүлэх газрын тосны
бүтээгдэхүүний импортын үнэ 2011 оны гуравдугаар сард А-80 автобензин
тонн тутамдаа 14, АИ-92 автобензин 18, дизелийн түлш 125 ам.доллараар
буурчээ.
Үүнтэй холбогдуулан Сүхбаатар, Замын-Үүд, Эрээнцав, Алтанбулаг боомтоор
оруулж ирж байгаа нэг тонн дизелийн түлшинд “0” төгрөгийн онцгой албан
татвар ногдуулж байсныг 130 мянган төгрөг болгож, АИ-92 автобензинд 230
мянган төгрөгийн татвар ногдуулж байсныг 250 мянган төгрөг болгохоор
Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ.
    Харин А-80 автобензинд 160 мянган төгрөгийн онцгой албан татвар
ногдуулж байсныг хэвээр үлдээж, бусад боомтоор оруулж ирэх автобензин,
дизель түлшний татварыг хэвээр мөрдөхөөр болов.     Татварыг 2011 оны
гуравдугаар сарын 11-ний өдрөөс мөрдөж эхлэх бөгөөд татварын хэмжээг
тогтоосноор газрын тосны бүтээгдэхүүний үнэд ямар нэгэн өөрчлөлт орохгүй
юм.   
Дараа саруудад газрын тосны бүтээгдэхүүний хилийн үнэ огцом өссөн
тохиолдолд татварын хувь хэмжээг бууруулан дотоодын зах зээл дэх
жижиглэнгийн үнийн огцом өсөлтийг сааруулах нөхцлийг Засгийн газар
татварын зохицуулалтаар хийж байгаа аж.


Ажиллах хүч авах тухай төслийг дэмжив

“БНХАУ-аас мэргэжилтэй ажилчдыг Монгол Улсад хөдөлмөр эрхлүүлэх тухай
Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын
хэлэлцээр”-ийн төслийн талаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн
хуралдаанд хийх танилцуулга, зөвлөлөөс гаргах зөвлөмжийн төслийг
хэлэлцээд зарчмын хувьд дэмжиж, танилцуулгыг Үндэсний аюулгүй байдлын
зөвлөлд оруулахыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Гандид
даалгалаа. 

    Гадаадаас ажиллах хүч авахад зуучилж байгаа байгууллагууд болон ажил
олгогчид олон улсын гэрээ, манай улсын хууль, тогтоомжоор заасан
нөхцлийг дордуулж, гадаадын ажилчдын хөдөлмөрлөх эрх, нийгмийн баталгааг
алдагдуулах, орон байраар хангахгүй байх сөрөг үзэгдэл гарч байгаа юм.

    Энэ нь гадаадын иргэдийг манай улсад хууль бусаар ажиллаж, амьдарч
хууль, дүрэм, нийгмийн хэв журмыг зөрчихөд хүргэж байна. БНХАУ-ын тал
иргэдээ зохистой хэлбэрээр хөдөлмөр эрхлэхэд дэмжлэг үзүүлэх, эрх ашгийг
нь хамгаалах, сахилга, зохион байгуулалтыг өндөржүүлэх зорилгоор
“Ажиллах хүчний хэлэлцээр” байгуулах, ажиллах хүчээ төрийн оролцоо бүхий
нэгдмэл субьектээр оруулах санал тавьж буй юм байна.

Энэ жил болсон эдийн засаг, худалдаа, шинжлэх ухаан-техникийн хамтын
ажиллагааны Засгийн газар хоорондын комиссын хуралдаанд бэлтгэх болон
хуралдааны үед энэ асуудлыг талууд хэлэлцэн Засгийн газар хоорондын
хэлэлцээр байгуулах нь зүйтэй гэдэгт санал нэгдсэн байна.

Хэлэлцээр батлагдвал манай ажил олгогчийн хэрэгцээ, захиалгад үндэслэн
хятадын холбогдох төрийн байгууллагаас ажилчин илгээх эрх авсан тодорхой
байгууллагаар дамжуулан зөвхөн мэргэжлийн үнэмлэх, дипломтой, бэлтгэл
сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан хүмүүсийг авах юм.  Ингэснээр гадаад
ажилчдын асуудлаар олон аж ахуйн нэгжийн хооронд бус нэг гарцаар
шийдэгдэх, төрийн байгууллагууд харилцан хяналт тавих бололцоо үүсч
байна.
Мөн хуралдаанаар Засгийн газар хоорондын болон бүтээгдэхүүн нийлүүлэх
гэрээтэй аж ахуйн нэгж, байгууллагуудаас гадаадаас ажиллах хүч,
мэргэжилтэн авах, ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх тухай хэлэлцээд
тогтоол гаргахаар боллоо.

Гадаадаас ажиллах хүч авч байгаа ажил олгогч аж ахуйн нэгжүүд хэдэн
ажлын байр бий болгосон, үүний хэдэн хувийг өөрийн орны болон гадаадын
иргэд эзэлж байгаа тухай мэдээллийг ил тод, нээлттэй гаргаж өгдөг байхад
анхаарч ажиллахыг Эрдэс баялаг, эрчим хүч, Зам, тээвэр, барилга, хот
байгуулалт, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яаманд чиглэл болголоо.

“Гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах, төлбөрөөс чөлөөлөх” журамд
өөрчлөлт оруулсан бөгөөд олон улсын гэрээ хэлэлцээр байгуулаагүй
компаниудын ажиллах хүчнийг төлбөрөөс хөнгөлж, чөлөөлөхгүй байхыг
Засгийн газар 2010 оны 79-р тогтоолоороо зохицуулсан юм гэж Засгийн
газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.
    

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж