Мэттью Госс шар цамцны эзэн болов

Хуучирсан мэдээ: 2011.03.09-нд нийтлэгдсэн

Мэттью Госс шар цамцны эзэн болов

“Нар хүртэлх уралдаан” гэгддэг мэргэжлийн дугуйн олон өдрийн Парис-Ницца уралдаан өчигдөр гурав дахь гараагаа хийлээ. Дугуйчид Францын төв хэсгээр 202,5 км замыг туулах даалгавартайгаар уралдааныг эхлүүлсэн байна. Энэ бол хуучин цагийн Бургундийн нутаг бөгөөд дарсны нутагт зохион байгуулагдсан тус уралдааныг Францын Седрик Пинуа, Сайрил Готье, Ромайн Харди, Блел Кадри болон Финляндын аварга Юсси Вэйкканен нарын таван дугуйчин тэргүүлж эхэлжээ.. Гэвч тэдний тэргүүлэл ердөө гурван минут л үргэлжилж арын пелотонд гүйцэгдсэн байна. Гурван цаг орчим үргэлжилсний дараа дугуйчидын хурд илт саарсан нь халуун уур амьсгал, нарнаас шалтгаалсан аж. Улмаар дугуйчид бөөндөө барианд орж ирсэн нь спринтерүүдийн чадлыг шавхсан байна. Австралийн Мэттью Госс энэ тэмцэлд шалгарч, таван цаг, 16 минут, 48 секундын амжилтаар хамгийн түрүүнд барианд орсон бол эх орон нэгт Хейнрих Хаусслер удаалжээ. Харин гуравдугаар байрт Оросын Денис Галимзянов орсон байна. Госс ийнхүү нийлбэр дүнгээр тэргүүлж, Томас де Гентээс тэргүүлэгчийн шар цамцыг нь булааж авлаа. Ерөнхий дүнгээр Бельгийн дугуйчин де Гент удаалж, Хаусслер зургаан секундын ард гуравдугаар байрт бичигдэж банйа. Парис–Ницца уралдааны дөрөв дэх гараа өмнө зүгт 191 км зайд болно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж