Н.Төгсцогт Астанаг зорилоо

Хуучирсан мэдээ: 2011.03.09-нд нийтлэгдсэн

Н.Төгсцогт Астанаг зорилоо

Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор дэлхийн лигээс чөлөө авсан Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аваргын мөнгөн медальт Н.Төгсцогт өнөөдөр өглөө хилийн дээс алхлаа. “World Series of Boxing” тэмцээнд Азербайжаны “Баку Файерс” багийг төлөөлөн гурван тулаан хийж, бүгдэд нь ялалт байгуулсан тэрбээр хамгийн сүүлийн тулаанаа хоёрдугаар сарын 26-нд Сөүл хотноо хийж, тэндээсээ шууд нутагтаа ирээд байсан юм. Улмаар боксын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож, 56 кг-ын жинд аваргалсан тэрбээр өнөөдөр өглөө Казахстаны нийслэл Астана хотыг зорьжээ. Учир нь Азийн бүсийн хүчтэй өрсөлдөгч “Баку Файерс” баг энэ амралтын өдрүүдэд WSB тэмцээний 11 дүгээр тойргийн хүрээнд Казахстаны “Астана Арланс” багтай тулалдахаар Астанад очоод байгаа юм. Н.Төгсцогтын хувьд bantamweight буюу 50-54 кг-ын жинд багаа төлөөлөх бөгөөд түүний өрсөлдөгч нь  Казахстаны боксчин Миржан Рахимжанов юм. Хоёр багийн тулаан Астана хотын “Дуалет” спорт цогцолборт энэ сарын 12-нд орон нутгийн цагаар 20.30 цагаас эхлэх ажээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж