
Ханх хилийн боомтын ангиллыг олон улсын болгож өөрчлөх, хүчин чадлыг нь нэмэгдүүлэх талаар авч байгаа арга хэмжээ, явц байдал, хилийн хяналтын байгууллагуудын салангид, бие даасан байдлаар тус тусдаа шийдвэр гаргадаг байдлыг өөрчлөх, ажил үүргийн давхардлыг арилгах зэрэг хяналтын байгуулагуудын хамтын ажиллагаа, уялдааг сайжруулах талаар авч байгаа бодитой арга хэмжээ, хүрсэн үр дүн болон сонгогч иргэдээс ОХУ-ын хил, гаалиар нэвтрэхэд иргэдэд ихээхэн хүндрэл, чирэгдэл учруулж байгаад тодруулга авахыг эрхэм гишүүн хүссэн байна.
Монгол иргэдийн амь даатгалыг хилээс зайдуу орших Монд тосгоноос очиж авахыг шаардах, иргэдийн ачаа барааг саатуулах, ачааны аюулгүй байдлыг хангахгүй байх, хил, гаалийн бүрдүүлэлт, шалгалт нь хэт их хүнд сурталтай, иргэдийг доромжлох зэргээр зохисгүй авир гаргадаг талаар ихээхэн гомдол, санал байнга ирж байсан тул Ханх тосгонд хамтарсан уулзалтыг зохион байгуулж өгөхийг хүссэн эрхэм гишүүний албан бичгийн дагуу Гадаад харилцааны яам, Хил хамгаалах ерөнхий газраас ОХУ-ын хилийн хяналтын холбогдох байгууллагуудтай уулзалт зохион байгуулахдаа ямар асуудлыг ярилцаж шийдвэрлэсэн болон цаашдын хамтын ажиллагааны талаар хэрхэн тохиролцсон, хоёр талын уулзалтын үр дүнгийн талаар иргэдэд ялангуяа тухайн орон нутгийн иргэдэд хэрхэн мэдээлсэн талаар асуулгад дурджээ.
Хөрш орнуудын хоёр талт хамтын ажиллагаа төдийгүй олон орны гааль хоорондын хамтын ажиллагаанд чухлаар тавигдаж буй хилийн боомтын ажиллагааг нэг цэгийн үйлчилгээнд шилжүүлэх, өөрөөр хэлбэл, хөрш орнуудын хил дээр хамтарсан хяналт явуулах, нэг талын хяналтыг нөгөө тал нь хүлээн зөвшөөрөх, дэд бүтцээ хамтарч ашиглах зэрэг талаар манай улс ямар бодлого чиглэл баримтлан хэрэгжүүлж байгаа талаар Ерөнхий сайдаас асуужээ.