Баянзүрх дүүргийн АН нэгдсэнээ зарлав

Хуучирсан мэдээ: 2011.03.09-нд нийтлэгдсэн

Баянзүрх дүүргийн АН нэгдсэнээ зарлав

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Ардчилсан нам өнгөрсөн жил шахам хугацаанд хоёр хуваагдан тусдаа үйл ажиллагаа явуулж байсан юм. Харин тэд өнгөрсөн хугацаанд хоёр талаас ярилцаж, зөвшилцсөнөөр нэгдэх саналд хүрчээ. Ингэснээр Баянзүрх дүүргийн Ардчилсан намын даргаар Д.Пүрэвдагва , дэд даргаар С.Зоригтбаатар нар ажиллах болсон байна. Энэ талаар өнөөдөр талууд мэдээлэл хийлээ. Тус хэвлэлийн бага хуралд нийслэлийн Ардчилсан намын дарга Ш.Түвдэндорж мөн оролцож, Баянзүрх дүүргийн Ардчилсан намын дарга Д.Пүрэвдагвад тамгыг нь гардуулан өгөв. Нийслэлийн Ардчилсан намын дарга Ш.Түвдэндорж хэлэхдээ “Өнгөрсөн оны наймдугаар сараас эхлэн би нийслэлийн Ардчилсан намын даргаар томилогдон ажиллах болсон. Намын удирдлагын зүгээс хоёр хуваагдчихаад байгаа дүүргүүдийн намын үүрүүдийг нэгдсэн зохион байгуулалтад оруулж, ойлголцолд хүргэх үүргийг хүлээлгэсэн. Энэ дагуу өнгөрсөн хугацаанд хоёр талтай ууулзалт зохион байгуулж, харилцан ярилцсаны үндсэн дээр нэгдсэн саналд хүрлээ. Өнгөрсөн долоо хоногт бид нийслэлийн Чингэлтэй дүүрэг дэх Ардчилсан нам нэгдсэнийг зарлаж байсан бол энэ удаагийнх Баянзүрх дүүрэг болж байна” гэсэн юм.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж