Гүний усыг автоматаар шинжилж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.03.09-нд нийтлэгдсэн

Гүний усыг автоматаар шинжилж эхэллээ

Дундговь аймгийн хүн амын  ундны усны эрүүл ахуй, хүрэлцээ хангамж  нь өнөөгийн нэн тулгамдсан асуудал болоод байна. Арав гаруй мянган хүн амтай Мандалговь хот гэхэд ундны усаа 35 километр дэх худгуудаас  ган хоолойгоор татан ундлах болоод хорь гаруй жилийн нүүр үзэж бай гаа юм.  Мандалговь хот, болон олонхи сумын төвийн ундны усны хатуулаг хүний эрүүл ахуйд сөрөг нөлөөтэйгөөс  элэг, цөс, бөөр зэрэг дотор эрхний өвчлөл харьцангуй их гардаг нь  мэргэжлийн байгууллагын судалгаагаар тогтоогдсон юм.

Ямар сайндаа л ерээд оны дундуур малын их эмч С.Дэжидбал:
 ”Хөө хийгээр амьсгалдаг Мандалговийхон  чулуун уушигтай
Хөндий төмрөөс ундаалдаг Мандалговийхон чонын ходоодтой” хэмээн шүлэглэж байхав даа.

    Сая тус аймагт  нэгэн дэвшилтэй технологи нэвтэрч эхэлсэн нь газрын гүний усны хатуулаг, бохирдол зэрэг арваад үзүүлэлтийг   тогтмол шинжилж  таван минут дутамд мэдээллээ CDMA үүрэн холбооны технологиор дамжуулан автоматаар хяналтын төвд өгч байх төхөөрөмж суурилуулж эхэлсэн явдал боллоо.

    Хяналтын төвийг аймгийн Байгаль орчны хэлтэс дээр байрлуулж тэндхийн усны мэргэжилтэн мэдээллийг  нэгтгэн дүгнэлт хийн шаардлагатай үед холбогдох арга хэмжээг авч байх боллоо.

    Аймгийн Засаг дарга, доктор, профессор Д,Чандманы идэвхитэй хөөцөлдлөгөөр Өмнөд Солонгосын  их сургуулийн эрдэмтэн багш нар дээрх төхөөрөмжийг туршилтын журмаар Мандалговийн ундны усны эх үүсвэрт тавин туршиж байна. Тус их сургуулийн эрдэмтэд “Газрын гүний ус цагийн дотор бохирдож болох ч  бохирдлыг арилгахад зуун жил шаардагдана гэж ярьж байна.
    Цаашид бүх төв суурин газар, аймгийн нутаг дэвсгэрийг хамрах энэ хүү гүний ус автоматаар шинжлэх төсөл нь Дундговь аймгийн тавь шахам мянган хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах, ирээдүйгээ харсан томоохон арга хэмжээ болж байна.

С.Пүрэвсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж