“Хайр ба халамж” аяны зарлагдлаа

Хуучирсан мэдээ: 2011.03.09-нд нийтлэгдсэн

“Хайр ба халамж” аяны зарлагдлаа

Булган аймгийн Хүүхдийн төлөө хэлтсээс зохион байгуулсан “Хайр ба халамж” аяны хүрээнд хүүхдийн парламентын  хүүхдүүд малчдад  эд зүйл, сэтгэл санааны  дэмжлэг үзүүлсний дээр олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй эмзэг бүлгийн айл өрхөөс сонгон авч мод түлээг нь хөрөөдөх, хагалж хураах, гэр орныг нь цэвэрлэх, ус авах зэрэг өөрсдийн нас биенд тохирсон  ажил үйлсээр туслахаар шийдвэрлэсэн байна.

Тэд энэ ажлаа “Сэтгэлийн тус“ хэмээн нэрлэжээ. Эхний ээлжинд Булган   сумын  4 дүгээр багийн иргэн хөгжлийн бэрхшээлтэй 47 настай Д.Болдбаатар, 5 дугаар багийн иргэн өндөр настан С.Лхагвагийн орон гэрээр очин тусалжээ. Өндөр настан С.Лхагва аймгийн нэгдсэн эмнэлэгт асрагчаар ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан, хүүхдүүд нь Дашинчилэн, Бүрэгхангай, Орхон аймаг зэрэг суманд бүгд алс хөдөө байдаг тул  ганцаараа амьдардаг аж. Д.Болдбаатар гурван хүүхэдтэй, тэдгээрийн бага нь тавдугаар ангид сурдаг, удаахь  нь ажилгүй аавыгаа асардаг, нэг нь Сэлэнгэ суманд байдаг гэнэ. Түүний  хөл гар нь 6 жилийн өмнө татсанаас саажилттай болсон, гэр бүлийнхэн нь  түүний группийн болон асаргааны тэтгэмжийн цөөхөн орлогоор амьдардаг. Байнга суугаагаар өдөр өнгөрөөнө. Учир нь удаан хэвтсэний улмаас сүүж нь цоорох шахжээ. Хүүхдийн төлөө хэлтсий мэргэжилтэн Т.Болормаа, Д.Дэлгэрмөрөн нар хүүхдийн парламентын дарга Б.Лхагвадорж, мөн Г.Оюун-Эрдэнэ, Д.Даваасамбуу нарын зэрэг гишүүдтэй хамтран зохион байгуулсан энэ ажил бусдыг хайрлах, туслан дэмжих, багаар ажиллах ур чадварт хүүхдүүдийг сургах, сайн үйлсийг  санаачилгаараа өрнүүлж   ахмад үеэ хүндлэх, баярлуулах   сайхан сэтгэлтэй болгоход ач холбогдолтой болжээ.

Ж.Мөнх-Очир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж