Эмэгтэйчүүд, хүүхдүүдийн каратэ клуб нээлээ

Хуучирсан мэдээ: 2011.03.09-нд нийтлэгдсэн

Эмэгтэйчүүд, хүүхдүүдийн каратэ клуб нээлээ

Улбар шар, хар өнгийн бэлэг тэмдэг бүхий Францын алдарт “Rhodia” брэндийн бичиг хэргийн бараатай Монголчууд хэдийн танил болжээ. Энэ брэндийг Монголд албан ёсоор борлуулдаг “Винкс Континенталь” ХХК-ийнхан Франц номын “Эрвээхэй” дэлгүүрийг 2006 онд нээн үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж, монгол залуучуудынхаа мэдлэг боловсролыг дээшлүүлэх үйлст хувь нэмрээ оруулан ажиллаж байгаа билээ. Тэд энэ удаад  нийгмийн хариуцлагыг биелүүлэх үүднээс зөвхөн эмэгтэйчүүд, хүүхдүүдэд зориулсан “Родиа Карате клуб” нээх гэж байна. Энэхүү клуб нь эмэгтэйчүүд, хүүхдүүдийг каратэгийн спортоор хичээллүүлэн эрүүл мэндийг нь сайжруулахын зэрэгцээ өөрсдийгөө гадны халдлага,  хүчирхийллээс хамгаалж, эрх чөлөөтэй, амар тайван амьдрахад нь, мөн зөв тэгш хүмүүжилтэй, эрүүл чийрэг бие бялдартай хүн болж төлөвшихөд нь тус болох зорилго юм байна. Дашрамд сонирхуулахад тус клуб нь хичээллэхийг хүссэн хүмүүст нээлттэй байх ба үнэ төлбөргүй гэдгээрээ онцлог юм байна.

“Родиа карате” клубийг хотоос зайдуу орших Баянзүрх дүүргийн улиастайн 87-р бүрэн дунд сургуулийн спорт зааланд өнөөдрөөс эхлэн хичээллүүлэх бөгөөд тус клубийг хамтран байгуулж, зөвлөгөө өгөн дэмжихээр каратэ спортын дэлхийн хошой аварга, Европ тивийн дөрвөн удаагийн аварга нэрт мастер, Францын каратэ спортын амьд домог, “Хаан” хэмээх хочтой, олон улсын шүүгч, Францын үндэсний багийг таван жил дасгалжуулсан Доминик Валера Франц улсаас хүрэлцэн иржээ. Тэр өнөөдөр 14.00 цагт МҮОНТ-ийн Мэдээллийн төвд энэ талаар хэвлэлийн бага хурал зарлаж, дэлгэрэнгүй мэдээлэл өгөх юм байна.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж