Ойрхи дорнодын үймээнээс хятад айж байна

Хуучирсан мэдээ: 2011.03.09-нд нийтлэгдсэн

Ойрхи дорнодын үймээнээс хятад айж байна

Ойрын өдрүүдэд Хятадын эрх баригчид Ойрхи Дорнодын үймээнд нэлээд анхаарал хандуулж байгаа билээ. Энэ талаар олон улсын хэвлэлүүдэд мэдээлж байгаа. Учир нь тус улсад Арабын орнуудынхтай адил ардчиллын төлөөх хувьсгал гарч магадгүй гэх болгоомжлол үүсээд байгаа юм. Үүнээс болж Хятадын хууль сахиулагчид 100 орчим хүнд анхааруулга өгсөн талаар тус улсын хүний эрхийг хамгаалах байгууллагынхан мэ­дээлжээ. Түүнчлэн хууль хянал­тын­ханд шалгуулсан зарим хүн сураггүй алга болсон талаар “BBC” мэдээлжээ. Ямартай ч энэ нь хууль бус баривчилгаа гэдгийг шинжээчид нотолж байна.

Мөн 2008 оны Бээжингийн Олимпоос хойш хэвлэлийн эрх чөлөөний тухай заалтыг тус улсын эрх баригчид өөрчилсөн. Гадны сэтгүүлчдийг Бээжингийн хөл хөдөлгөөн ихтэй Вангфужин зэрэг  газарт зураг авах, бичлэг хийхийг хориглосон. Харин “BBC”-ийн сурвалжлагчид      өнгөрсөн долоо  хо­ногт харуул хамгаалалтынхантай тул­гаран байж хэдэн зураг авсан байна. “Bloomberg”-ийн сурвалжлагч нар арван минутын турш хам­гаалалтынхантай тэм­цэлдэж байж зураг авчээ. Гэвч иймэрхүү байдлаар зураг авч, бичлэг хийсээр байвал тэдгээр сэтгүүлчдийг Хятадаас гаргана хэмээн тус улсын  Засгийн газрын төлөөлөгчид анхааруулсан юм.

Хятадад жил бүр зохиогддог Ард түмний бага хурал ирэх бямба гарагт болно. Тус улсын  Коммунист намын удирдлагууд ардчиллыг дэмжигч  нарыг сонирхон уг хурал дээр ирнэ гэжээ. Энэ үеэр Хятадын цагдаа нар бэлэн байдалд байна гэдгээ мэдэгдсэн билээ.

Өнгөрсөн ням гарагт Бээжин, Шанхайн  төв талбайд нэлээд олон хүн  цугласан нь Хятадын хууль сахиулагчдын анхаарлыг нэлээд их татжээ. Учир нь хөл хөдөлгөөн ихтэй олон нийтийн газруудад үймээн самуунаас урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг хэдийнэ аваад эхэлсэнтэй  холбоотой. Ямартай ч 1000 гаруй цагдаа үүрэгт ажлаа гүйцэтгэж, энгийн хувцастай нууц албаныхан ч ажиллажээ. Шанхайн цагдаа нар нэлээд олон хүнийг баривчилсан бөгөөд үймээн гарч магадгүй хэмээн болгоомжилжээ.

Ер нь Хятадын эрх баригчид юунаас айгаад байна вэ, яагаад ингэж санаа зовоод эхнээс нь арга хэмжээ аваад байна вэ. Энэ бүхэнд эрх чөлөө хамаатай юу, эсвэл олон хүн амыг атгах тэдний арга юм болов уу гэсэн асуултууд олон нийтэд сонирхол татсан хэвээр байна. Харин Хятадын Коммунист намын төлөөлөгчид  “Долоо хоног бүр л иймэрхүү жижиг сажиг, жагсаал цуглааны асуудал гардаг” хэмээн мэдээлжээ.

Өнгөрсөн жил бас иймэрхүү зүйл Хятадын урд хэсэгт байрлах Байхтоу тосгонд болсон. Нутгийн эрх баригчдад хандан  иргэд “Бидний газрыг булааж байна” хэмээн эсэргүүцэл илэрхийлсэн юм. Тус нутгийн удирдлага “Тухайн газарт ашиглах ёстой газрыг зориулалтын бус ашиглаж байсан тул хураан авч байна” гэх тайлбарыг өгч байв. Уг жагсаалаас болж Хятадын удир­дах албаныхан цагдаа нарыг олноор нь тус тосгон руу илгээж байж. Тухайн үед “нүүхгүй” гээд байсан таван айлын гэрийг нурааж байсан бөгөөд гурван залууг мөрдөн байцаалтад авч явсан юм. Уг эсэр­гүүцлийн хө­дөлгөөнийг зохион бай­гуулсан гэх Фэнг Мэйг одоо болтол суллаагүй байгаа талаар эхнэр нь мэдэгдсэн аж. Хүний эрхийг зөрчсөн иймэрхүү хэргүүд Хятадад  байнга гардаг. Тус улсад хаана, хэн юу хийх гэж байгаа нь байнга анхаарлын төвд байдаг болох нь дээрх цагдаагийн албаны үйл ажиллагаанаас харагдаж байгаа юм. Хятадын эрх баригчид хүний эрх зөрчигдөж буйд санаа зовохгүй байгаа хэрнээ олон улсын хэвлэлүүд энэ талаар юу гэж мэдээлж байгаад гол анхаарлаа хандуулсаар байна.

Б.БААТАР


Зохиогчийн эрх:
 "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж