Эргээд бодоход бүх зүйл сургамж болдог юм билээ

Хуучирсан мэдээ: 2011.03.09-нд нийтлэгдсэн

Эргээд бодоход бүх зүйл сургамж болдог юм билээ

Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны даргын зөвлөх, Монголын сонины холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Л.Нинжжамцыг “Ярилцах танхим”-даа урилаа. Өнгөрсөн долоо хоногт Монголын эдийн засгийн форум болж, зохион байгуулагчдын эгнээнд нь сэтгүүлч Л.Нинжжамц багтсан байлаа. Улс төр, бизнес, сэтгүүлчдийн дунд аль хэдийнэ танил болж, үйл хэрэг нь Засгийн газрын бодлогыг сурталчлах үндсэн чиглэл рүү хүч түрэн орох болсон түүнийг олон улсын эмэгтэйчүүдийн баярын сонирхолтой зочноор онцолсон юм.

-Юун түрүүнд танд олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргэж, сайн сайхныг хүсье?

-Баярлалаа.

-Баярын өдрийг хэрхэн тэмдэглэх гэж байна?

-Хүүхдүүдтэйгээ хамт өнгөрүүлнэ. Ганц олдож байгаа амралтын өдөр болохоор хүүхдүүдийнхээ, өөрийнхөө хувцасыг  индүүдэхээс  эхлээд амжуулах ажил бий. Тэр бүхнээ амжуулна даа.

-Таны өрөөнд шинэхэн баглаа сарнай цэцэг харагдаж байна. Баярын илгээмж эхнээсээ ирж эхэлсэн бололтой? /гуравдугаар сарын 7-нд/

-Хэнээс ирсэн бэ гэж асуух гээд байна уу.

-Та таачихав бололтой?

-Ерөнхий сайд өгсөн. Өнгөрсөн өдрүүдөд болж өнгөрсөн Монголын эдийн засгийн форумыг хөтөлсөн сэтгүүлчдийг хүлээн авч, Ерөнхий сайд талархалын зоог барьсан. Би сүүлийн гурван сарын турш бэлтгэл ажлыг нь зохион байгуулалцсан. Сүүлд нь эмэгтэйчүүдийн баярын өдрийн өмнөх өдөр учраас Ерөнхий сайд эмэгтэй сэтгүүлчдэд нь сарнай бэлэглэсэн л дээ.

-Таныг анзаараад байхад Засгийн газраас явуулж байгаа төрийн бодлогын шинж чанартай хөтөлбөр, арга хэмжээний пиарыг хариуцаад байдаг шүү дээ. Энэ бүхэнд далд нууц байдаг эсэхийг чамгүй олон хүн сонирхдог байж болох юм?

-Би хэвлэлийн салбарт ажиллаад 15 жил болж байна. Тэр утгаараа миний амьдралын нэг хэсэг ч гэж хэлж болох байх. Гэхдээ хүн болгон сайн сэтгүүлч болно гэж байхгүй. Би гэхэд Б.Ганчимэг, Л.Мөнхбаясгалан тэргүүтэй сайн нийтлэлч шиг сайн бичиж чадахгүй. Харин зохион байгуулалтын ажлыг сайн хийдэг байж магадгүй. Нууц нь энэ байж магадгүй л юм. Түүнээс бус тусгай жор байхгүй нь ойлгомжтой шүү дээ. Хамгийн гол нь би энэ салбарт олон жил ажилласан учраас туршлагатай, найз нөхөд олонтой, хамтран зүтгэгчидтэй болсон байна. Энэ бүхэн л ажил хийж чадна гэсэн итгэл хүлээлгэхэд дэм болдог болов уу.

-Хамгийн гол нь, би гэхэд таныг Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны даргын зөвлөх гэхээр нэг л ойлгож өгдөггүй юмаа. Яагаад гэхээр энд зөвлөхийн үүрэг хүлээх хүн нь эдийн засагч, стратегич гэх мэт мэргэжилтэй байвал илүү оновчтой санагдаад байдаг юм. Учир нь, энэ хороо бол Монгол Улсын ирээдийн хөгжлийг бодитоор нь зурах үүрэгтэй төрийн байгууллага шүү дээ?

-Тийм ээ, чиний асуултыг би зөв гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Яалт ч үгүй манай хорооны үүрэг, хариуцлага асар том. Энэ утгаараа шилдэг эдийн засагч зөвлөгөө өгөх нь оновчтой. Харин миний хувьд энд төр засгаас боловсруулсан, баталсан бодлогын бичиг баримт, хөтөлбөр, төслийг олон нийтэд хүргэх ажлыг  энд гүйцэтгэх үүрэгтэй. Дээр нь би хуульч хүн. Мөн алтны дэргэдэх гууль шарлана гэгчээр энд ирснээрээ асар их зүйлийг сурлаа. Өөрийгөө магтаад хэлчихэд муухан эдийн засагч, стратегичаас  хавьгүй илүү болсон гэдэгтээ итгэлтэй байна. Тэр утгаараа энд өөрийнхөө хүлээсэн үүргийг дээд зэргээр биелүүлээд явах юмсан гэж хичээж байна.

-Таны нэг ярилцлагад  “Хэвлэл, мэдээлэл улс төрийн хараат болж нэг алхам ухарсан гэж хэлж болно” гэсэн дүгнэлт хийсэн байсан. Гэтэл та өөрөө Ардын намын гишүүн, өнгөрсөн хугацаанд энэ намын карьерийн төлөө хангалттай ихийг хийсэн байдаг. Өөрөө намын төлөө пиар хийдэг байж, хэвлэлийн талаар иймэрхүү дүгнэлт хийх нь хэр оновчтой байдаг юм болоо?

-Би 10-р ангийн хүүхэд байхдаа энэ намыг сонгосон. Энэ намын гишүүн байсныхаа төлөө миний амьдрал сайн сайхан байж, амьдралдаа итгэлтэй сэтгэл хангалуун байгаа гэдэгтээ ч би итгэлтэй байдаг. Үүнийг би нуухгүй.

Үүн шигээ би өнөөдөр бүх сонин, телевизийн ард хэн байдаг, хэн нь хэдэн хувь эзэмшдэг вэ гэдгийг хэлж чадна. Гэхдээ ингэлээ гээд тэд хэвлэл, мэдээллийнхээ үүргийг гүйцэтгэж чадахгүй байна гэсэн үг биш. Хамгийн гол нь тухайн хэвлэлийн хамтрагч, эзэн нь хэн байхаас их зүйл шалтгаалдаг. Тэд хэвлэлийг  ямар зорилгоор ашиглахыг хүссэн түүгээрээ л ашиглаж чадаж байна. Ийм байхад би бүгдийг нь улс төрөөс хол байгаарай гэж уриалж чадахгүй. Ямар ч байсан хэвлэлийнхээ мөн чанарыг л алдаж болохгүй.

-Таны Удирдах зөвлөлийнх нь гишүүнээр ажилладаг Сонины холбооны ард ч тэр баахан хардлага өрнөдгийг та ч бас анзаараагүй байна гэж байхгүй байх. Тийм үү?

-Тийм ээ. Манай Сонины холбоо телевиз, радио, сонин гээд гишүүнчлэлийн ам бүл маш олон гэдгийг хэлэх хэрэгтэй байх. Манай Хадбаатар, Баярмөнх бид хэд Ардын намын идэвхтэй гишүүн гэдэг нь үнэн. Гэхдээ Сонины холбоонд нэгдсэн хэвлэлийн байгууллагад ажиллаж байгаа сэтгүүлчдийнхээ эрх ашгийн төлөө  бид ажилладаг. Мэдээж Сонины холбоог байгуулж, өнөөдрийг хүртэл хамтдаа явсаар таны улс төрийн карьерт том дэмжлэг болсон уу гэвэл би хүлээн зөвшөөрнө. Үүнийг хаана ч нуухгүй. Бүх хүнийг улс төрд орсон гэж үзвэл түүн шиг худлаа зүйл байхгүй. Бүгд гэдэгт олныг хамруулах хэрэггүй. Цэвэр бизнесээ хийгээд, Ардчилсан намаа ч дэмжээд явдаг хэвлэл олон бий. Энэ бол хувь хүмүүсийн л үнэт зүйл. Тэдний өөрсдийгөө хүндэтгэх эрх рүү халдах эрх бидэнд байхгүй гэдэг зарчмыг бид баримталдаг.

-Сонины холбоог тухайн үед Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг хамгаалах бүхэл бүтэн мэдээллийн сүлжээ гэж шүүмжлэх нь олон байсан?

-Тиймэрхүү яриа гардаг байсан. Тэр хүнтэй ажилладаг хүмүүс байдаг л байсан. Намайг тэр хүнтэй холбож ойлгох гээд хэрэггүй. Миний улс төрийн угшил Завханых. Би чинь Завханы Хотгойдын охин шүү дээ. Хэххэ. Гэхдээ одоо ч дэргэд нь хамт байдаг хүмүүс байгаа.Тэд нар ч бас үерхэлдээ үнэнч байгаа биздээ.  Түүнээс бус бүгдээрээ түүний төлөө ажиллаад байсан зүйл байхгүй. Сонины холбоог Н.Энхбаяр гэдэг хүний төлөө байгуулж байсан түүх бидэнд байхгүй. Хэвлэлүүд өнөөдрийн Ерөнхий сайд, Ерөнхийлөгч нартай хамтарч ажилладаг шиг тухайн үед ч тиймэрхүү зарчим үйлчилж л байсан. Тухайн үед ёстой Н.Энхбаяр гэдэг хүн байсан л болохоос бус зарчим бол адилхан шүү дээ.

-Ерөнхий сайд С.Баяр таныг Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албаны даргаар ажиллуулах саналаа танд тодорхой тайлбарлаж байсан уу?

-Намайг дуудаж уулзаад энэ их хариуцлагатай ажил, чамайг чадна гэж найдаж байна, итгэж байна гэж хэлсэн. С.Баяр дарга маш их зарчимч, зохион байгуулалттай, ажил хэрэгч хүн. Тэр утгаараа л намайг сонгосон байх.

-Таныг ардчилсан хувьсгалын эхлэлийн үед бас ч гэж эсэргүү нэгэн байсан тухай сая уншаад бас их гайхлаа?

-Эсэргүү гэдгийг хашилтад хийх хэрэгтэй байх аа. Тэр үед чинь би 1989 аравдугаар ангийн сурагч байлаа. Тэгээд Багшийн сургууль, 33, 48, 23, 18 дугаар сургуулийн бүлгэмийн зөвлөлийн дарга нартай нийлж, “Идэрчүүдийн Тулга эвсэл” нэртэй нууц бүлгэм байгуулж,  Мандухай гэдэг нууц нэртэй гишүүн нь болж байлаа. Тэр ч бүү хэл аравдугаар ангийн сурагчид гэлтэй нэгнийхээ ээжийн бичгийн машин дээр “Монголчуудаа сэрцгээ, босоцгоо” гэсэн утгатай ухуулах хуудас хийж, тараадаг байсан. Харамсалтай нь, манай эвсэл сар гаруйн дараа илэрч, Тагнуулын ерөнхий газраас биднийг байцааж, аав, ээжид нь хэлж байсан. Би тэр үед асрах сургуульд  амьдардаг байсан учраас багш нарт маань хэлж, би дотуур байрнаас гарах эрхгүй болж байсан. Тэгэхээр би өөрийгөө ардчилсан нийгэмд өөрийн хувь нэмэр оруулсан гэж дотроо бас баярладаг шүү. Ардчилалын 20 жилийн ойн медаль надад бий. Миний хайрладаг одон.  Гэхдээ тэр үед би хүүхэд байсан. Бас МАХН-ын ч гишүүн болчихсон л байсан. Ардчилсан хувьсгал хийхэд над шиг МАХН-ын  намын олон залуучууд оролцсон. Энэ бол өөрчлөлт шинэчлэлийн давалгаа байсан.

-Монгол Улсын хүүхэд асран хүмүүжүүлэх төвөөс гаргасан номонд “Би аливаад тэвчээртэй ханддаг. Миний амьдрал амар байгаагүй. Гэхдээ л бүхнийг тэвчиж, өнөөдрийг хүрсэн” гэсэн өгүүлбэр байсан?

-Чи санаж байгаа бол намайг Үндэсний олон нийтийн радио телевизийн Тамгын газрын даргаар ажиллаж байхад өдөр бүхэн л миний эсрэг мэдээлэл хэвлэлээр тараагддаг байсан. Намайг л ажлаас нь гаргачихвал бүх зүйл сайхан болчих мэт боддог хүмүүс тэнд олон байдаг байлаа. Одоо ч байдаг л байх. Бүр миний эсрэг “Асрамжийн газарт өссөн хүн бол муу хүн” гэж ирээд л маш аймшигтай дайралт үзүүлдэг байсан. Би тэр үед асрамжийн газарт байсан үеэ тухайн үед хүнд хэцүү гэж боддог байсан бол түүнээс ч илүү хэцүү зүйл амьдралд байдаг юм байна гэдгийг ойлгосон. Тэр хэрээрээ өөртөө асар их зүйл сурч, мэдэж авсан. Яг үнэндээ би  хэний ч амьдралыг булааж, хэний ч хоолыг хуваалцахгүй өөрөө өөрийнхөө амьдралынхаа төлөө тэмцэж ирсэн учраас эргээд бодоход бүх зүйл л сургамж болдог юм билээ. Анх ээжийгээ алдаад, асрамжийн газар руу гурван дүүгээ дагуулаад очих үе, ажил хийх үед тулгардаг бэрхшээл, эрх мэдлийн төлөөх дайралтуудын дэргэд илүү аз жаргалтай санагдсан.

-Улсын асрамжийн төв рүү очиж байна уу?

-Очилгүй яах вэ. Надтай хамт тэнд өсч бойжсон 120 хүүхэд бол яалт ч байхгүй миний дүү, ах, эгч нар. Саяхан асрамжийн төвийнхөө 30 жилийн ойгоор “Өнөр бүлийнхэн” гэдэг дурсамжийн номыг нь хэвлүүлсэн. Бид нар бүгдээрээ нэг л эцгийн хүүхдүүд шиг хамтдаа байж, хамтдаа өссөн учраас өнөөдөр ч уулзах үедээ уулзаад, туслах үедээ туслаад, дэмжих үедээ дэмжээд явдаг. Хамгийн гол нь би “Асрамжийн газарт өссөн хүүхэд муу хүн байдаггүй” гэдгийг хүмүүст дахин дахин хэлмээр санагддаг юм. Амьдралынхаа төлөө өөрсдөө тэмцэх, нэг нэгнээ хайрлах, байгаагаа бусадтай хуваалцах, сэтгэлийн дэм өгөх гээд тэр их ховор чанарыг бид тэндээс авсан. Би завтай үедээ асрамжийн төв дээрээ очиж, хүүхдүүдэд бэлэг өгдөг. Мөнгө байхгүй бол тэнд байгаа хүүхдүүдтэй хамт хооллож, уулзаж ярилцаад л явдаг. Би дандаа л “Амьдралдаа хүнийг сайн сайхнаар төсөөлдөг байх хэрэгтэй” гэж боддог. Хоёр хүүхдийнхээ төлөө хангалттай их ажиллаж байна. Боломжийн цалин хөлс авч байна. Залуу байгаа дээрээ ажиллаад, тэтгэвэртээ гарахаараа хүүхдүүдийнхээ хүүхдийг хараад сууна даа л гэж боддог. Тийм болохоор эрч хүчтэй амьдралд үлдсэн хугацаандаа илүү ихийг хиймээр байна. Хүүхдүүд маань нас бага байгаа учраас тэдэнтэйгээ урт удаан хугацаанд хамт байхын тулд эрүүл баймаар байна.

-Анх 12 настайдаа гурван дүүгээ дагуулаад асрамжийн төвд очиж байсан тэр үеэс өнөөдрийг хүртэлх өнгөрсөн хугацаанд та ямар дүгнэлт өгдөг вэ?

-Бид их сайн байгаа. Манай аав, ээжийн хамаатнууд олон бий. Гэхдээ ээж маань нас барах үед би дүү нартайгаа хамт байх хэрэгтэй гэдэг шийдвэр гаргаад асрамжийн төв рүү явж байсан. Тэгэхгүй бол дөрвөн тийш ах дүү нар руугаа тарвал огт өөр хүн болж өснө шүү дээ. Зүв зүгээр амар амгалан байсан амьдрал маань нэг л өдөр тогоо хөмрөх шиг болж, бүх зүйл харанхуйлсан санагддаг. Сайн сайхан амьдралаас гэнэт асрамжийн төв рүү дөрвөн чемоданиа чирээд гурван дүүгээ хөтлөөд очсон тэр амьдрал амар байгаагүй. Оны ялгаа гэж тэнд байдаг. Бас бусадтай эвлэрч, зохицож сурах хугацаа хэрэгтэй. Тэр бүхнийг давж гарсны дараа бид нар бүгдээрээ сайхан амьдарч байна. Бүгдээрээ их сургууль төгссөн. Би тэр үед их сургуульд орохдоо төлбөрөө улсаас төлүүлсэн. Гурван дүү нарынхаа төлбөрийг найз нартайгаа нийлж, зурж зурж, төлбөрийг нь хийдэг байлаа. Одоо хоёр дүү маань АНУ-д байж байгаад сая нэг нь наашаа ирээд Мянганы сорилтын сангийн төсөл дээр ажиллаж байна. Нөгөө нь АНУ-д гэр бүлээрээ байгаа. Нэг нь Япон Монголын хооронд бизнес  компаний захирал хийдэг. Аав маань одоо манай багыг харж, асар их тус болж байна. Хүний аав, ээж гэдэг ямар их ач тустай гэдгийг ойлгож байна. Хүний амьдралд алдаж, онох зүйл олон л байдаг. Өнөөдөр аавыгаа охидынхоо дунд хамтдаа аз жаргалтай байгааг харах би дуртай. Надад их сайхан санагддаг. Хамтдаа байна гэдэг л хүний амьдралд хамгийн үнэ цэнэтэй цаг мөч гэдгийг би бүхнээс илүү ойлгодог. Бусдыг ч бас тийм байгаасай гэж хүсдэг.

-Таныг нөхрийнхөө дурсгалд зориулж кино зохиол бичсэн гэж сонссон. Миний өмнө ч бас Хаврын шувуудыг зориод ирэхэд
Хамтдаа үргэлж байх юм гэж бодсон
Хүйтэн жаврыг үлээх цагаар

Холдоод нисээд явна гэж бодсонгүй…гээд их сайхан дууны шүлэг байна шүү дээ?

-Тийм ээ, миний нөхөр намайг Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны даргаар ажиллаж байхад минь нас барсан. Бид хоёр хамтдаа хавдрын эсрэг хангалттай их тэмцсэн. Харамсалтай нь, мөнгө байлаа гээд хавдрыг эмчилж чаддаггүй юм билээ. Гадагшаа, дотогшоо их удаан явсан. Тэгээд “Эргээд харахад” гэсэн нэртэй телевизийн олон ангит кино хийх гээд зохиолыг нь дуусгаад сууж байна. Хавдар гэж ямар өвчин юм. Хүн өөрийгөө хэрхэн хамгаалах ёстой юм гээд хүнд хэрэгтэй бүхнийг энэ киногоороо хэлэхийг хүсч байна. Эндээсээ сэтгүүлчидтэйгээ хамтраад төрийн бус байгууллага байгуулан “Хавдарын эсрэг -Сэтгүүлчид” төрийн бус байгууллага байгуулж, Монголд PET-ckan  гэдэг оношилгооны аппарат авчрах зорилготой байгаа. Энэ аппарат байвал бүх хүн энэ өвчнөөс зөвхөн үхэж бус амьд дээрээ салах хэмжээнд сэргийлж чадахтайгаа болох боломжтой юм билээ. Үнэ нь нэлээд өндөр л дөө. Гэхдээ л би өөрийгөө хийх ёстой л гэж бодож байгаа.

-Хүн бүрт хэрэгтэй сайхан санаачилга байна?

-Тийм ээ. Энэ аймшигт өвчин зөвхөн миний амьдралд хагацал учруулсан биш шүү дээ. Өнөөдөр манайд байгаа cityckan гэдэг оношилгооны багаж л байдаг. Тэр нь хавдрын эмчилгээг хянах, зургийг нь гаргах ямар ч боломжгүй юм билээ. Харин petскан-ыг оруулаад ирчихвэл хүмүүс химийн эмчилгээний явцыг хянах боломжтой болно.

-Таны санаачилга бүтнэ гэдэгт итгэлтэй байна. Тэгээд ч та бууж өгөхгүй нь тодорхой шүү дээ?

-Бууж өгөхгүй ээ. Санхүүжилтийг нь олохын төлөө тууштай зүтгэнэ дээ. Би цаг үргэлж л зөв явах юмсан. Буруу зүйл хийчихгүй юмсан гэж боддог. Бас өөрийнхөө ертөнцөд зүрх сэтгэлээ дагаад, бусдад тустай, өөртөө сэтгэл хангалуун амьдрахыг хүсч байна.

Г.ОТГОНЖАРГАЛ

Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж