ҮЗХ-ны хуралдаанаар ротаци явуулах эсэхийг шийднэ

Хуучирсан мэдээ: 2011.03.09-нд нийтлэгдсэн

ҮЗХ-ны хуралдаанаар ротаци явуулах эсэхийг шийднэ

Ардчилсан нам Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүдийн дунд жил бүр ротаци буюу дотоод сонгууль явуулдаг. Энэ жил сонгуулийн өмнөх жил гэдэг утгаараа намын сүүлийн ротаци болж байгаа юм. Нийт гишүүдийн гуравны нэгийг ээлжит бус сонгуульд оруулж байхаар болсон. Үүнийгээ ардчиллыг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлж байна гэж тайлбарлаж байсан удаатай. Харин энэ удаагийн ротаци сонгуулийн өмнө болж байгаа учир явуулахгүй байх хэрэгтэй гэсэн зарим гишүүний санал ирсэн аж. Иймээс уг асуудлыг Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаанаар хэлэлцэхээр болжээ.

Энэ талаар Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбатаас тодрууллаа.

-Үндэсний зөвлөлдөх хорооны хурал хэзээ болох вэ?

-ҮЗХ-ны хурал өнөөдөр болно. Энэ удаагийн ротацийн асуудлыг дүрэмдээ эргэж авч хэлэлцье гэсэн гишүүдийн санал гарсан. Гишүүд санал, хүсэлтээ болон гарын үсгээ намын даргад ирүүлсэн юм. Нийт 140 гаруй гишүүн саналаа ирүүлсэн байгаа. Эдгээр гишүүд нь ҮЗХ-ны олонхи гэсэн үг.

-Тэдний хүсэлт ирүүлсэн үндсэн шалтгаан нь чухам юу юм бэ?

-Ротаци нь сонгууль дөхөх тусам намын дотоод асуудлыг хөндөхөөс өөр аргагүйд хүрч байгаа юм. Ялангуяа мөнгөтэй хүмүүс нь шат шатны намыг үймүүлэх ажиллагаа их түгээмэл хэлбэр рүүгээ явах шинжтэй байна. Тиймээс намынхаа тогтвортой байдлыг хангах үүднээс энэ удаагийн ротацийг хэлэлцэх хэрэгтэй гэсэн хүсэлт гаргасан. Хоёр дахь асуудал нь намын дүрмийн шинэчлэлийн тухай. Намын дүрмийг 2012 оноос болж өгвөл тэрнээс өмнө хэрэгжүүлэх чиглэл рүү ажиллаж байна. Харин ротацитай холбоотой заалтыг ҮЗХ-ны хурал буюу төлөөллийнхөө байгууллагаар хэлэлцье. Хэрэв олонхийн санал нэгдвэл ротацийн сонгуулийг энэ удаа явуулахгүй.

-ҮЗХ-оор ротациас өөр асуудал хэлэлцэх үү?

-Одоогоор хэлэлцэхээр төлөвлөсөн өөр асуудал байхгүй.

-“Ротацийг энэ удаа явуулахгүй байя” гэсэн гишүүдийн саналын цаана С.Эрдэнэ гишүүн байгаа гэх яриа байна. Энэ талаар та тайлбар хийхгүй юү?

-Энэ асуудалд намын удирдлага болон нэр нөлөө бүхий УИХ-ын гишүүнтэй холбоотой асуудал байхгүй. Гишүүдийн өөрсдийнх нь санаачилгаар хийж байгаа гэж би ойлгож байна. Гишүүд хүсэлт тавиад намын байранд гарын үсгээ төвлөрүүлж авмаар байна гэдгийг нь би хүлээн зөвшөөрсөн. Яагаад гэвэл энэ бол намын байгууллагын нэг үйл ажиллагаа юм. Нэг өдрийн дотор 140 гаруй хүний гарын үсэг цуглуулна гэдгийн цаана асуудал байна гэсэн үг. Тийм учраас бид үүнийг заавал тооцож үзэх ёстой.

Ц.ЭНХЦЭЦЭГ


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж