
Эмэгтэйчүүдийн улс төрийн эрхийн тухай конвенцийг одоогоос 60-аад жилийн тэртээ буюу 1952 оны арванхоёрдугаар сарын 20-нд баталж, 1954 оны долдугаар сарын 7-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн байдаг. Уг конвенцид эмэгтэйчүүдийг алагчилахгүйгээр, эрчүүдийн нэгэн адил бүх сонгуульд санал өгөх, сонгогдох, төрийн бүхий л үүргийг гүйцэтгэх эрхтэй хэмээн заажээ. Энэхүү конвенц эдүгээ НҮБ-ын архивт хадгалагддаг. Мөн “Эмэгтэйчүүдийг алагчилах бүх хэлбэрийг устгах тухай конвенцийг Ерөнхий ассамблейн 1979 оны арванхоёрдугаар сарын 18-ны өдөр баталж 1981 оны есдүгээр сарын 3-наас мөрдөж эхэлжээ. Эмэгтэйчүүдийг алагчилах үзэл нь тэгш эрх, хүний нэр төрийг хүндэтгэх зарчмыг зөрчиж, эмэгтэйчүүд улсынхаа улс төр, нийгэм, эдийн засаг, соёлын амьдралд эрэгтэйчүүдийн нэгэн адил оролцоход нь саад учруулж байна. Нийгэм болон гэр бүлийн хөгжил цэцэглэлтийг саатуулж, эмэгтэйчүүдээс улсынхаа болон хүн төрөлхтний үйлсэд хувь нэмэр оруулах бололцоогоо бүрэн хөгжүүлэхэд нь бэрхшээл учруулж байна хэмээн уг конвенцид заасан байдаг ажээ.
НҮБ-ын 1945 онд гаргасан шийдвэрээр жил бүрийн гуравдугаар сарын 8-ныг Олон улсын эмэгтэйчүүдийн баяр болгон тэмдэглэн өнгөрүүлэх болсон.
Монголчуудын хувьд энэ өдөр эмэгтэйчүүдээ баярлуулах, албан байгууллагаас нь шагнах, харин эмэгтэйчүүд нь УИХ-д эзлэх квотын тухай ханатлаа ярьдаг өдөр болчихоод байгаа. Энэ жилийн хувьд ч мөн адил. Монголын эмэгтэйчүүдийн сан, “Эмэгтэй удирдагч” сан, Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг төв зэрэг байгууллагууд хамтран “Тэгш оролцоо, шударга төлөөлөл, хариуцлагатай улс төр” нэртэй арга хэмжээг өчигдөр зохион байгуулжээ. Энэ үеэр мөн л сонгуулийн тогтолцоог өөрчлөх, эмэгтэйчүүдийг дэмжсэн квот тогтоож хуульчлахыг шаардав. Тэд УИХ дахь намын бүлгүүд, улс төрийн намуудад хандан шаардах бичиг гардуулах гэсэн боловч амжилтад хүрсэнгүй. Урьсан намуудын төлөөлөл нь ч ихэрхээд, эсвэл шалтаг тоочоод ирээгүй байна.
Одоогоор Монголын улс төрийн тэргүүн эгнээнд яваа эмэгтэйчүүдээс нам тус бүрээр нь цохон өгүүлье. Гэхдээ тус сонины зүгээс ямар нэг чансаагаар шалгаруулаагүй, намуудын “насны дараалал”-аар дурьдсан болохыг дашрамд дурьдах нь зүйтэй болов уу.
1. Ардын нам. Ардын намын эмэгтэйчүүдийн байгууллага өнгөрсөн “Нийгмийн ардчилал, Монголын эмэгтэйчүүдийн холбоо” буюу НАМЭХ нэртэй болсон. Тэд өнгөрсөн аравдугаар сард холбооныхоо нэрийг өөрчлөхийн сацуу сүүлийн арван таван жил халаагаа өгөөгүй Д.Алтай даргаа өөрчлөхийг хүссэн. Тус намын эмэгтэйчүүдээс УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, холбооны дэд тэргүүн Г.Идэрмаа нарын өнгө зүс, бэл бэнчин, мэдлэг боловсролоороо эн тэнцүү бүсгүйчүүдийн нэр дуулдаж байсан ч хуучин дарга нь хэвээрээ үлдсэн билээ. Уйтгартай, нэгэн хэвийн зүйл ярих өрсөлдөгчдийн хэн нь ч олны анхаарлыг татаж чадаагүй нь ч даргаа сольж дөнгөөгүйн бас нэг шалтгаан болсон биз ээ. Мөн эмэгтэйчүүдийн холбоо байтугай сайдын суудал ч горьддоггүй дайчин, хатуу, жинхэнэ улстөрчдийг УИХ-ын гишүүн Д.Арвин гарцаагүй тэргүүлнэ. Насаараа намын эмэгтэйчүүдийн байгууллагыг тэргүүлсэн нь дээр үү, улс төрийн хар хорон дунд гал, ус руу гараа дүрж байгаад УИХ-ын сонгуульд өрсөлдөх үү гэдэг МАН-ын хувьд том эрсдэл, эргэлзээ бүхий шийдвэрийг шаарддаг. Түүнчлэн ямар ч үед сайдын суудлыг баттай атгасан Т.Ганди, хүүхдийн байгууллагаас эхлээд, хүүхний байгууллагад нь хүртэл насаа элээж яваа, нэгэнтээ М.Энхболдын эсрэг намын даалгавраар том дуугарч од болсон сайд асан Н.Болормаа нарыг мартах аргагүй. Түүнчлэн сүүлийн үед Эрүүл мэндийн дэд сайд Ж.Цолмон нарын гоо сайхан, улс төрийн ур ухаан, авхаалж самбаагаараа хэнээс ч дутахгүй өрсөлдөгчид “шилийг нь хазах” гээд дугаараа хүлээж буй. TV-5 телевизийн захирал Д.Сарангэрэл, Хүний эрхийн хуульч М.Ичинхорлоо нарыг сонирхох хэсэг ч нийгэмд чамлахааргүй байгаа. МАН-ын хүүхнүүдийн холбооны босгоор нэгэнт зориглон алхсан тэднийг олон нийт таалаад, дэмжсэн байхад хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй биз ээ.
2.Ардчилсан нам. Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо өнгөрсөн есдүгээр сарын эхээр гуравдугаар чуулганаа зарлан хуралдуулсан. Хот, хөдөөгийн 400 гаруй төлөөлөгч хуралдаад Ерөнхийлөгчийн зөвлөх асан Ц.Оюунгэрэлийг тэргүүнээрээ сонгосон билээ. Тус намын эмэгтэйчүүд их улс төрийн хаалгаар орсон л бол гарах хаалгаа олох дургүйгээрээ онцлогтой. Гэсэн ч сонгогчид сониучирхдаг ч юм уу, эмэгтэй гишүүнээ эргэж сонгохдоо хойрго байдаг нь хачирхалтай. Тэдний хувьд УИХ-ын сонгуульд тойрог олж авахаар уралцах мөч ч хаяанд ирлээ. Олон хоног тойрч алхсан намын байрныхаа шилэн хаалгыг ширвэж татах өдрүүд ч олшров. УИХ-ын гишүүн асан Б.Мөнхтуяа, Б.Дэлгэрмаа нар хийгээд намын төв аппаратад ажиллаж буй эмэгтэйчүүд нь аль нэг яамны дэд сайд буюу боломжийн албан тушаал хашиж буй бусдадаа гомдоллоод байхгүй ч байр сууриа амархан тавьж өгөхгүйгээ харуулсаар байна.
3. ИЗН. ИЗН-ын хувьд С.Оюун гэгч ганцхан “ туг”-тай. “Ганц морьт уралдаач, ганц дээлт барилдаанч” гэгчээр гадаа гарч эр, гэрт орж эм болсон тэр туг нь сонгуульд яаж ийгээд нэг суудал баттай авдаг. УИХ-ын 2004 оны сонгуульд ялсныхаа дараа эвссэн Засгийн газрыг элэг барьж, Ц.Ганхуягийгаа сугандаа хавчуулан сайдын суудалд суучихаад буулгасан нь чамлахааргүй амжилт байв. Харин чуулганы нэгдсэн хуралдаанда суух нь цөөрсөөр байгаа тэрбээр энэ удаа Ногоон намынхантай нэгдэж, намын даргын суудлаа тавьж өгсөнд гишүүд, дэмжигчид нь тун сэтгэл дундуур үлдсэн бололтой. Ингэснээр энэ нам хийгээд С.Оюуны улс төрд төгсгөл ирж буйг ч үгүйсгэхгүй хэмээн ажиглагчид дүгнэж буй.
4.ҮШН. Тус намын эмэгтэй улстөрчид гэхээр мөн л гарын таван хуруу элбэгдэнэ. Иргэний хөдөлгөөнөөс урвасан, сэтгүүлч Г.Уянгын гэнэтийн зочлолт тус намд жендерийн гэгээ татуулсан гэхэд хилсдэхгүй. Хэдийгээр гишүүнчлэлийн жагсаалтад нь эмэгтэй хүний нэрс буй ч хэн нь, хаана явааг хэлэхэд хэцүү байна. Гэхдээ генсекийн суудалд шууд хүрсэн Г.Уянгын улс төр урагштай байна гэдэгт олон хүн итгэж байгаа нь лавтай.
5.МАХН. Нэгэн цагт нэрээрээ айлгаж явсан энэ намын товчлол нь л аугаа болохоос задлаад уншихаар бишүүрхэж бэргэмээр. Хамгийн түрүүнд орж галыг нь асааж, цайг нь чанасан ганц эмэгтэй бол урьд нь МАХН-ын Ёс зүйн хорооны дарга асан Н.Удвал. Одоо тус намын генсекээр ажиллаж буй тэрбээр “Ухрах уу, урагшлах уу” хэлэлцүүлгээс хөвөрсөн улс төрийн шинэ алхамдаа итгэл төгс буй. Гэхдээ Н.Энхбаярыг дагасан улс төр нь хэр үр дүнд хүрэхийг хэлэхэд эрт байна. Ямартай ч хүндэлсэн лидертээ үнэнч, тууштай хандаж буй нь цөөнгүй хүнд таалагдсаныг л лавтай хэлж болно. Хамгийн хуучин намын нэр дор хамгийн шинэ намыг хэрхэн босгож ирэх, үүнд эмэгтэй кадр хэрхэн нөлөөлөхийг түүний хийж байгаа болон хийх гэж буй үйлдлүүдээс ажиглаж суух л үлдлээ.
Энэ бүхний цаана эрчүүдээс дутахааргүй мэдлэг боловсролтой, ухаан чадалтай, нэр хүндтэй олон арван эмэгтэй улс төрийг анхааралтай судлан, хөл тавихаар зэхэж буй. Тэдэнд тусалж дэмжих, өөрсдийгөө бус, ер нь эмэгтэйчүүд улс төрд зайлшгүй тэгш эрхтэй оролцох хэрэгтэй гэсэн итгэл үнэмшилдээ үнэнч яваа Монголын эмэгтэйчүүдийн сан, “Монфемнет” үндэсний сүлжээ, Иргэдийн “Алъянс” төв, “Эмэгтэй удирдагч сан” зэрэг олон байгууллага НҮБ-ын тусламжтайгаар дуу хоолойгоо нэгтгэж байна.
Монголын улс төрд эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдэж, хэсэг хугацааны дараа хүйсийн тэнцвэртэй байдлыг өөр нүдээр харах болно гэдэгт итгэхийн зэрэгцээ Монголын нийт эмэгтэйчүүддээ сайн сайхныг хүсье.
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин