
“Ean нь уул уурхайн компаниудад нэг тэрбум гаруй ам.долларын санхүүжилт босгож, Австрали болон Хонконгийн хөрөнгийн зах зээлд компаниудыг гаргаж байсан мэдлэг туршлагаа MICC-д авчирч байна. Австрали болон Хонконгийн хөрөнгийн зах зээл нь Монголын уул уурхайн компаниудын хувьд хамгийн таатай зах зээл болж байгаа бөгөөд түүний туршлага харилцагчдад маань үр өгөөжөө өгнө гэдэгт итгэлтэй байна” хэмээн MICC-гийн Ерөнхийлөгч Д.Ачит-Эрдэнэ өгүүллээ.
Ean Alexander нь MICC-д ажиллахаасаа өмнө Австралийн хамгийн том хөрөнгө оруулалтын банк болох Macquarie Capital-д “Уул уурхайн групп”-т ажиллаж байжээ. “Macquarie Capital” нь “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг олон улсын зах зээлд гаргахад зөвлөгөө өгөх дөрвөн банкны нэгээр шалгарсан билээ. Хувьцааны борлуулалтад оролцох, зуучлах үүрэг бүхий бэлтгэл ажилд хамтран оролцох Австралийн хөрөнгө оруулалтын банк гэдгээр нь монголчууд андахгүй. Мөн уул уурхайн дэлхийн топ компани болох “Рио-Тинто” болон “Интер Континентал Хотел Групп”-т ажиллаж байсан шилдэг мэргэжилтэн аж.