Эмэгтэйчүүдийн талаар зарим тоо баримт

Хуучирсан мэдээ: 2011.03.09-нд нийтлэгдсэн

Эмэгтэйчүүдийн талаар зарим тоо баримт

Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг мягмар гаригт тэмдэглэн өнгөрүүлсэнтэй холбогдуулан ажлын байр, боловсрол зэрэгт эмэгтэйчүүдийн эзэлж буй хувь жингийн талаарх зарим тоо баримтыг танилцуулж байна.

Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг XX зууны эхэн үеэс тэмдэглэж эхэлсэн бөгөөд нэгэн  үед аж үйлдвэржсэн орнуудад эрч хүчээ аван, тэлэн өргөжиж байсан удаатай. Хүн амын өсөлт, үзэл суртлын туйлшралт ихсэх тусам улам хөгжин цэцэглэж байсан.

Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг Австри, Дани, Герман, Швейцарь улсад анх удаа тэмдэглэж,1911 оны гуравдугаар сарын 19-ний өдөр сая гаруй эмэгтэй, эрэгтэй хүмүүс жагсаалд оролцож, эмэгтэйчүүдийн ажиллах, санал өгөх, боловсрох, нийтийн албан тушаалд ажиллах эрхийн төлөө тэмцжээ.
Зарим тоо баримтууд.

Эрүүл мэнд. Дэлхийн хэмжээний дундаж үзүүлэлтээр эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс 6-8 насаар илүү амьдарч байна. Төрснөөс хойшхи эмэгтэйчүүдийн амьдрах найдвар 2007 онд дэлхийн 35 оронд 80 гаруй жилийн наслалт байгаа бол Африкийн бүс нутагт дөнгөж 54  байгаа аж. Орлогын түвшин өндөртэй орнуудад 20-59 насны эмэгтэйчүүдийн хөхний хавдар нас баралтын өндөр үзүүлэлттэй болж байгаа ажээ.  Зүрх судасны өвчин “эрэгтэйчүүдийнх” гэж ихэвчлэн үздэг боловч эмэгтэйчүүдийн нас баралтын гол шалтгаан болж байгаа юм байна.

Тамхидалт. Дэлхийн нэг тэрбум тамхичны 20 хувь нь эмэгтэйчүүд гэж үздэг. Тамхичин болсны уршгаар жил бүр нас барж буй дэлхийн таван сая хүний 1,5 сая нь эмэгтэйчүүд байна. Дэлхийн хэмжээнд жил бүр нас барж байгаа 600000 идэвхгүй тамхичдын 64 хувь нь эмэгтэйчүүд аж.

Боловсрол. Дэлхийн хэмжээнд насанд хүрсэн бичиг үсэг мэдэхгүй 759 сая хүний гуравны хоёр хувь нь эмэгтэй байна. 121 оронд хийсэн судалгаагаар дэлхийн бүх эрдэм шинжилгээний ажилтны 29 хувь нь эмэгтэйчүүд ажээ.

Удирдах албан тушаал.
1995-2010 онд парламентад эзлэх эмэтэйчүүдийн квот дэлхийн хэмжээнд 11-19 хувь хүртэл өссөн боловч хүйсийн тэнцүү хэмжээнд хүрэхэд хол байгаа аж.

2010 онд дэлхийн 151 орны төрийн тэргүүний ес нь эмэгтэй байжээ. 197 орны Засгийн газрын тэргүүний 11 нь эмэгтэй байв. Дэлхийн хэмжээнд төрийн яамдад ажиллагсдын дөнгөж 16 хувь нь эмэгтэй ажилтнууд байгаа ажээ.

Эх сурвалж: REUTERS
Бэлтгэсэн Д.Пунцаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж