Өвөрхангайгаар зорчсон тэмдэглэл

Хуучирсан мэдээ: 2011.02.22-нд нийтлэгдсэн

Өвөрхангайгаар зорчсон тэмдэглэл

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    “Хүрээнээс ирсэн ламаас үг” сонс гэх үгийг  Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  Өвөрхангай, Баянхонгор, Архангай  аймгуудад  ажиллах үеэрээ  моодонд оруулав. Хүрээнээс ирсэн  Төрийн тэргүүн, бусад яам агентлагийн дарга нараас чихэнд чимэгтэй үг сонсох,  санал бодлоо илэрхийлэх басхүү улстөрчдийн шийдвэрийг шүүмжлэх гэсэн иргэд энд тэндээс зорин ирнэ. Тэтгэвэр тэтгэмж, хүний хөгжил сангийн мөнгө, эхчүүдийн одонгийн нэмэгдэл,  зээл тусламж, Тавантолгойгоос хувь хүртэх, Оюутолгойд ажиллах боломж, сургалтын төлбөр, оюутны тэтгэлэг, ажлын байр, сум орон нутгийн бүтээн байгуулалт, үйлдвэрлэл, зам харилцаа гээд хөдөөгийнхөнд Ерөнхийлөгч,  яам, агентлагийн дарга,  орон нутгаас сонгогдсон  УИХ-ын гишүүдээс асууж лавлах зүйл мундахгүй.

    Өнгөрсөн жилийн зуд ажилгүйчүүдийн эгнээг нэмжээ

    Улаанбаатар хотоос 300 гаруй км газар 40-50 см зузаан хатуурсан цасан дундуур довтолгосны эцэст  Өвөрхангай аймгийн Өлзийт сумын нэгдүгээр багийн малчин Ц.Дондовхүүгийнх гэх хот айлын бараа харагдав.  Малчин Ц.Дондовхүүгийн гадаа нэлээд хэдэн тооны машин, мотоцикл “сойжээ”. “Ерөнхийлөгч ирнэ” гэх сургаар аймаг, сум, баг тэр чигээрээ хөдөлгөөнд орсон нь илт. Өлзийт сумын дийлэнх хувьд их хэмжээний цас унаж машин явах аргагүй болжээ. Төрийн тэргүүн  морилж байгаа тул аймгийн Онцгой байдлынхан өмнөх өдөр нь зориулалтын техникээр машин явах зам гаргаж, бид зорьсон газраа саадгүй хүрлээ. Харин зам зуур  гурван ч машин цасанд суусантай дайралдав.

      Ерөнхийлөгч ирэх мэдээгээр  аймаг сум, айл сайхалт, ах дүү хамаатан садан морьтой, явган, мотоциклтой, машинтай тэднийд цугласан нь энэ. Гэрийн эзэгтэй, үр хүүхэд ч хөл хөөрцөг болж, өнгөтэй өөдтэйгөө өмсөн, амттай шимттэй бүхнээрээ дайлж цайлна. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын сүүлчээр орсон цасан дээр өнгөрөгч нэгдүгээр сард гурван өдөр дараалан орсон их хэмжээний цас нэмэгдэн хунгарлаж хатуурсан нь машин явахад бэрх болгосон аж.

    Өлзийт сумын нийт нутаг дэвсгэрийн 80 хувь нь их хэмжээний цастай, одоогийн байдлаар сумын хэмжээнд 1000 гаруй толгой мал хорогджээ. Гэвч “Өнгөрсөн жилийн зудыг бодвол малын хорогдолгүй  шахуу байна” гэж  малчин Ц.Дондовхүү өгүүлж сууна. Тэрбээр 1970 оноос хойш мал маллаж байгаа ч өнгөрсөн жилийн зудад малынхаа багагүй хувийг алджээ. Цөөн малтай залуучууд, дунд насныхан амин зуулга болсон малынхаа багагүй хувийг алдаж, амьдрал нь доройтож хот суурин газар  шилжих болсон талаар сумын засаг дарга Ё.Рэнцэндорж хэлж байна. Тус сум 2009 онд 160 мянган толгой мал тоолуулсан бол өнгөрсөн жилийн зудад 90 мянга болтлоо хорогдсон нь энэ. Малжуулах төслийн хүрээнд 53 айлд тус бүр нэг сая төгрөгийн мал,  20 өрхөд 300 мянган төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлсэн гэнэ. Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжихээр Засгийн газраас  хуваарилсан 50 сая төгрөгийг арилжааны банкаар дамжуулан олгож байгаа нь малчдын хувьд хэцүүхэн даваа. Учир нь банкнаас шаардаж буй барьцаа хөрөнгийн  хэмжээг давах  өрх тун ховор. Зээл авлаа гэхэд төслөө хэрэгжүүлэхэд хүрэлцэхгүй, улмаар  дампуурах эрсдэл ч тэдэнд ойрхон.  Түүнчлэн сүүлийн арваад жилд их хэмжээний цас ороогүй, өвөлжилтийн бэлтгэлээ хангалттай базаагүйгээс байгалийн гэнэтийн үзэгдлийн өмнө өвдөг сөхөрч, хотоо харлуулсан айл ганц нэгээр дутахгүй гэж хашир малчид халаглана.

    Наран үд хэвийх үед  Арвайхээр хотын зүг хөдөлсөн юм. Төрийн тэргүүнтэй нүүр тулж уулзах, түүний үгийг сонсох, санал бодлоо хэлэх гэсэн өвөрхангайчууд төв талбайдаа хэзээний цуглажээ. Тэд аймагтаа хамгийн олон хүний  суудалтай хөгжимт драмын театртаа багтахаа больж, зарим нэг нь уурлаж бухимдаж байгаатай таарав.  Овсгоотой  нь хурал эхлэхээс цагийн өмнө ирж, аятайхан суудалд суугаад Ерөнхийлөгчийн хэлэх үг бүрийг анхааралтай сонсоно. Ерөнхийлөгч энэ үеэр Үндэсний аюулгүй байдал, иргэний эрх, шударга ёс, байгаль орчин, Монгол хүн, Монгол уламжлал, гадаад харилцааны хүрээнд баримталж буй  бодлого, зарчим, санаачилж буй хуулийн төслүүдээ танилцуулж, дууссаны дараа иргэдэд асуулт асуух боломж сая нэг олдов. Тэдний асууж буй асуултын дийлэнхийг “Хүний хөгжил сан”-гаас олгож буй 21 мянган төгрөгийг бөөнөөр нь авах юм уу, тэтгэврийн болон бусад зээлд шилжүүлэх боломж, “Алдарт эх”-ийн одонгийн мөнгөн авахад  үрчилсэн, өргүүлсэн, нас барсан хүүхэд хамрагдах эсэх, малчдыг дэмжих төсөл хөтөлбөрүүд  зарладаг ч банкны хүү өндөр, танил тал хамаатан саднаа  төрийн албанд ажилд авах, намын харьяаллаар ялгаварлах зэрэг асуудал олонтаа хөндөгдөж байлаа.

    Монгол Улс мандан бадарч байна уу, мөхөж байна уу?

    Асуулт, ярилцлага ид үргэлжилж байх үед иргэдийн дундаас 30 гаруй насны залуу босоод “Монгол Улс мандан бадарч байна уу, мөхөж сөнөж байна уу гэж Төрийн тэргүүнээс асуумаар  байна” гэлээ.Түүний хэлэх үг үүгээр дууссангүй.  “Манай төр засаг нэг л биш ээ. Эхийгээ зовоосон толгой томтой хүүхэд шиг л болчихож. Наад зах нь ард түмнээс сонгогдсон түшээд хуралдаа ирж суухгүй байна” гэхэд танхимд суух иргэд алаг нижигнүүлэн ташиж түүнийг дэмжих аж. Үүний хариуд УИХ-ын гишүүн Г.Батхүү “Хэвлэл мэдээллийн хэрэгслээр явж буй  мэдээллүүд өөр өөр  байр сууринаас  хандсан байх талтай. Гэхдээ хуралдаа сууж, саналаа өгөхийг гишүүдээс хатуу шаардана. Түүнээс биш Засгийн газар замбараагаа алдсан зүйл байхгүй” гэх хариултаар амыг нь таглав. Үүний дараа нэгэн эмэгтэй Ерөнхийлөгчид хандан “Би 50 настай. Ажилгүй, тэтгэвэргүй. Намайг тэтгэвэрт оруулж өгөхгүй юм бол ядаж намуудын амласан 2 сая 500 мянгаа авъя” гэнэ. Энэ мэт асуудал үргэлжилсээр хурал ч өндөрлөх болов. Хүмүүсийн сэтгэлд ашигт малтмалын лиценцийг нэмж олгохгүй, Алдарт эхийн одонгийн мөнгийг зургадугаар сард өгнө, оюутнуудад сар бүр тэтгэлэг авдаг болно, доод хэмжээний тэтгэвэр авч байгаа  өндөр настны тэтгэврийг нэмэгдүүлэх талаар ярилцана, архины тухай хуулийг шинэчлэн батална,  Оюутолгой, Тавантолгойгоос хувь хүртэх боломжтой,  Өвөрхангай аймагт жил бүр бүтээн байгуулалт, ажлын байр нэмэгдэнэ гэх үгэнд сэтгэл нь амарч  танхимаас гарч одлоо. “Гэвч миний асуултанд хариулсангүй, ганц удаа уулзаж байгаа болохоор асуух зүйл  байна” хэмээн ам амандаа хий дэмий үглэсээр үлдэв.

    Улаанбаатарын утаа Арвайхээрт  үнэртэнэ

    Улаанбаатар хотоос бусад газар цэвэр агаар амьсгална гэдэг эндүүрэл болж. Нийслэлд хотод шөнө орой хоолой хорсгох нүүрсний утаа Арвайхээр суманд ч үнэртэж эхэлжээ. Учир нь тус аймагт  6-7 жижиг уурын  зуух, орон сууц, байгууллагыг дулаанаар хангаж, ямар ч шүүлтүүргүй утаа агаарт тарааж буйтай холбоотой гэнэ. Тиймээс орон нутгийн удирдлагууд, тус аймгаас сонгогдсон төрийн түшээд нэгдсэн халаалт өгөх Дулааны цахилгаан станц барих асуудлыг анхааралдаа авахаа амлав. “Өнөөдрийн уулзалтад ярьсан бүхэн нь бодит ажил болоосой” гэж өвөрхангайчууд залбирсаар хоцорлоо…

    С.Отгон

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж