ҮЗХ-нд ротаци явуулах эсэхийг хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2011.03.07-нд нийтлэгдсэн

ҮЗХ-нд ротаци явуулах эсэхийг хэлэлцэнэ

Ардчилсан намын ҮЗХ-ны хурал энэ сарын 9-нд буюу нөгөөдөр хуралдах юм. Ардчилсан намын дотоод дүрмэнд зааснаар намын эрх барих дээд байгууллага болох ҮЗХ буюу Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүдийн дунд жил бүр ротаци явуулж, нийт гишүүдийн гуравны нэг буюу 72 хүнийг ээлжит бус сонгууль явуулж шинэчилж байх дүрэмтэй.

Харин энэ удаа ҮЗХ-ны гишүүдийн дунд ротаци явуулахгүй байх саналыг ҮЗХ-ны гишүүд гаргаж 140 гаруй гишүүдийн гарын үсэг цуглуулж АН-ын дарга Н.Алтанхуягт хүсэлт хүргүүлсэн байна. Үүний дагуу намын удирдлага асуудлыг авч үзээд гишүүдийн дунд ротаци явуулахгүй байх хүсэлтийг ямартай ч эхний ээлжинд хүлээж авчээ.

Харин намын ерөнхий нарийн бичгийн даргын хэлж байгаагаар ротаци явуулахгүй байх үндсэн шалтгаан нь 2012 оны парламентийн сонгууль ойртох тусам намын дотоод асуудлыг хөндөхөөс өөр аргагүй байдалд хүргэж байгаа. Түүний үзэж байгаагаар нөлөө бүхий хүмүүс АН-ыг шат шатанд нь үймүүлэх шинж тэмдэг илэрч байгаа бөгөөд намын тогтвортой байдлыг хадгалах үүднээс энэ удаагийн ротацийг эргэж харах шийдвэр гаргаж байгаа аж.

АН дотоод дүрэмдээ 2012 оноос өмнө өөрчлөлт оруулах ажил эхлэхээр төлөвлөж байгаа. Үүний дагуу нөгөөдөр хуралдах ҮЗХ-ны хурал буюу төлөөллийн байгууллагын хуралдаанаараа ротацтай холбоотой заалтыг авч хэлэлцэх болжээ. Тус хуралдаанаар гишүүд дээрх асуудалд санал нэгдэх юм бол энэ удаад АН ротаци явуулахгүй байх нь. Харин ҮЗХ-ны хуралдаанаар өөр асуудал хэлэлцэхгүй байхаар тогтож.
Нөгөөтэйгүүр ээлжит ротацийг явуулахгүй байхаар ҮЗХ-ны гишүүдээс гарын үсэг авах аяныг өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгуулагсан. Ингэхдээ АН-ын Хэрэг эрхлэх газрын албаны дарга Б.Ургамалцэцэгийн нэрийг барьж, ҮЗХ-ны гишүүдийг “ротаци явуулахын эсрэг нэгдэх бичигт” гарын үсэг зуруулсан гэх.      АН-ын ҮЗХ-ны гишүүд намын байранд төвлөрч ротаци явуулахыг хойшлуулах гарын үсэг цуглуулах зөвшөөрлийг ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбатаас хүссэн байна. Энэ нь намын үйл ажиллагаа болохоор зөвшөөрөл олгожээ. Гэтэл ганц өдрийн дотор 140 гаруй гарын үсэг цуглуулсан нь үүний цаана асуудал байна гэж үзэхэд хүргэжээ. Тэгэхээр нөгөөдөр болох АН-ын ҮЗХ-ны хуралдаанаар ротацийн тухай заалтыг авч хэлэлцээд ротаци явуулахгүй байх нь зүйтэй гэх гишүүд нийт гишүүдийн тэн хагасаас илүү гарсан хэвээр байвал энэ удаад ротаци явуулахгүй байх нь.

Б.Алтансүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж