
Иргэдийн зүгээс тавьж байгаа асуудлууд Эх орны хишиг, эрдэнийн хувийг зөв, үр дүнтэй, үлдэцтэй зүйлд зарцуулах бодлогод чиглэсэн, үндсэн хуулийн зарим заалт, эрүүгийн хууль, тендерийн хууль, төрийн албаны хууль, ашигт малтмалын хуулиудад өөрчлөлт оруулахыг, оюутны тэтгэлгийн хуулийг цаг алдалгүй батлуулж өгөхийг хүссэн хүсэлтүүд уулзалт бүр дээр олон удаа давтагдаж байгаа.
Ерөнхийлөгчийн санаачилж, хэрэгжүүлж байгаа бодлогуудыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн талархал маш их угтаж байна. Ялангуяа архинаас татгалзахыг уриалсан Ерөнхийлөгчийн санаачилгыг хувь хүн, өрх гэр, хамт олон, сум , аймгаараа дэмжиж архигүй хамт олон болох хөдөлгөөн өрнүүлж байгаагаа хэлж байсан. Тухайлбал Баруун-Урт суманд болсон уулзалтын үеэр хэсэг иргэд , архигүй Монгол болох Ерөнхийлөгчийн уриалгыг дэмжиж “архигүй Баруун-Урт хот” болох уриалга гаргаснаа уншиж танилцуулж, энэ хүрээнд ямар ажил хийхээр төлөвлөж байгаагаа танилцууллаа. Үг хэлж, санал бодлоо илэрхийлсэн эхчүүд, эмэгтэйчүүд, архидалтын эсрэг Төрийн тэргүүн өөрөө үлгэр дууриал гаргаж байгаа нь өрх гэрийн тэргүүнүүдэд зөв үлгэр дууриал болсныг хэлж байв. “ Архи бол идээний дээж биш идээний доож гэж би боддог. Эхээс төрөөд сүү амлаж хүн болдог монголчууд сүүгээ идээний дээж гэж хүндлэх учиртай болохоос архийг идээний дээж гэдэг буруу хэлж, сурталчилдгаа болих хэрэгтэй. Архи хэрэглэж байгаа хүмүүсийн нас залуужиж, монгол хүний удмын санд ноцтой аюул учирч байна. Цаашдаа хуулийг чангаруулж, архины үйлдвэрүүдийн тоог цөөлөх ёстой гэсэн байр суурьтай байна. Төсвийн мөнгөөр архи худалдаж авдагаа өнөөдрөөс эхлэн танай удирдлага зогсоох, та бүхэн шаардлагаа тавих ёстой шүү. Ер нь архи уухыг дэврээж, бусдыг архиар шахсанаас болж гэмт хэрэг гарсан бол шахсан хүнийг буруутан гэж үзэх хэрэгтэй” гэж Ерөнхийлөгч ярилаа.
Оюутны тэтгэлгийн хуулийн хүлээлт хөдөө орон нутагт их байна. Оюутны гар дээр цалин олгох нь айл өрхийн эдийн засагт дэмжлэг болоод зогсохгүй оюутныг сонголттой, хариуцлагатай болгох гол хүчин зүйл гэдэгтэй хөдөөгийн иргэд санал нэг байна.
Түүнчлэн үндэсний аюулгүй байдалд цогцоор нь анхаарч, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг шинэчлэн баталсныг цаг үеэ олсон чухал асуудал гэж байв.
Олон иргэн Эрүүгийн хуулинд өөрлөлт оруулах талаар саналаа хэлж, шүүхийг ард иргэд албан тушаалтанд ялгавартай үйлчилж байна гэж шүүмжилж байлаа. Дорнод аймгийн иргэн н.Уранчимэг эмч нарын эсрэг гаргасан гомдолтой хэргий нь шүүх шийдэлгүй 3 жил явж байгаа тухай ярьж байв. Баруун-Урт суманд болсон уулзалтын үеэр зарим уул уурхайн компаниуд , монгол хүн гадаад хүн хоёр яг адилхан ажлын байран дээр ялгаатай цалин авч байгааг шүүмжиллээ. Хүний эрхийг зөрчдөг, адил тэгш үйлчилдэггүй энэ мэт шүүмжлэлтэй асуудлуудыг цэг болгох хэрэгтэй гэж Ерөнхийлөгч хэллээ. Зам дэд бүтэц, нийгмийн халамжийн бодлого, хөдөө аж ахуйн чиглэлийн бусад асуудлуудад Ерөнхийлөгчийг дагалдан яваа сайд, УИХ-ын гишүүд болон холбогдох агентлагийн дарга нар хариулт өглөө.