
Токиогийн хөрөнгийн бирж 2011 оны сүүлчээр NYSE Euronext биржтэй холбогдох бөгөөд үүний дараа TSE өөрийн сүлжээг Гонконг, Австрали ба Сингапурт өргөжүүлэхээр төлөвлөсөн байгаа тухай TSE-ийн мэдээллийн технологийн захирал Рюсукэ Йокояма ярив. Deutsche Boerse AG биржийн гүйцэтгэх захирал Йохен Тилийн хэлснээр тийм холбоог бүтээх нь норматив сааднаас болоод амаргүй гэнэ. Гэхдээ NYSE Euronext өнгөрсөн сард Deutsche Boerse AG-тай нийлэх талаар ярилцан тохирсон байв. “Олон жилийн турш бид Америкийн компани Германы биржийн арилжааны Xetra системд орох, бид эргээд тэдний системд орох талын зөвшөөрөл автал нэлээд их зүтгэсэн юм” гэж Сингапурт ирсэн Тиль мэдэгдсэн байлаа. Жилийн өмнө Малайзи, Филиппин, Сингапур, Тайландын хөрөнгө оруулагч нарт АНУ-д бүртгэлтэй хувьцааны арилжаа хийх боломжийг NYSE Euronext санал болгож байлаа.
Арилжааны салбарыг томсгох хандлага эрчээ авч байгааг шинжээчид тэмдэглэж байна. “Энэ бол бодит үйл ажиллагаа, харин биржүүд нэгдэх талаа хожуу эхэлж буй. Орчин үеийн технологи илүү уян хатан, арилжааны системийг зах зээлийн ажиллагаанд нэвтрүүлэхийг шаардаж байна. Ийм нэгдлүүд нь хөрөнгийн шуурхай хөдөлгөөнийг нэмэгдүүлнэ” хэмээн шинжээчид хэлж байгаа юм. Дэлхийн хөрөнгийн бирж 24 цагийн турш ажиллан дэлхийн худалдааны хэмжээг нэмэгдүүлэхэд энэ бүгд нь нэгэн алхам урагшилсан хэрэг болно гэж тэд дүгнэж байна. Эндээс зах зээлийн зохицуулагч нарт санхүүгийн урсгалыг хянах талд нь тодорхой хэмжээний хүндрэл л үүсч магадгүй юм.