Хятадад Монголын 21 иргэн ял эдэлж байна

Хуучирсан мэдээ: 2011.03.07-нд нийтлэгдсэн

Хятадад Монголын 21 иргэн ял эдэлж байна

Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Сүхбаатартай ярилцлаа.

-Саяхан
Хятадын Гадаад хэргийн сайдын том айлчлал болж өнгөрлөө. Хоёр орны
түншлэлийн зэргийг ахиулах талаар Ян Жечи сайд тохиролцоонд хүрээд
буцсан. Стратегийн түнш болно гэдгийн гол утга агуулга юу вэ?

-Улс
орнууд харилцааны төвшнөө янз янзаар тодорхойлдог. Монгол Улс, БНХАУ-ын
харилцааны төвшинг өдий хүртэл  Сайн хөршийн харилцан итгэлцсэн түншлэл
гэж томъёолж ирсэн. Хоёр орны харилцаа 1960-1970-аад оны хүйтрэлээс
гарч, харилцаагаа хөгжүүлсээр ийм төвшинд хүрлээ гэж 2000-аад оны эхээр
тодорхойлсон юм. Үүнээс хойш 10 шахам жил өнгөрч харилцааны цар хүрээ
өсөн нэмэгдлээ. Өнөөдөр худалдаа, хөрөнгө оруулалтын хэмжээгээрээ Хятад
улс манай улсын нэг номерын харилцагч болсон. Монгол Улс байгалийн
баялгаа зүй зохистой ашиглаж, эдийн засгийн үсрэнгүй хөгжлийн үед ороход
Хятад улсын үүрэг роль улам өсөн нэмэгдэхийг тооцоололгүй орхиж
болохгүй. Өмнөд хөрштэйгөө хамтран ажиллаж, байгалийн баялгаа хамтран
ашиглах, бүтээгдэхүүнээ тэдний зах зээлд борлуулах, тэдний техник
технологийг Монголд ашиглах зэргээр хамтран ажиллах замаар улам цааш
хөгжихөөс өөр аргагүй. Харилцааны хөгжлийн шинэ эхлэл дээр ирсэн энэ үед
Ян Жечи сайдын айлчлал боллоо. Өнгөрсөн жил хоёр талаас харилцан
Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын хоёр том айлчлал болсон. Эдгээр
айлчлалуудаар тогтвортой, удаан хугацааны төсөл, төсвүүдийг хэрэгжүүлэх,
хамтран ажиллах нөхцөлүүд бүрдэж байна. Улс төрийн харилцааны төвшин
маш өндөр хэмжээнд хүрлээ. Гадаад орны удирдагчидтай богино хугацаанд
тогтмол уулздаг ийм зүйл ховор. Иймээс өнөөдөр олон улсын төвшинд
тодорхойлдог стратегийн түншлэлийн хэмжээнд харилцаагаа тодорхойлъё
гэсэн тохиролцоонд дээд хэмжээнд хүрч, үүнийг агуулгын хувьд сая
ярилцлаа. Хоёр талын байр суурь ойролцоо байгаа нь харагдлаа.

Стратегийн
түншлэлийн гол үндэс нь хоёр улсын хоорондын эдийн засаг, хөрөнгө
оруулалтын урт хугацааны тогтвортой хамтын ажиллагааны суурь болж өгөх
юм байна гэдэг дээр ерөнхийдөө тохиролцсон. Стратегийн түншлэл гэнгүүт
манайхан цэрэг, улс төрийн утгаар ойлгоод байдаг.

БНХАУ өнөөдөр
эргэн тойрон хиллэдэг гол гол орнуудтайгаа стратегийн түншлэлийн
харилцаа тогтоогоод байна. Тэгж байхад Монгол Улс Хятадтай зүгээр нэг
сайн хөршүүдийн, харилцан итгэлцсэн хэмжээнд байгаад байж болохгүй.
Яахав, тухайн үедээ зөв тодорхойлолт байсан байх. Товчоор хэлбэл,
стратегийн түншлэл гэдэг нь орчин үед тохирсон, алсыг харсан хамтын
ажиллагаа хөгжүүлэх гэсэн агуулгатай юм.

-ОХУ-тай манай улсын харилцааны төвшин ямар билээ?
-Стратегийн
түншлэлийн харилцаатай. Хоёр хөрштэйгээ ижил тэгш харилцаатай байх
гэдэг утгаараа өмнөд хөрштэйгээ мөн тэгж харилцах шаардлага ч бий.

-Ян
Жечи сайдын айлчлалын үеэр сэтгүүлчидгүй уулзалт хэд хэд болсон.  Ямар
салбаруудад түлхүү хамтрах талаар ярилцсан бэ. Байр суурийн жаахан ялгаа
байсан гэж ойлгогдсон. Энэ юу байв?

-Гурван салбарт түлхүү
хамтарч ажиллая гэж ярьсан. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вен
Зябаогийн өнгөрсөн жил хийсэн айлчлалаар уул уурхайн салбар, дэд бүтэц,
санхүүгийн салбарт голлож харилцах талаар ярьсан. Энэ юу гэсэн үг вэ
гэвэл Монголын уул уурхай дээр түшиглээд Хятадын тал хөрөнгө оруулалт
хийе. Түүнтэй холбоотой дэд бүтэц барья. Энэ бүхэнд шаардагдах
санхүүжилтийг гаргая. Хөнгөлөлттэй зээл байх уу, арилжааны зээл байх уу
гэдгийг цогцоор нь шийдье гэсэн санаа хэлж байгаа юм.

Манай
талаас “Мэдээж уул уурхай дээр хамтарна. Дэд бүтэц бол зүйтэй.
Санхүүжилт зүйтэй. Үүн дээр зарим зүйлийг нэмье. Монгол бол мал аж ахуйн
орон. Үүнийг дагаад байгаль орчноо хамгаалах гэсэн зүйлийг давхар
тавья” гэж байгаа. Хятадын тал “Танай саналыг ойлгож байна. Санаа зовох
зүйл аргагүй мөн” гэсэн.  Монгол Улс зөвхөн уул уурхайн түүхий эд,
боловсруулсан бүтээгдэхүүн гаргадаг биш. Манай экспорт олон янз байх
ёстой. Мах, сүү, арьс ширэн бүтээгдэхүүн гээд Монгол Улсын экспорт олон
төрөл байх ёстой. Ганцхан салбараас хараат байх гэдэг аюултай гэдгийг
бид мэднэ. Үүнийг Хятадын тал хүлээж авч байгаа. Манай тал уул уурхайн
бүтээгдэхүүн дээр нэмж хөдөө аж ахуй, мал аж ахуйн бүтээгдэхүүн гаргая,
байгаль орчин эмзэг тул хамгаалах хэрэгтэй гэсэн санал гаргасныг Хятадын
тал ойлгож хүлээж авсан.

-Хятадад сүүлийн үед нефтийн үнэ өсч байгаа гэж тэдний сайтууд мэдээлж байна. Энэ ямар шалтгаантай вэ?
-Хятадын
нефтийн үнэ дэлхийн зах зээлээс хамаардаг. Эднийх нефть
бүтээгдлэхүүнийхээ тавь гаруй хувийг гаднаас импортолдог.  Өнгөрсөн жил
Хятадад их хэмжээний ган, хуурайшилт болсон. Газар тариалангийн гол
бүсүүддээ ургац алдсанаас болж хүнсний хомсдол үүсч, үнэ өссөн үзүүлэлт
гарч байгаа. Үүнээс шалтгаалж инфляц нэмэгдсэн тал гарсан.

-Энэ байдал Монголд нөлөөлөх болов уу?
-Шатахууны
үнийн хувьд гайгүй байх. Манайх ОХУ-аас шатахуун татаж байгаа. Өөрсдөө
түүхий нефть гадаадад гаргаж байна. Хүнсний тал дээр гэвэл үр тарианы
үнэд нөлөөлж магадгүй юм. Ирэх намар дахиад ургац тааруу байх юм бол
үнийн хэлбэлзэл гарч мэднэ. Гэхдээ бид дотооддоо газар тариалан эрхэлж
ургац сайн байгаа болохоор нэг их нөлөөлөхгүй болов уу.

-Түүхий нефть Хятад руу гаргаж байгаа гэснээс Монголд нефть боловсруулах үйлдвэр барих асуудлыг өмнөд хөршийн талаас хөнддөг үү?
-Ярьж
байгаа. Дачин компани манай Тамсгаас түүхий нефть олзворлоод тэндээ
боловсруулж байгаа. Гэхдээ манайд том үйлдвэр барих гэхээр тэр барьсан
өртөг нь эцсийн бүтээгдэхүүн гаргаж байгаа зардлаа нөхөх боломжгүй,
ашиггүй юм билээ. Петро Чайна Дачин бол том компани. Том компани их
хэмжээний нефть боловсруулж байж ашиг гаргадаг. Манай хэрэгцээ бага учир
жижиг үйлдвэр барихад боломжгүй юм шиг байна.

-Манайх боловсруулах үйлдвэр бариад урагш нь шатахуун гаргаж болохгүй юм уу?
-Хятад
өчнөөн том үйлдвэртэй. Манай гаргаж байгаа түүхий нефтийн хэмжээ
тэднийхтэй харьцуулахад өчүүхэн бага юм. Тиймээс түүхий нефть урагш нь
гаргаад тэндээс бэлэн бүтээгдэхүүн авах нь үйлдвэр барьснаас хамаагүй
хямд төсөр тусна гэсэн байдалтай байгаа.

-Монгол Улс түүхий нефтийг үнийн хувьд хэр ашигтай гаргадаг юм бол. Хэтэрхий хямд өгчихлөө гэсэн яриа бас явдаг?

Засгийн газрын бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу хувиа авч байгаа.
Авах ёстойгоо авч байна. Бүр анх Тамсагт АНУ-ын СОКО интернэшнл гээд
компани орж ирэхэд  манайд хөрөнгө оруулдаг хүн гэж байсангүй. Манайд
ирж нефть хайх хүн олддоггүй. “Нохойн гуяар даллаад” ч ирдэггүй байсан
үе. Тийм болохоор хамгийн хөнгөн нөхцөл санал болгодог байлаа. Янз
бүрийн татвараас 20 жил чөлөөлөөд өгье, дараагийн 20 жил хагас чөлөөлье,
хөрөнгөө л оруулаад өгөөч гэдэг байсан. Тэр үед байгуулсан гэрээний
нөхцөлийг СОКО-гоос дараа нь авсан Хятадын компани өвлөөд авчихсан. Түүн
дээр тийм асуудал яах аргагүй бий. Одоо яая гэхэв. Нэгэнт улс гэрээ
байгуулсан болохоор биелүүлэхээс аргагүй болсон.

-Хятадад юанийн курс ямар байна. Америкийн талаас шахалттай байна уу?
-Америкийн
талаас юанийг чөлөөлье гэж ярьж, хэлэлцээ хийж байгаа тал бий. Ер нь
гайгүй, юань илүү хөрвөх тал руугаа, төлбөрийн хэрэгсэл болох тал руугаа
явж байгаа. Юаниар зээл өгөхийг их дэмжиж байна. Нөхцөл сайжирч байна.
Юанийг дэмжих бодлого явж байна.

-Энэ Монголын эдийн засагт сайн нөлөөтэй юү?
-Сайн нөлөөтэй. Манай худалдаа, эдийн засаг нягт холбоотой болохоор бидэнд юань сайн байх нь сайн л гэсэн үг.

-Хятадад
“Мэлрэг цэцгийн хувьсгал гарч байна” гэж барууны сайтуудаар мэдээлэх
болсон. Харин Хятадаас эх сурвалжийн мэдээ алга байна. Яг газар дээрээ
юу болоод байна?

-Яг Арабын ертөнц шиг нийгэм донсолгохоор зүйл
болсон юм алга. Жижиг сажиг хөдөлгөөнийхөн үзэл бодлоо илэрхийлж
цугларсан байхыг үгүйсгэхгүй.

-Хятадад нэлээд олон монголчууд
ял эдэлж байгаа. Хар тамхитай голдуу холбоотой байх шиг байна. Ял авсан
хэдэн хүн байна. ЭСЯ тэдэнтэй хэр харилцаатай вэ?

-Одоо бол
Хятадад Монгол Улсын иргэн 21 хүн ял эдэлж байна. Мөрдөн байцаах шатанд
25-26 хүн саатуулагдаад байгаа. Ер нь жилд Монгол-Хятадын хилээр нэг сая
200 мянга гаруй хүн нааш цааш зорчсон байдаг. Тэдний найм есөн зуун
мянга нь монголчууд. Хятадад 4000 гаруй монгол оюутан суралцаж байна.
Бизнес эрхлэгчид байнга зорчиж байна. Эмчилгээнд очсон хүн маш олон.
Эндээс үүдээд хүмүүсийн хоорондын харилцаатай холбоотой гэмт хэрэгт
холбогдох, хууртаж мэхлэгдэх, гэмт хэргийн золиос болох явдал зөндөө
гардаг. Хамгийн их санаа зовоож байгаа зүйл бол хар тамины хэрэгтэй
зургаан хүн хоригдож байна. Тэднээс хоёр нь цаазын ял сонссон. Цаазын ял
авахаар мөрдөн байцаах шатандаа яваа хэргүүд ч байна. Хамгийн аюултай
нь энэ төрлийн хэрэг сүүлийн хэдэн жилд огцом өсөх хандлагатай болсон нь
маш их сэтгэл санаа зовоодог. Манай цагдаа, хууль хяналтын байгууллага
Хятадын ижил төрлийн байгууллагатай харилцаа холбоогоо хөгжүүлж эхэлсэн.
Өнгөрсөн жилээс сайхан эхлэл тавигдаж байна. Урьд байсан харилцаагаа
сэргээж идэвхжүүлж байгаа гэсэн үг л дээ. Энэ их чухал. Ингэж л хамтарч
ажиллахгүй бол хар тамхитай холбоотой гэмт хрэг өсөх хандлагатай байна.
Манай ЭСЯ бололцооны хэрээр холбогдож ажиллаж байгаа.

-Хятадын
шүүхээс бүх насаараа хорих ял сонссон Л.Байгалмааг  эх оронд нь
шилжүүлэн авчрах  асуудал бүтэх нь үү. Бас Монгол Улсын Ерөнхийлөгч
Ц.Элбэгдорж цаазын ял авсан Х.Дамдингийн ялыг цаазаас хэлтрүүлэх талаар
Ху Жинтао даргад явуулсан бичгийн хариу яасан бол?

-Л.Байгалмаагийн
хувьд эрх зүйн гэрээ хэлцлийн талаар одоо­гоор тохиролцоонд хүрээгүй
байна. Х.Дамдингийн асудлаар хариу ирээгүй байгаа.

-Хүний наймааны хэрэгт манай охид бүсгүйчүүд олноор өртөх болсон. Үүнд анхаарч байгаа юу?
-Хүний
наймаанд өртсөн бүсгүйчүүд, биеэ үнэлэгчид олон байгаа гэдэг нь
тодорхой асуудал. Хоёр улсын хууль, хяналт, цагдаагийн байгууллага энэ
талаар хамтарч ажиллаж мэдээлэл солилцож байж асуудлыг нарийн тогтоох
ёстой. Зохион байгуулалттай бүлэглэлүүд ялангуяа Хятадын өмнөд
нутгуудаар илүү байдаг. Хүний наймаа, хар тамхи зөөвөрлөх сүлжээ өмнө
тал руугаа илүү эрчимжсэн хандлагатай байдаг. Манай иргэд Азийн
орнуудаар 14 хоног визгүй зорчдог. Үүнийг нь ашиглаж манай иргэдийг
ухуулж, хялбар мөнгө олуулах гэсэн зорилгоор хуурч аваачиж хар тамхи,
хүний наймааны хэрэгт татаж оруулах хэрэг олон гарах болсон нь санаа
зовоож байна.

-Хятадын өмнөд халуун цаг агаартай мужуудад ял
эдэлж байгаа монголчуудыг Өвөрмонголд шилжүүлдэг ч юм уу, бүр суллаж
чаддаггүй юм гэхэд нөхцөлийг арай сайжруулдаг гэж та өнгөрсөн жил хэлж
байсан. Тэр ажлаа үргэлжлүүлж байгаа юу?

-Манайханд халуун газар
хэцүү байдаг. Түүнийг бодолцож манай талаас Хятадын талд зарим хүнийг
сэрүүн бүс рүү шилжүүлэх хүсэлт тавьдаг. Зарим хүн Өвөрмонголд ирээд
нөхцөл дордлоо, хэцүүдлээ гэсэн юм ярьдаг л юм. Гэхдээ Өвөрмонгол цаг
агаарын хувьд арай тохиромжтой байдаг л байх. Саяхан Шанхайд ял эдэлж
байгаа хоёр иргэн бидэнд хандсан. Бид асуудлыг холбогдох газарт тавиад
ерөнхийдөө шийдүүлж байна.

-БНХАУ-тай ялтан шилжүүлэх тухай гэрээ хийх ажил юу болж байна?
-Төгсгөлийн
шатандаа ороод бэлэн болчихсон. Ойрын үед, томоохон өндөр хэмжээний
айлчлалаар ч юм уу, гарын үсэг зурж, эцэслээд, хүчин төгөлдөр болгож
мөрдөх боломж бүрдлээ. Гэхдээ ялтан шилжүүлнэ гэхээр  Хятадад ял эдэлж
байгаа Монгол Улсын иргэнийг Монголд хоригдож байгаа хятад иргэнээр
тулгаад солилцоно гэсэн үг биш л дээ. Хүнд гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ
гэрээ хамаарахад хэцүү. Ялангуяа хар тамхины хэрэг Хятадад цаазын ялтай
хүнд гэмт хэрэгт тооцогддог. Тийм болохоор Л.Байгалмааг ч гэдэг юм уу,
эх оронд нь ял эдлүүлэх боломжоор тааруу.

-Монгол, Хятадын хүчний байгууллагууд хамтын ажиллагаагаа сэргээж байна гэж түрүүн хэлсэн. Тэд ямар чиглэлээр ажиллаж байгаа вэ?
-Өнгөрсөн
оны арванхоёрдугаар сард манай ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга
Ц.Энхтүвшин Хятадад айлчилж, тэр үеэр цагдаа, хилийн цэрэг, Шүүхийн
шийдвэр биелүүлэх газар, ОБЕГ, хүчний чиглэлийн бүх байгууллагын
төлөөлөгчид дагалдаж очсон. БНХАУ-ын Улсыг аюулаас хамгаалах яамтай
нэлээд өргөн яриа хэлэлцээ хийсэн. Үүний дүнд хил дамнасан гэмт хэрэгтэй
тэмцэх асуудлаар хоёр улсын хооронд Засгийн газрын хэмжээний хэлэлцээр
байгуулах санал гарсан. Үүнийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

-Оюутан
сургах чиглэлээр юу хийж байна. Сурч амьдрах орчин нөхцөл нь ямар
байдаг вэ. Эрээний дунд сургуульд хордлого гарсан тохиолдол байсан шүү
дээ?
-Манайхаас Хятадад 4000 орчим оюутан сурч байна. Улсын болоод
хувийн зардлаар, ялангуяа Хятадын Засгийн газрын тэтгэлгээр суралцагч
оюутны тоо нэмэгдэж байгаа. Өнгөрсөн жил болсон Төрийн зөвлөлийн Ерөнхий
сайд Вен Зябаогийн айлчлалаар ирэх таван жилд 2000 оюутан нэмж сургах
амлалт авсан. Үүний дагуу энэ жилээс оюутны тоо өснө. Хятадын маш олон
хотод манай монгол оюутан сурдаг. Гол цөм нь Бээжин, Шанхай, Хөххот юм.
Нанжин, Тяньжин, Чанчун, Чиндун гээд олон хотод, Хятадын муж болгонд
шахуу оюутан суралцдаг. Суралцах нөхцөл маш гайгүй болсон. Хятад
оюутнууд, гадаад оюутнууд ямар хэмжээнд байна, тэр хэмжээнд манай
залуучууд сурч байгаа. Оюутны байр, хоол, цалин бүгд адилхан. Муу гэж
гомдоллох зүйлгүй. Манай ЭСЯ-наас оюутнуудтайгаа тулж ажиллахаар нэгдсэн
веб сайт гаргаж харилцдаг болсон.

Энэ гуравдугаар сарын дундуур
Хятадад суралцаж байгаа бүх оюутны цугларалт зөвлөгөөн зохион
байгуулахаар төлөвлөөд байна. Монголын дипломат албаны 100 жилийн ойтой
холбогдуулж Хятадад суралцаж байгаа оюутнуудын дунд түүх, нийгмийн
чиглэлийн хэд хэдэн сэдвээр эссэ, зохион бичлэгийн уралдаан зарлаад
байна. Сэдвийг оюутны зөвлөгөөнөөр шийднэ. Урлаг, спортын тэмцээнийг
бүсчилж явуулаад ирэх арваннэгдүгээр сарын 26-нд улс тунхагласны баяраар
нэгдсэн дүн гаргаж ЭСЯ дээр жилийн ажлаа дүгнэсэн арга хэмжээ зохион
байгуулна.

-Хятадад байгаа манай иргэд бичиг баримтаа
гээгдүүлэх зэрэг асуудал гарвал заавал консултай газар очиж хөөцөлдөхөөс
өгсүүлээд бэрхшээл гардаг юм шиг байна лээ. Тийм тохиолдол хэр олон
гардаг вэ?

-Паспорт, үндсэн бичиг баримтаа үрэгдүүлбэл манай ЭСЯ
дээр ирж буцах үнэмлэхээ аваад Монголдоо ирж дахин шинээр бичиг баримт
авах ажил гарна л даа. Бээжинд манай ЭСЯ, Эрээнд консул, Хөххотод
ерөнхий консул байна. Энэ гурван газарт л бичиг баримт олгох эрхтэй.
Шанхай ч юм уу, Гуонжуд бичиг баримтаа үрэгдүүлбэл хамгийн ойр газартаа л
ирэхээс аргагүй. Сая Гадаад хэргийн сайдын айлчлалаар Хонконгод ерөнхий
консул нээхээр боллоо. Бичиг баримт үрэгдүүлсэн тохиолдол бас нэлээд
гарна аа.

-Хятад нь Монголын хамгийн том хөрөнгө оруулалт,
худалдааны түнш орон. Харин Монголын хөрөнгө оруулалттай газар Хятадад
байдаг уу?

-Одоохондоо бараг байхгүй шахам. Гэхдээ Тяньжиний
боомтыг түшиглээд Улаанбаатарын төлөөлөгчийн газар ажиллаж байгаа.
Тодорхой хэмжээний газрыг хямдруулсан үнээр түрээслээд тэнд Монголын
компаниудад үйл ажиллагаа явуулах боломж олгох ажил эхний шатандаа явж
байна.

Тухайлбал, нүүрс аваад очиход тэр нүүрсийг шууд
дамжуулаад аччихгүй шүү дээ. Тодорхой хэмжээний нөөц бүрдүүлж, хадгалах
хэрэгтэй. Түүнд заавал газар хэрэгтэй. Энэ мэтээр ложистикийн чиглэлийн
компаниудад ажиллах аятайхан боломж гарч байгаа.

-Манайхан урагш нь нүүрсээ маш хямдхан гаргадаг гэдэг. Цаад зах зээлийн үнэ ямар байдаг юм. Яагаад үнээ нэмж болдоггүй юм бол?
-Одоохондоо
үнэхээр тийм байна. Манай экспортын гол нь зэс байлаа. Сүүлийн нэг,
хоёр жилд нүүрс нэгдүгээрт гарч ирлээ. Нүүрсээ ерөнхийдөө түүхийгээр нь
гаргаж байна. Өнөөдөр нэг тонныг нь 310 юаниар зарж байна. Цаанаа 370
орчим юань байх шиг байдаг. Манай Засгийн газраас 370 хүргэх нь зүйтэй
гэсэн. Дэлхийн зах зээлийн үнэ үүнээс ч өндөр байгаа. Асуудал юунд байна
гэхээр манай нүүрсийг авдаг газар гэвэл Өмнөговийн урд байгаа
Өвөрмонголын бүс нутаг, тэдний хэдэн үйлдвэр байдаг. Үүнийг давж цаашаа
гаръя гэхээр тээврээс өгсүүлээд бэрхшээл гардаг. Цаад авдаг компаниуд
үнэ ханшаа хоорондоо зохицуулдаг. Манай гаргадаг компаниуд болохоор
хоорондоо тэр бүр зохицуулж чаддаггүй. Тэрнээс болоод бие биеийнхээ
нүүрсний үнийг унагадаг тал бий. Одоохондоо цааш нэвтэрч жинхэнэ
өрсөлдөөнтэй зах зээлд гаргаж чадахгүй байгаад л учир байх шиг байна.
Төмөр замын боломжийг нэмэгдүүлж хол зөөвөрлөвөл үнэ өсөх магадлалтай.
Гэхдээ хэрэгцээ нь өнөөдөртөө Өвөрмонгол хавьд байгаа юм.

-Манай төмөр замын талаар Хятадын тал ямар байр суурьтай байх шиг байна?
-Хятадын
талаас саналаа тодорхой хэлдэг. Нарийн царигийн төмөр зам тавина гэвэл
Хятадын тал хамтран ажиллахад бэлэн байна гэдэг. УИХ-аас баталсан манай
төмөр замын бодлого бий. Монгол Улсын нутаг дэвсгэр дээр гол
үйлдвэрлэлийнхээ чиглэлд төмөр зам тавих алсын бодлогоо баталсан. Тэр
дагуу өргөн төмөр зам тавина гэдгээ хэлсэн. Хятадын тал танай бодлогыг
ойлгож хүнлдэтгэж байна. Гэхдээ аль альдаа ашигтай байя гэвэл Хятад руу
чиглэж байгаа зам нь нарийн царигтай байвал Монголын талд ч ашигтай шүү
дээ гэсэн байр суурь хэлж байгаа. Бид ч өөрийн байр сууриа илэрхийлдэг.
Эхний ээлжинд Монгол Улсаа хөгжүүлэх, нэмүү өртөгтэй бүтээгдэхүүн
үйлдвэрлэхэд чиглэсэн бодлогоо бүх салбартаа хэрэгжүүлнэ. Түүний нэг нь
төмөр зам байх ёстой гэдгээ илэрхийлж байгаа.

-Бүр 2003 онд Ху Жинтао даргын амласан 300 сая ам.долларын хөнгөлөлтэй зээл хэрэгжиж чадахгүй өдий хүрлээ. Түүнийг яах вэ?
-Түүнийг
ашиглах төслүүд сонгогдоод явсан. Бага зэрэг санал зөрөлдөөнтэй асуудал
байсныг оны өмнөхөн цэгцэлсэн. Одоо түүний 40 сая дээр жаахан саналын
зөрүү гарч байгаа. Түүнийг зохицуулаад болох байх. Түүний дараа дахиад
Вен Зябао Ерөнхий сайдын амласан 500 саяын зээл бий. Аль салбарт авах,
нөхцөл зэргээ одоо ид ярьж байна. Амлаад жил болоогүй байна. Хөдөө аж
ахуйд 200 орчим саяыг нь зарцуулах юм. Үлдсэнийг нь дэд бүтцэд оруулах
ерөнхий чиг байгаа. Тодорхой төслүүд хараахан гараагүй байна.

-Манайд Хятадын эсрэг ч гэх үү, үзэл бодол илэрхийлдэг тал бас гардаг. Үүнийг Хятадын тал яаж хүлээж авдаг юм бол?
-Үүнд
жаахан эмзэглэдэг. Хятадын талаар заримдаа найрсаг бус зүйл гардагт
эмзэглэж, түүнийгээ хэлдэг. Манай талаас энэ бол албан ёсны байр суурь
биш. Төрийн байгууллагууд үүнийг дэвэргэдэггүй. Хоёр орны харилцаанд сэв
суулгах асуудлыг таашаадаггүй гэсэн байдлаар Хятадын талд хэлж
ойлгуулдаг. Эх орны тусгаар тогтнолыг орчин үед муйхар аргаар биш, эрдэм
боловсрол, оюун ухаанаар хамгаална шүү гэдгийг монголчууддаа хэлье.

                            Д.ОЮУНЦЭЦЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж