81 төслийг судлан шийдвэрлэнэ

Хуучирсан мэдээ: 2011.02.22-нд нийтлэгдсэн

81 төслийг судлан шийдвэрлэнэ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Төрийн өмчийн хорооны Төр, хувийн хэвшлийн түншлэл, концессын газрын дарга Б.Заяабалаас дараах зүйлийг тодрууллаа.

    -Төр, хувийн хэвшлийн түншлэл, Концессын тухай сургалт хийж байна. Ямар зорилготой сургалт хийж байгаа юм бэ?
    -Концессын тухай хууль батлагдан гарсан өнгөрсөн хугацаанд хуулийн хэрэгжилтийг хангахын тулд хуулиар шаардсан хэд хэдэн журам, жишиг баримт бичиг, аргачлалуудыг боловсруулсан. Өнөөдөр бид мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх үүргийнхээ дагуу тэдгээр журам, жишиг баримт бичгүүд, аргачлалуудыг хэрхэн ойлгож хэрэглэх талаар дэлгэрэнгүй гарын авлагыг боловсруулж түүнийгээ төрийн захиргааны бүх шатны байгууллагын төлөөлөл болон хувийн хэвшлийн төлөөллийнхөнд танилцуулж байна.

    -Гарын авлагаа жаахан дэлгэрэнгүй тайлбарлана уу? Хуулиар бас гарын авлага гаргахыг шаардсан юмуу?
    -Хуульд Төрийн өмчийн хороог концесс олгох, хэрэгжүүлэх талаар холбогдох бусад байгууллага, орон нутгийн холбогдох байгууллагад мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх үүрэг хүлээлгэсэн. Энэ үүргийнхээ дагуу энэхүү гарын авлагыг боловсруулж тэдэнд тайлбарлаж, ойлгомжгүй зарим зүйлд тодруулга өгөх үндсэн зорилготой. Гарын авлага маань 5 бүлэгтэй, танилцуулга бүлэг, төр, хувийн хэвшлийн талаархи хууль эрх зүйн орчин бүлэг, төслийг санаачилж боловсруулахад зайлшгүй хийгдэх судалгаа, шинжилгээ, түүнийг хийх аргачлалыг багтаасан бүлэг, энэ бүлэгт бид эрсдлийг тодорхойлох, эрсдлийг шинжилгээний аргачлалуудыг багтаасан байгаа, мөн концесс эзэмшигчийг шалгаруулах уралдаант шалгаруулалтын бүлэг, эцэст нь гэрээний хэрэгжилт, удирдлага, хяналтын талаархи ойлголтуудыг багтаасан.

    -Цаашид сургалт, семинар байнга зохион байгуулах уу?
    -Энэ тал дээр төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар ажиллая гэдэг үүднээс  Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, “Төр, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих төв” төрийн бус байгууллага, Их сургуулиудын дэргэдэх бизнес төвүүдтэй хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Зарим нэгтэй нь 2011 онд хамтран ажиллах төлөвлөгөө гарган ажиллаж байна. Уламжлалт худалдан авалтын хувьд ийм сургалтуудыг хийдэг шүү дээ, тэр зарчмаар л сургалтуудыг явуулна.  
        
    -Концессын төслүүдийн хэрэгжилт ямар байдалтай байгаа вэ?
    Бид 121 төсөл баталсан гэсэн мэдээлэлтэй байгаад байгаа.

    Хэрэгжиж эхлэхгүй юу?
    -Үнэндээ хэрэгжих эсэх нь тухайн төслийг санаачилсан холбогдох яамдын тухайн төсөл боловсруулалттай шууд холбоотой. Концессийн зүйлийн жагсаалтанд төслийн нэр бичигдсэнээр төсөл хэрэгжих нөхцөл бүрдчихгүй. Холбогдох зайлшгүй  мэдээллүүдийг багтаасан төслийн ядаж урьдчилсан техник эдийн засгийн үндэслэл хийгдсэн байх хэрэгтэй шүү дээ. Төсвийн хүрээнд хийгдэх төсөл, арга хэмжээнүүдийн бүх эрсдлийг төр хариуцдаг. Тэгсэн хэрнээ ТЭЗҮ-г хийдэг, тухайн үнэлгээгээр төсөл нь ашиггүй гэж гарсан байсан ч төсвөөс хөрөнгийг нь гаргадаг. Тэгвэл концесс олгох төслийн хувьд төр, хувийн хэвшил хамтран ажиллах урт хугацааны бизнес партнер болохын хувьд төр зайлшгүй ТЭЗҮ хийх хэрэгтэй. Тэгж байж урт хугацаанд төр өөртөө ашигтай хамтран ажиллах нөхцөлөө олж харах ёстой, нөгөө талаар төр өөрийнхөө үзүүлэх үйлчилгээг тухайн төслөөр дамжуулан хүргүүлэх үндсэн зорилго нь хангагдана.
    -Миний ойлгосноор концессын зүйлийн жагсаалт дахь 121 төслүүд судалгаа шинжилгээ бараг хийгдээгүй гэж ойлголоо.

    Тэгээд төсөл хэрэгжүүлэхийн тулд танайх энэ бүх судалгааг хийх хэрэгтэй болох уу?

    -Сангийн сайд болон Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооны даргын төсөвт төслийн ТЭЗҮ боловсруулах төсөв бий. Салбарын яамд энд анхааралтай хандаж аль төслүүдээ ач холбогдолтой гэж үзнэ тэр төслийнхөө ТЭЗҮ-г боловсруулах боломжтой гэж ойлгож байгаа. ТӨХ-ний зүгээс энэ саналуудыгаа илэрхийлсэн. Гэхдээ бид 121 төслийн жагсаалтанд байгаа төслүүдийгээ төсвөөс болон төрийн санхүүгийн дэмжлэг зайлшгүй шаардлагатай тул судлан шийдвэрлэхээр тусгасанаас бусад төслүүдэд судалгаа хийж үзсэн. Ер нь нийт 121 төслөөс 81 төсөл нь судлан шийдвэрлэх гэсэн статустай төслүүд байгаа. Яах аргагүй гүцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний төлбөрийг төр хариуцах шаардалагтай гэсэн үг. Энд жишээлбэл, аймгуудыг холбосон авто замын сүлжээ, 100000 айл, 40000 айлын орон сууц хөтөлбөрийн дэд бүтцийн барилга байгууламж гэх мэт төслүүд байгаа. Үлдэж буй 40 төслийн хувьд төсвөөс болон төрөөс санхүүгийн дэмжлэг шаардлагагүй гэсэн статустай. Бид эдгээр төслүүдийг ач холбогдолоор, төслийн судалгаа, зардал ашгийн тооцоолол нь хийгдсэн эсэх, эрэлт хэрэгцээ, шаардлага, уралдаант шалгаруулалт явуулах нөхцөлийн бүрдэл, орлогын эх үүсвэрийг тодорхойлох боломж зэрэг шалгуур үзүүлэлтүүдээр бид хянан үзсэн. Эдгээр шалгуур үзүүлэлтүүдээр аваад үзэх юм бол уул уурхайн хөгжилд холбогдолтой төслүүд нь бусдаасаа өндөр үнэлгээтэй байгаа. Яагаад гэвэл нийгмийн дэд бүтцийн төслүүдтэй харьцуулахад орлогын эх үүсвэр нь тодорхой бөгөөд Засгийн газрын бодит дэмжлэггүйгээр арилжааны хэлбэрээр өрсөлдөн оршин тогтнох чадвартай.

    -Орлогын эх үүсвэр гэдгээ жаахан дэлгэрүүлнэ үү?
    -Концессоор хэрэгжүүлэх төслүүдийг шалгаруулах гол түлхүүр баримтлал бол орлогын эх үүсвэрийг тодорхойлох асуудал юм. Тухайн төслийг барьж байгуулж хэрэгжүүлсэнээр яаж буцааж зардлаа нөхөж ашиг олох вэ гэдэг нь концесс эзэмшигчдийн хувьд хамгийн гол асуудал юм. Хэрвээ тухайн төсөл бат бөх, найдвартай эцсийн хэрэглэгчийн төлбөрт суурилсан байвал шаардлага хангаж байна гэж үзэх бас үзэж болно. Энэ тохиолдолд л орлогын эх үүсвэр гэж шаардах шаардлагагүй болно гэсэн үг.

    -Одоо тэгээд ямар төслүүд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа гэсэн үг вэ?

    -Дээр хэлсэн бидний үнэлгээний дагуу эхлээд уул уурхайн хөгжилд холбогдолтой төслүүдийг хэрэгжүүлж эхлэх нь зүйтэй гэж үзсэн. Эдгээр төсөлд уул уурхайн бүс нутагт баригдах уул уурхайн бүтээгдэхүүний тээврийн зориулалт бүхий замын төслүүд, говийн бүсэд баригдах таван толгойн цахилгаан станц, хилийн боомтуудыг сэргээн засварлан суурьшлын бүсийг барьж байгуулах төслүүд орно гэж ойлгож болно.

    -Бусад 81 төслүүдээ яах вэ. Тэдгээр төслүүд хэрэгжихгүй болж таарч байна уу?
    -ТӨХ нь төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалтанд орсон төслүүдийгөө хэрэгжүүлэх чиглэлээр холбогдох салбарын яам, агентлаг болон орон нутгийн удирлагуудтай хамтран ажиллах болно. Шаардлагатай бол Засгийн газарт тухайн төслүүдийг хэрэгжүүлэх тодорхой саналуудыг боловсруулж оруулах болно.  Засгийн газрын зүгээс өнгөрсөн жил 343-аар тогтоолоор “санхүүжилт болон эдийн засгийн орчинг бий болгох” ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсэг нь эдгээр төслүүдийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг уул уурхайн бүтээгдэхүүн нийлүүлэх замаар баталгаа гаргаж эх үүсвэр бүрдүүлэх, гадаадын хөнгөлөлттэй зээл, тусламжид хамруулах, гадаад, дотоодын банк санхүүгийн байгууллагын хөрөнгөөр санхүүжүүлэх болон батлагаа гаргах аргачлалыг боловсруулах үүрэгтэйгээр бас ажиллаж байгаа гэж ойлгож байгаа.     

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж