Яруу найраг, уран бичлэг хоршин дэлгэгдэнэ

Хуучирсан мэдээ: 2011.03.07-нд нийтлэгдсэн

Яруу найраг, уран бичлэг хоршин дэлгэгдэнэ

Монголын уран зургийн галерейд тун удахгүй “Дэлхий ээж” нэртэй үзэсгэлэн нээлтээ хийх гэж байна. Энэ сарын 18-25-нд гарах энэхүү үзэсгэлэнд соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Г.Мэнд-Ооёо, Д.Баттөмөр нарын яруу найрагтай хоршсон монгол уран бичлэг дэлгэгдэх ажээ. Монголын соёл, яруу найргийн академиас жил бүр жил бүр уламжлан гаргадаг энэ үзэсгэлэнд яруу найрагч Г.Мэнд-Ооёогийн уран бүтээлүүдээс гадна, Г.Мэнд-Ооёогийн яруу найрагт зориулсан өнөө үеийн монголын уран бичлэгийн төлөөлөгч болох Д.Баттөмөрийн  шилдэг бүтээлүүд, мөн Г.Мэнд-Ооёогийн цуглуулгын сан хөмрөг дэх уран бичлэг нийт 80 орчим бүтээл дэлгэгдэнэ. Үзэсгэлэн бүхэлдээ Монголын бичиг соёлын сэргэн мандалт, орчин үеийн уран бичлэгийн сэтгэлгээ болон чиг хандлагыг илэрхийлэхийн хамт уран бичлэг, яруу найргийг найруулснаараа онцлог юм. Яруу найрагч Г.Мэнд-Ооёо 1980-аад оны сүүл үеэс эхлэн үндэсний монгол бичиг соёлыг сэргээх үйлсийг манлайлагчдын эгнээнд явсан бөгөөд эдүгээ цаг үед монгол уран бичлэгийг хөгжүүлэх үйлсэд өөрийн бүтээлч оюуныг зориулсаар явааг уг үзэсгэлэнгээс харах болно. Үзэсгэлэнд уран бичлэгээс гадна яруу найрагчийн тамга, бичгийн хэрэгсэл, ховор гар бичмэл, цуглуулгын дээжис орж байгаа гэнэ.

Г.Мэнд-Ооёо болон түүний нөхдийн яруу найрагтай хосолсон  уран бичлэгийн бүтээлүүд Унгар, Австри, Бельги, Япон, Солонгос зэрэг оронд үзэсгэлэнд дэлгэгдэж байснаас гадна өөрийн оронд хэд хэдэн удаа үзэсгэлэн зохион байгуулж байсан юм.

Өнгөрсөн жил тэрбээр монгол яруу найраг хийгээд уран бичлэгийн хослолыг харуулсан “Утгын болор сүм” үзэсгэлэнгийн нээлт дээр 30 жилийн тэртээ туурвисан “Дэлхий Ээж” дуундаа зориулан бүтээсэн “Дэлхий Ээж тамга”-ны анхны дардсыг ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид барьж байсан билээ.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж