2000 гаруй оюутны эрх зөрчигдөж байна

Хуучирсан мэдээ: 2011.03.07-нд нийтлэгдсэн

2000 гаруй оюутны эрх зөрчигдөж байна

Монгол Улсын Боловсролын Их сургуулийн Багшийн сургуулийн эчнээ ангийн
оюутнуудын төлөөлөл өнгөрсөн баасан гарагт хэвлэлийн хурал хийлээ. 
Засгийн газраас “Хүний хөгжил сан”-ийн мөнгийг бэлэн ба бэлэн бусаар
олгох шийдвэр гарсан билээ. Ингэхдээ их дээд сургуулийн өдрийн ангийн
оюутнуудад хувь хишгийн мөнгийг сургалтын төлбөр хэлбэрээр олгох болсон.
Багшийн сургуулийн  оюутны төлөөлөл эчнээ ангийн оюутнуудад сургалтын
төлбөр олгохыг шаардсан бичиг БСШУЯ-нд хүргүүлсэн. Тиймээс шаардлагын
хариуг яаралтай өгөх, хэрвээ сургалтын төлбөрийг хувь хишгийн мөнгөнөөс
олгохгүй бол тэмцлийн бусад хэлбэрт шилжинэ гэлээ. Улсын хэмжээнд албан
бус тоогоор 2000 гаруй эчнээ болон оройн ангийн оюутан суралцдаг юм
байна. Ийм тооны оюутан хувь хишгийн мөнгө буюу оюутны төлбөрөө авч
чадахгүй хохирч байгаа аж.  Бид БСШУЯ-аас энэ талаар тодоруулахад
“Засгийн газрын тушаал нэгэнт гарсан тийм учраас эчнээ ангийн оюутан
төлбөрөө хувиараа төлнө” гэсэн. Засгийн газрын тогтоол оны өмнө гарсан.
Гэтэл зарим сургуулиуд намар элссэн эчнээ ангийн оюутныг төлбөрийн тал
хувийг хийхийг зөвшөөрчээ. Засгийн газрын тушаал гараагүй байхад ийм
нөхцөл үүсгэсэн МУБИС-ийн захиргааг оюутнууд буруутгаж байгаа гэнэ.
Харин сургуулийн захиргаанд өргөдөл гаргахад  Засгийн газрын тушаал
гарсан учраас төлбөрөө төлөх шаардлагатай. Бидний шийддэг ажил биш гэсэн
хариулт өгчээ. Зөвхөн МУБИС-ийн  Багшийн сургуульд 500 гаруй оюутан
эчнээ ангид суралцдаг аж.  Бид энэ талаар хэвлэлийн хурал хийсэн оюутны
төлөөлөл болох МУБИС-ийн Багшийн сургуулийн эчнээ ангийн оюутан
О.Ширбазараас тодрууллаа.


-Нэгэнт Засгийн газрын тогтоол гарсан үүнийг өөрчлөх аргагүй. Тиймээс  та нар тэмцэх хэрэг байна уу?

-Бид адилхан оюутан. Яагаад ганцхан өдрийн ангийн оюутнуудад олгож
байгааг тайлбарлах хэрэгтэй. Гэтэл ямар ч тайлбар өгөхгүй байна. Нэгэнт
хувь хишгийн мөнгийг бэлэн ба бэлэн бусаар олгоно гэсэн байхад яагаад
ингэж ялгавартай хандаж байгааг ойлгохгүй байна. Мөн бид 500 гаруй эчнээ
ангийн оюутны гарын үсэг цуглуулж Боловсрол соёл шинжлэх ухааны яаманд
захидал хүргүүлсэн. Хариугаа хурдан авахыг шаардаж байна. Мөн эчнээ
ангийн оюутнууд бидэнтэй нэгдэхийг уриалж байна.


-Олон газар шаардлага, бичиг хүргүүлсэн гэж байсан. Тухайлбал?

-Өөрийн сургуулийн захиргаа, БСШУЯ, Оюут­ны холбоо болон монголын
үйлдвэрчний эвлэлд ч ханд­сан. Ямар нэг хариу өгөөгүй. Хэрэв сур­галтын
төлбөр олгохгүй бол бид тэмцлийн өөр хэлбэрт шилжинэ. Дээрхи газруудад
хүргүүлсэн би­чиг нь  “Эчнээ болон оройн ангийн оюутны сур­гал­тын
төлбөрийг хувь хишгийн мөнгөнөөс буюу бэлэн бусаар олгож өгнө үү” гэсэн
агуулгатай юм. Өнгөрсөн хоёрдугаар сарын 24-өөс эчнээ ангийн оюутнууд
түр хороо  байгуулсан. Энэ хороо нь эчнээ ангийн оюутны төлөө, эрх нь
зөрчигдөж бай­гаа асуудлыг шийдвэрлэх багийн бүрэлдэхүүн байх болно.


-Анх хувь хишгийн мөнгийг өдрийн ангид олгоно, оройн ангид өгөхгүй гэх мэтээр ярьж байсан. Гэнэт шийдсэн асуудал биш байх?

-Биднийг элсэхэд сургуулийн захиргаанаас төлбөр төлөх гэхэд 800 мянган
төгрөг төлөх байснаас 301 мянган төгрөг тушаа гэсэн. Үлдсэн мөнгийг
хүний хөгжлийн мөнгөнөөс суутгана гэж хэлсэн. Гэтэл одоо Засгийн газрын
шийдвэр гарсан  ямар ч боломжгүй. Тиймээс төлбөрөө төл гэсэн.  Бид
үүнийг эсэргүүцэж байгаа. Бид ч гэсэн оюутан гэдгийг бодолцох хэрэгтэй.
Иргэн бүр тэгш эрхтэй байх ёстой гэтэл биднийг оройн, эчнээ гээд
ялгаварлаж болохгүй байх.


– Засгийн газрын шийдвэр гараагүй байхад Танай сургуулийн удирдлага ийм
шийдвэр гаргасан байна. Сургуулийн удирдлагууд юу гэж байна?

-Засгийн газрын шийдвэр гарсан болохоор бид яах ч арга байхгүй гэсэн.
Тиймээс бид БСШУЯ-нд хандсан. Өнөөдрийг хүртэл хариу ирээгүй байна.
Оюутны хол­боо энэ тал дээр ажиллах ёстой гэтэл хариу өгөхгүй байгаа нь
тэдний талд байна гэж ойлгож байгаа. 2000 гаруй оюутны эрх зөрчигдөж
байна.


-Эчнээ ангид их дээд сургууль төгссөн хүн суралцах ёстой байдаг уу?

-Эчнээ болон оройн ангийн таван жилийн ангид ерөнхий боловсролын
сургууль төгссөн хүн элсдэг. Мөн хоёр жилийн ангид багш мэргэжилтэй
бөгөөд өөр чиглэлийн багш мэргэжлээр сурах гэж байгаа хүн, нэг жилийн
ангид бакалавар зэрэгтэй хүн элсдэг юм. Эчнээ, орой анги 45 хоног амраад
45 хоног хичээл ордог. Эчнээ, орой гэсэн нэртэй  болохоос адилхан 
оюутан бид.

Ш.Чимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж