
Монголын сэтгүүлчдийн байгууллага 60 жилийнхээ ойгоо тэмдэглэлээ. Нэгэн жаранд хийж бүтээснээ нэгтгэн 99 боть болгон хойч үедээ өвлүүлэн үлдээлээ. Эдгээр ботийг сэтгүүлч бэлтгэж буй сургуулиудад бэлэглэсэн нь бүүр бахархууштай. Таван W буюу хэн, хэзээ, хаана, юу, яагаад гэсэн асуултаа ч тогтоолгүй хэвлэлийн редакциудад ажиллахаар ирж, дарга нарынхаа цаг, нервийг бардаг шинэ сэтгүүлчдийн тоо багасахад нэмэр болох болов уу гэсэн найдвар төрж байна.
Баярын хурал, концерт, талархлын үгсийн хажуугаар зайлшгүй ярих сэдэв манай салбарт хангалттай хуримтлагджээ. Бид л өөрсдөө үүнийгээ ярьж, засч залруулахгүй бол хатиг улам томорсоор байх болно.
Улс эх орноо хөгжиж дэвжиж байгаа эсэхийг, хүмүүс үнэн зөв амьдарч байгаа эсэхийг цэгнэн бичдэг сэтгүүлчид бид өөрсдөө хөгжиж байна уу, үнэн зөв амьдарч байна уу. Барууны сэтгүүл зүйн зарчим баримтална, эрэн сурвалжлах сэтгүүл зүйг хөгжүүлнэ хэмээн хангалттай ярьж, хэлж байгаа ч эдгээр үгс зөвхөн цаасан дээр л үлдэж байгааг харж байна. Үнэндээ өнөөгийн Монголын сэтгүүл зүйг мөнгөнд амаа үзүүлсэн хэмээн тодотговол үнэнд ойр очихоор болоод байгааг хэвлэл мэдээллийн салбарынхан ч, бидэнд мөнгө төлж хүссэнээрээ дуугаргаж байгаа улстөрчид, бизнесмэнүүд ч мэдэж байгаа. Уул уурхайн баялгийн үр ашгийг хэдхэн хүн хүртэж, хүн амын орлогын ялгарал улам ихсэнэ гэж ярьж байгаа сэтгүүлчид нийгэмд ийм шударга бус байдал авчрахгүйн төлөө тэмцэх биш харин өөрсдөө аль болох ахиу хүртэж, олигархуудад ойр байхыг эрмэлзэж байна. Захиалгат сэтгүүл зүй гэдэг үг аль хэдийнэ эргэлтэд орж, энэ үгнээс жийрхэхээ больжээ. Энэ байдал хэдий болтол үргэлжилж, ямар төгсгөл ирэхийг таахад бэрх. Үнэн зүйлийг худал болгож, болсон зүйлийг болоогүй болгон бичүүлэхийн тулд төлж байгаа хэдэн зуун сая төгрөгөө сэтгүүлчдийн мэдлэг боловсролыг дээшлүүлэхэд зориулаач гэж биднийг дөрлөн хүссэн замаараа явуулж байгаа олигархиудад уриалмаар байна. Сэтгүүлчдийн боловсролгүй, мэдлэггүй, чадваргүйг гайхах мөртлөө худал инээн мөнгө шидлэхээ болиоч. Хэвлэл мэдээллийг мөнгөөр угжсанаар нийгмийг мөхөөж байгаагаа ухамсарлаач.
“Хаяагаа хадрахгүй” гэсэн зарчим байдгийг мэддэг ч хэдий болтол хэн хэнийгээ хуурч явахыг мэдэхгүй юм. Мэдээж манай салбарт эрүүл чиг хандлага, эрүүл хүсэл мөрөөдөл байгаа. Монголын аль ч телевиз CNN, BBC, аль ч сонин The Washington Post, The Times болох хүсэл байгаа. Шилдэг гэдэг өргөмжлөлийг мөнгөөр худалдаж авмааргүй байна. Энэ хүслээ биелүүлэхэд мэдээж мөнгө хэрэгтэй. Гагцхүү тэр мөнгөө шударга хөдөлмөрөөр, уншигч, үзэгчдээрээ үнэлүүлэн олмоор байна. Үүнд сэтгүүлчдийн байгууллагын ч, сэтгүүлчдийн ч, хууль тогтоогчдын ч хучин чармайлт хэрэгтэй байна.
Д.НАРАНТУЯА