
Монгол Улсын Засгийн газраас өнгөрсөн баасан гаригт 20 дахь жилдээ Гадаад түншүүдийн техникийн уулзалтыг зохион байгуулсан юм. Уулзалтад Засгийн газрын сайд нараас гадна гадаад орнуудаас Монгол Улсад суугаа Элчин сайдууд, олон улсын байгууллагын суурин төлөөлөгчид оролцож, санал бодлоо хуваалцсан бөгөөд Тавантолгойн орд тэдний хувьд хамгийн их анхаарал татсан сэдэв нь байлаа.
Монгол Улсын Засгийн газар нь Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар УИХ-аас гаргасан шийдвэрийн дагуу ажиллаж буй. Ингэхдээ Тавантолгойн ордыг түшиглэн 15 тэрбум хувьцаа гаргахаар шийдвэрлэж, үүний 10 хувь буюу 1.5 тэрбум хувьцааг иргэн бүрт үнэ төлбөргүй эзэмшүүлэх бол мөн хувьцааны 10 хувийг үндэсний аж ахуйн нэгжид нэрлэсэн үнээр арилжаална. Нэг хүнд ойролцоогоор 550 ширхэг хувьцаа ногдох бол үндэсний аж ахуйн нэгжийн хувьд 30 мянга орчим хувьцааг худалдан авна гэсэн үг. Бүртгэлээр улсын хэмжээнд 54 мянган аж ахуйн нэгж байгаа нь тогтоогдсон. Хамгийн чухал нь цаг алдалгүй, Тавантолгойн хувьцааг гадаад, дотоодын хөрөнгийн зах зээлд гаргах явдал. Тавантолгойн хувьцааг олон улсын хөрөнгийн зах зээлд арилжаалах туршлагатай багийг сонгох ажлыг Засгийн газар өнгөрсөн өвлөөс эхлүүлж, тэдгээрээс одоо дөрөв нь тунаж үлдсэн. Тодруулбал, IPO хийх спонсороор Германы Дойче, АНУ-ын Голдман Сакс банкууд, хувьцааны борлуулалтад оролцох, зуучлах үүрэг бүхий бэлтгэл ажилд хамтран оролцох банкаар Францын Би Эн Пи Париба, Австралийн Маквэари банкууд сонгогдоод байгаа юм. Харин Тавантолгойд үйл ажиллагаа явуулах эрхийн төлөө 15 компани өрсөлдсөнөөс хоёр дахь шалгаруулалтад зургаан компани тунаж үлдээд байна. Үүнд АНУ-ын Пибоди Энержи, БНХАУ-ын Шинхуа Энержи болон Японы Мицуи компаниудын консорциум, Оросын Төмөр Зам болон Японы консорциум, Өмнөд Солонгосын компаниудын консорциумуудын нэгдэл, Австрали, Швецарийн Экстрата Коул, Бразилийн Валэ (хуучнаар СиВиАрДи-CVRD), Люксембургийн Арсэлор Митал компаниуд юм. Одоо эдгээр компаниудыг дахин шигшинэ. Ингэхдээ УИХ-ын 39 дүгээр тогтоолд заасны дагуу дамжин өнгөрөх тээвэр, боомт ашиглалт, борлуулалт, хөрөнгө оруулалтын нөхцөл, урьдчилгаа төлбөрийн асуудлаар Засгийн газрын ажлын хэсэг хэлэлцээ хийсний үндсэн дээр эцсийн шалгаруулалтыг хийнэ. Ингээд Тавантолгойн хувьцаа олон улсын зах зээл дээр гарч, нөгөө талаас нүүрсийг экспортод гаргах их ажил ундарна. Энэ бүхний эцэст эдийн засаг хурдацтайгаар өсч эхлэх бөгөөд түүнийг дотоодын зах зээлдээ хэрхэн үр ашигтай шингээх вэ гэдэг чухал байгаа юм.
Их баялгийг дотоодын зах зээлдээ шингээхийн тулд Засгийн газрын зүгээс урт хугацаанд үр өгөөжөө өгөх, томоохон төсөл хөтөлбөрүүдийг УИХ-аар батлуулж авсан.Тухайлбал, “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн хүрээнд 100 мянган айлын орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлж, авто замуудыг шинээр барина. Харин “Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлого”-ын хүрээнд 2000 гаруй км үргэлжлэх өргөн царигт суурилсан төмөр зам барих, мөн Сайшандад аж үйлдвэрийн цогцолбор барихаар төлөвлөсөн нь, үндсэндээ Тавантолгойн нүүрсийг эцсийн бүтээгдэхүүн болгон экспортод гаргах төрийн цогц бодлогын нэг нь аж. Гадаадын түншүүд дээрх мэдээллийг сонссоны дараа анхаарах асуудал байгааг сануулав.
БНХАУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ван Шяолун:
-Би Монгол Улсад Элчин сайдаар томилогдож ирээд хоёр долоо хонож байна. Энэ хугацаанд мэдрэгдсэн зүйл юу вэ гэхээр эдийн засгийн маш их эрч хүч. Хятад улс Монгол Улсад тулгарсан шиг сорилтуудтай тулгарч байсан, тийм учраас зоримог бай гэж зөвлөх байна. Нэмүү өртөг шингэсэн, ажлын байр бий болгохоор төлөвлөсөн Засгийн газрын бодлогыг бүрэн дэмжинэ. Үүнд хүрэхэд нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Энд ирсэн хугацаанд би өөрийн орны олон бизнесмэнтэй уулзлаа. Тэд “Ур чадвартай монгол ажилтныг ажилд авахад хүндрэлтэй байна. Жирийн ажилтан нь шаардлага хангахгүй байна” гэсэн. Ирээдүйд уул уурхайн мэргэжилтэй боловсон хүчин маш ихээр шаардах тул энэ чиглэлийн мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэхэд хамтран ажиллаж болох юм. Гол нь тэвчээртэй байх хэрэгтэй” хэмээн зөвлөх байна гэлээ.
Турк улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Аси Арар:
-“Турк улс нь Монгол Улстай 1968 онд дипломат харилцаа тогтоож, 1996 онд Улаанбаатар хотноо Элчин сайдын яамаа нээсэн түүхтэй. Энэ үеэс Монгол Улсыг түншээ хэмээн харилцаж ирсэн. Монгол Улсын дотоодын зах зээл жижиг тул экспортод чиглэсэн эдийн засагтай байх нь зөв болов уу хэмээн бодож байна гэсэн юм. Мөн энэ үеэр Энэтхэг улсаас Монгол Улсад суух Элчин сайд “Хөгжлийн банкаар дамжуулж, хөдөөг хөгжүүлэхээр зорьсныг дэмжиж байгаагаа илэрхийлсэн юм.
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар энэхүү уулзалтад “Засаглал” сэдвээр илтгэл тавив. , Монгол Улсын эдийн засгийн өсөлт нь дунд болон ойрын хугацаанд өндөр болох төлөв харагдаж буй. Эдийн засгийн өндөр өсөлтийг үр дүнтэй ашиглахад төр хувийн хэвшил, иргэний нийгмийн хамтын зөв оновчтой бодлого, ажиллагаа чухал болж байгаа. Тиймээс энэ чиглэлээр зарим ажлуудыг эхлүүлжээ. Тухайлбал, хүн амын төвлөрлийг сааруулж, орон нутаг бие даан хөгжих боломжийг хангах зорилгоор Төсвийн тогтвортой байдлын тухай, Концессын тухай хуулийг батлан гаргасан. Мөн УИХ-ын хаврын чуулганаар Тендерийн тухай хуулийг батална. Дээрх хууль батлагдсанаар бүх яамд тендерээс салж, зөвхөн бодлого боловсруулах шатанд ажлаа чиглүүлнэ. Төрийн зарим ажил үйлчилгээг Мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагад шилжүүлнэ. УИХ-аас төрийн албанд шинэчлэл хийх үүргийг өгсөн. Энэ дагуу төрийн албан дахь ажлын давхардлаас гадна бусад тогтоол шийдвэрүүдийн давхардлыг арилгахаар ажиллаж байгааг энэ үеэр онцлон дурдсан юм.
Сангийн сайд С.Баярцогт хэлэхдээ “Гадаад түншүүдийн техникийн уулзалт 20 дахь жилдээ болж байна. Бид өнгөрсөн 19 жилийн турш гадаад түншүүдээсээ хөнгөлөлттэй зээл, тусламж хүсдэг байсан бол одоо санхүүгийн шинэ орчинд, ижил төвшинд харилцахыг хүсч байна. Асар их баялаг уул уурхайг даган бий болж, урьд өмнө тулгарч байгаагүй шинэ шинэ сорилт биднийг хүлээх болж байна. Тулгарах бэрхшээлийг даван туулахад та бүхний зөвлөгөө чухал байлаа” гэсэн юм.
Түүх сөхвөл, одоогоос 20 жилийн өмнө буюу 1991 оны хагаст Монгол Улсын эдийн засгийн орчин доройтож, яаралтай арга хэмжээ авахаас аргагүй байдалд хүрчээ. Ингэснээр 1991 оны есдүгээр сард Токио хотноо анх хандивлагчдын уулзалт нэртэйгээр дээрх уулзалтыг зохион байгуулсан байна. Тус уулзалтад 20 гаруй хандивлагч орон олон улсын байгууллагууд оролцож, нийтдээ 267 сая ам.долларыг нэн хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламж хэлбэрээр олгохоор амлалт өгч, түүнээс хойш жил бүр энэхүү уулзалт зохион байгуулагдсаар өнгөрсөн хугацаанд Монгол Улс гадаад түншүүдээсээ дөрвөн тэрбум гаруй ам.долларын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээл авч ашигласан юм байна.