
Гэтэл энэ удаагийн ээлжит ротацийг явуулахгүй байхаар ҮЗХ-ны гишүүдээс гарын үсэг авах аяныг өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгуулагсан тухай мэдээ байна. Эхлээд АН-ын хэрэг эрхлэх газрын албаны дарга Б.Ургамалцэцэгийн нэрийг барьж, ҮЗХ-ны гишүүдийг “ротаци явуулахын эсрэг нэгдэх бичигт” гарын үсэг зуруулахаар зар тараасан гэнэ. Удалгүй ротацийн эсрэг нэгдэх бичгийг Д.Үүрийнтуяа гэдэг хүн зохион байгуулж зуруулж байгаа гэсэн мэдээлэл түгсэн байна. Д.Үүрийнтуяа нь С.Эрдэнийн талын хүн гэдэг утгаараа энэ зохион байгуулалттай ажлын ард С.Эрдэнэ нарын хүмүүс байж болзошгүй гэсэн хардлага бий болжээ. АН-ын ҮЗХ-ны өмнөх хурал дээр тус намын дарга Д.Алтанхуяг С.Эрдэнэ гишүүнийг “ чиний Н.Энхбаяртай уулзалддагийг чинь мэднэ шүү” гэж бухимдаж байсан. Тиймээс энэ удаагийн ротацийг явуулахгүй байх нь Н.Энхбаярын энэ сарын 24-д зохион байгуулахаар төлөвлөсөн иргэний эсэргүүцлийн хөдөлгөөнтэй холбоотой гэх хардлага гарч эхлэв. Ротацийг хойшлуулснаар ҮЗХ-н дахь үзэл санаа нэгт гишүүдийг цуглаанд оролцуулж, улмаар АН-ыг талцуулахаар дээр нэр дурдагдсан “хоёр этгээд” үгссэн байх гэж хардах хүн олон байгаа аж.
Гэвч нөгөө талаас АН-ын ҮЗХ дахь ээлжит ротацийг саатуулах гэсэн нь Алтангадас фракц болон түүнтэй шадар бүлэглэлүүд ҮЗХ-ны ротациар хийх сэлгээг бүхэлд нь “худалдан авч”, улмаар өөрийн талын хүмүүсээр бүрдүүлэх “хор”-ыг аль хэдийнээ хийсэнтэй холбоотой гэнэ. Тийм бол одоо болох ротацийн үр дүнд “Алтангадас”-чууд ҮЗХ-д ноёлох болно гэсэн үг. Энэ тухай болгоомжлол ч өнгөрсөн долоо хоногт сонин хэвлэлүүдийн хуудаснаа хальт залраад амжсан. Үүнээс болгоомжилсон, МоАХ, МҮДН-чүүд ийнхүү ротацийг эсэргүүцэх ажил зохион байгуулж байгаа гэх мэдээлэл бас байгаа юм.
Ротацийг энэ удаад өнжөөх гэсэн саналаар нэгдэж, өргөх бичигт гарын үсэг зурсан ҮЗХ-ны 120 гаруй гишүүн одоогоор байгаа гэнэ. Хэрэв энэ үнэн бол 228 гишүүдийн тал хувиас ч илүү нь энэ асуудалд нэгдсэн байж мэдэхээр болжээ. АН-ын дүрэмд зааснаар уг асуудлыг ҮЗХ-гоор хэлэлцүүлсэн тохиолдолд гишүүдийн гуравны хоёрын саналаар асуудлыг шийдэх эрхтэй учир дээрхи тоо ротацийг “үгүй хийчэх” хэмжээний саналд ойртсон гэсэн үг юм.
Ямар ч болов нөгөөдөр буюу гуравдугаар сарын 9-д АН-ын ҮЗХ-ны хуралдаан болохоор тов зарлагджээ. Харин энэ хуралдаанаар ээлжит ротацийг явуулах уу, үгүй юу гэдэг асуудал тодорхой болох биз. Саяхан МАН, МАХН гэцгээгээд “манантаж” байсан намуудын хямрал одоо АН руу чиглэв бололтой…