-Төр, засаг, хувийн хэвшил, иргэний нийгэм, эрдэмтэн, судлаачид, гадаадын төлөөлөгчид гээд бүх давхаргынхан нэг дор цуглан улс орныхоо өмнө тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэх гарцын талаар ил тод хэлэлцэн, бүтээлч байдлаар хандсан нь хамгийн чухал зүйл байлаа. Энэ нь бид ардчилал, зах зээл, харилцан ярилцах соёлд суралцаж байгаагийн илрэл төдийгүй бодитой хамтын ажиллагаа юм. Чуулганаас гаргасан зөв шийдлийг Засгийн газар шийдвэр болгон ажиллахын зэрэгцээ хамгийн идэвхтэй оролцогч нь байх болно.
Гавьяат эдийн засагч Н.Дашзэвэг
-Тавантолгойн хөрөнгө оруулагч компаниудаас манай Засгийн газар урьдчилгаа авах тухай ярьсан. Хэрвээ гадны компаниудаас урьдчилгаа болгож 500 сая ам.доллар авах юм бол монголчуудад ямар ч ашиггүй. Сүүлийн найманд жилд уул уурхайгаа олсон ямар ч үр ашиггүй цацлаа. Тэгэхээр ирэх оноос 2020 он хүртэл өндөр өртөг, бүтээмж, цалинтай ажлын байр бий болгоход л зарцуулах хэрэгтэй. Нөгөөтэйгүүр Монгол Улсад үндэсний бодлого боловсруулдаг Засгийн газрын байгууллага байхгүй байна.
Эдийн засагч С.Одонтуяа
-Монголд бизнесийн таатай орчин байдаггүй. Харин төрийн таатай орчин бүрдчихэж. Тиймээс залуус төрд ажиллах сонирхолтой болжээ. Төрөөс төрийн албан хаагчдыг дэмжиж баялаг бүтээгчдээ орхигдуулж байгаа нэг хэлбэр юм. Тиймээс төр баялаг бүтээх салбарт ажиллаж байгаа хувийн хэвшлийн залуучуудаа дэмжиж, тэдэнд хөнгөлөлт урамшуулалт олгох хэрэгтэй байна. Өнөөдөр хувийн хэвшлийнхэн ажиллах хүчний хомсдолд орж байна. Монголоо гэх сэтгэлтэй өрсөлдөх чадвартай боловсон хүчин алга.
Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны дарга П.Хашчулуун
-Эдийн засгийн өсөлт тооны хувьд өндөр байхаас гадна хүндээ наалдацтай байх хэрэгтэй. Уул уурхайгаас орж ирсэн мөнгө ерөнхийдөө дөрвөн салбарт л зориулагдаж байна. Нэгдүгээрт тээвэр, хоёрт дэд бүтэц, гуравт барилга, дөрөвт банк. Хөдөө аж ахуй, соёл урлагт уул уурхайгаас орж ирсэн мөнгийг хандуулах арга хэмжээ авах ёстой. Ер нь бол бүтээмжийг сайжруулж, мэдлэгт тулгуурлсан эдийн засгийн хөгжүүлэх хэрэгтэй гэж бодож байна. Өнөөдөр манайд жижиг дунд үйлдвэрүүдийг хөгжүүлэх санхүүгийн зах зээл алга.