
Энэхүү форум эх орны минь хөгжлийн түүчээ болж чадах уу, эсвэл зүгээр л ёс ёмбогорхон арга хэмжээ болоод өнгөрөв үү. Асуултын хариу өнөөдрөөс эхэлж, маргаашаас амьдралд “амтагдаж” байвал олон сонирхлын цэг дээрх чуулга уулзалтын үр дүн болж чадах юм.
Зохион байгуулагчдийн зүгээс форум эрхбаригчдаас хэрэгжүүлэх их бүтээн байгуулалтын чиг хандлага болно хэмээн амалж буй бол хувийнхан хэтэрхий зохион байгуулалттай хиймэл “арга хэмжээ” биш байгаасай хэмээн найдлага тавин үлдсэн юм. Их амлалт, эргэлзээ, эмзэглэл дагуулсан форумаар “хоёр толгой”-гоос авхуулаад 21 мянган төгрөгийн хишиг олголт, Хөгжлийн банк, хөрөнгийн зах зээл, хөдөөгийн хөгжил, хөдөлмөр эрхлэлт, бизнесийн таатай орчин, бичил зах зээл гээд Монголын нийгэмд болж буй бүхий л үйл явдлуудаар хэлэлцүүлэг өрнөсөн шигээ багагүй шүүмжлэл ч бас өрнөад авсан юм.
Эдийн засгийн хоёр дахь чуулга уулзалт 15 салбар хуралдаанаар өрнөж, салбар хуралдаан болгон дээр шүүмжлэл, маргаан “дэгдсэн” нь Монголын нийгэм улс төрөөс хэрхэн хамааралтай, Монголын эдийн засаг хэрхэн “өвчлөл”-тэй байгаагийн илрэл болов уу. Энэхүү хуралдаанаар төрийнхний болж байна, хийж байна гэсэн амбиц, хувийнхны болохгүй байна, хийхгүй байна гэсэн гоморхол хоёроос Монголын эдийн засгийн хамтын хөгжил өнөөдөр хэр байгааг амархан дүгнэж болохуйц санагдсан.
Өнөөдөр Монголд уул уурхайн мэдлэггүй хүн ховорхон болжээ. Эдийн засгийн форумд үг хэлсэн хүн болгоны амнаас Оюутолгой, Тавантолгойн асуулт “унах”-ыг бодоход энэ хоёр “толгой” иргэний амьдралаас ч үнэтэй болчихож.
Монголын иргэн Монголын баялаг, Монгол хүн Монголын эзэн. Тиймч учраас монголчууд өөрсдийнхөө асуудлыг өөрсдөө хэлэлцэж шийдвэрлэх ёстой. Толгой хагаравч малгайн дотроо гэдэг болохоор.
Уг нь энд тэндхийн гадаад нөхдүүдээр эдийн засгийн “форум”-д лекц уншуулснаас энгийн иргэнийхээ үгийг сонссон бол илүү дээр байлаа. Эдийн засгийн форумын үр дүн нь иргэдийн үгийг сонсч хөгжлийн бодлогыноо чиг хандлагыг гаргахыг хүссэн бол шүү дээ.
Иргэд нь үгээ хэлэхээр дугаарлаж, харин төрийнхөн индэр дээрээс амыг нь таглах нь үнэндээ “хөгжилд хамтдаа” хэмээх сайхан нэртэй сайхь чуулганы зорилгод хэр нийцэх бол.
Ажилгүйдэл, ядуурал жилээс жилд өсч, амьжиргааны төвшин өдрөөс өдөрт буурч, инфляци өндөрт үсэрч, иргэдийн нуруун дээрх ачаа элдэв татаас нэмэгдэж байгааг АНУ-гийн аль компанийн дарга, эсвэл аль нэгэн улсын банкны нөхөр мэдээд зөвлөж чадна гэж үү. Тэд Монголын амьдралыг, Монголын зовлонг монгол хүн шиг ойлгож, мэдэрч чадахгүй нь лавтай.
Эдийн засгийн форумд эрхэм гишүүдээс тун цөөхөн нь морилсон. Энэхүү чуулганд оролцвол хууль батаглагчдын гууль цухуйчихна гэх айсан уу, яасан бүү мэд. Ганц хоёр сайд, гарын арван хуруунд хүрэхгүй гишүүдийг эс тооцвол эдийн засгийн чуулган энэ улсын хууль батлагчдад тийм ч чухал биш бололтой. Уг нь тэд хууль баталж, тэр хуулийн дагуу эдийн засгийн болоод нийгмийн асуудлууд өрнөдөг шүү дээ. Баталсан хуулиудын хэрэгжилтийг иргэд хэрхэн хүлээж авч байгаа, мөн ирээдүйд батлах хуулиудаа энэ форумаас сэдэл авбал тэдэнд хэрэгтэй, бидэнд чухал байлаа. Улстөр бизнест хэрхэн нөлөөлж байгааг хувийнхан “нэг сайд гарч ирэнгүүтэй нэг бодлого өөрчилж, нэг нам гарангуутаа нэг хууль батлаж тоглодогоо” хэмээн шүүмжилсэн, үүнийг тэдэнд дуулгадах буруудахгүй биз. Уг нь гишүүд форумд оролцоод өөрсдийнхөө алдаа оноог ардуудаас чихээрээ сонссон бол илүү хэрэгтэй байсан юм. Тавантолгойн төсөл эдийн засгийн форумын салбар хуралдаан болгон дээр сөхөгдсөн. Эх орны хөгжлийн үндэс хэмээн итгүүлсэн энэхүү төслийг иргэд маш их сонирхож байсан. Даанч төсөл хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн ажлын хэсгийнхнээс үнэндээ хоёрхон хүн л үзэгдээд өнгөрнө билээ. Тэд нь хариултаас булзаж, ерөнхий ойлголт, түгээмэл мэдээллээр л ам тагласан.
Энэ мэтээр шүүмжлэл, маргаан, эмзэглэл, эргэлзээ дагуулсан эдийн засгийн форумын хариу хэд гарах бол. Өнгөрсөн жилийнх шигээ ирэх онд иргэд тэг гэсэн үнэлэлт тавиад тэрэндээ бухимдаад сууж байх вий. Эцэст хэлэхэд эдийн засгийн форум=? гарахыг эрхбаригчдын хэрэгжүүлэх бодлогоос л шууд хамаарах юм билээ.