
“Дээд тэнгэр дуугүй байхад
Энэрэхийн эхэнд ээж минь байх юм
Дэргэдийн бурхад аниргүй л байхад
Хайрлахын түрүүнд ээж минь л байх юм
Ээжээ, гишгэх газарт тань цэцэг болъё үр чинь
Ээжээ, сүсэглэх зүгт чинь сүү болъё үр чинь” хэмээн өгүүлэх шүлгийн мөрүүдтэй Д.Мэндсайханы “Ээжээ” уянгын драмын жүжиг дахин амилна. Эл жүжгийн ерөнхий найруулагчаар Б.Баатар ажиллаж гол дүрүүдэд гавьяат жүжигчин С.Сарантуяа, жүжигчин Б.Отгонбат, Д.Ганцэцэг нар тогложээ. Жүжиг эх хүний хайр энэрлийн тухай өгүүлэх тул үзсэн хэнд ч нэгийг бодуулаад зогсохгүй өнгөрснийг ухааруулах болно. Магадгүй жүжгийг үзээд өөрийн эрхгүй нулимс унагах байх. Мөн өнөөдөр Монгол Улсад сэтгүүлчдийн байгууллага үүсч байгуулагдсаны 60 жилийн ойн баярын өдөр тохиож байгаа тул хүрэлцэн ирсэн хэвлэл мэдээллийнхэнд драмын театрын зүгээс 50 хувийн хямдрал үзүүлж байгаа юм байна.
Г.Даша