Боксын спортын амьд домог, алдарт Майк Тайсонтой Ларри Кинг ярилцжээ. Уналт, сэргэлт, алдаа, амжилтаар дүүрэн ээдрээт амьдралынхаа тухай тэрбээр илэн далангүй ярьсан байна.
Ларри: Амьдрал ямар байна даа, анд минь? Дажгүй юү?
Тайсон: Тун сайн.
Ларри: Олон жилийн туршид бид бие биеэ мэднэ. Туулсан амьдралаа эргэж нэг хараад би мөн гэж үү гэж хэлмээр үе байдаг уу?
Тайсон: Үргэлж. Тийм ээ, үргэлж л тэгж бодогддог. Өнгөрсөн цагт байгаа өөрийгөө олж хараад юу болоод байна аа гэж асуумаар байдаг. Энэ чинь одоо хэн бэ гэж асуумаар ч санагддаг. Яг юу болж өнгөрснийг хэн ч мэдэхгүй. Нээрээ юу болсон юм бол?
Ларри: Юу чамд хамгийн хүчтэй нөлөөлж, амьдралыг чинь өөрчлөв өө?
Тайсон: Мэдэхгүй юм даа. Зүгээр л ухаан сууж, томоожих хэрэгтэй байсан юм байлгүй. Машины ослоор охиноо алдсанаас хойш амьдралыг арай өөрөөр харж эхэлсэн. Ухаарч эхэлсэн.
Ларри: Чиний амьдралд тохиолдсон хамгийн аймшигт явдал байх, тийм үү?
Тайсон: Тийм ээ. Хэлэх ч юм биш.
Ларри: Охин чинь хэдтэй байсан бэ?
Тайсон: Дөрөв. Би тэр үед охиныхоо ээжтэй хамт амьдардаггүй байсан юм. Ээж нь над руу утасдаж, юу болсныг хэлсэн. Намайг ирэхэд хэдийнэ өнгөрсөн байлаа.
Ларри: Энэ уй гашуунаасаа салж чадахгүй байгаа юм уу даа?
Тайсон: Мэдэхгүй ээ. Амьдралд минь гарсан том өөрчлөлт. Туулж гарсан уу, тэг дунд нь байна уу гэдгээ хэлж мэдэхгүй л байна.
Ларри: Хойд нас байдагт чи итгэдэг үү? Охин чинь хаа нэгтээгээс чамайг харж байгаа гэж боддог уу?
Тайсон: Би иймэрхүү зүйлийн тухай юу ч мэдэхгүй ээ. Ямар ч байсан, юу ч тохиолдсон бай бид амьдрах хэрэгтэй, амьдрал үргэлжлэх ёстой гэдгийг л мэднэ.
Ларри: Алдрын оргилд асар хурдан хүрч, цэл залуугаараа од болон гялалзсан хүн бол та. Энэ бүхэн дэндүү эрт өөрт чинь ирсэн юм шиг сангаддаг уу?
Тайсон: Сайн мэдэхгүй юм аа. Би энэ бүхнийг өөрөө хүссэн. Маш шаргуу хөдөлмөрлөж, цаг наргүй дасгал сургуулилалт хийж байсан. Тэгэхээр алдарт хүрэхэд бэлтгэгдсэн байсан юм уу даа.
Ларри: Аварга болохдоо хэдтэй байсан билээ?
Тайсон: 20.
Ларри: Хэрвээ 25-тай байхдаа аварга болсон бол бүх зүйл арай өөрөөр эргэх байсан болов уу?
Тайсон: Үгүй л болов уу даа:
Ларри: Чи нэгэнтээ Аллахад итгэж эхэлснээ хэлсэн. Яг тэр үеэрээ хар тамхинд орсон, санхүүгийн хямралд орсон гээд л юм юм болсон шүү дээ. Энэ савалгаатай амьдралыг чинь би гайхдаг. Магадгүй чи өөрөө өөрийгөө ч гайхдаг байх гэж бодогддог. Яг л хоёр өөр Майк Тайсон байх шиг.
Тайсон: Бүү мэд ээ. Гэхдээ ертөнцийн хамгийн баян хүн, хамгийн ядуу гуйлгачин хоёрт ч зовлон яг адилхан ирдэг биз дээ. Христ, Аллах ямар шашинтай бай хамаагүй бид өөр өөрийн ачааг үүрч амьдардаг. Дотоод сэтгэлээ мэдэрч, таньж мэдэх хүртлээ бидний хэн нь ялгаагүй зовлонг туулдаг.
Ларри: Итгэл үнэмшил, шашин шүтлэг зовлонг гэтлэхэд туслахгүй гэж үү?
Тайсон: Бурхан тэнгэр туслаж чадах эсэхийг мэдэхгүй байна. Гагцхүү би өөрөө өөртөө л тусалж, өөрийгөө аврах ёстой гэж боддог. Өөртөө тусалж чадахгүй хүнд бурхан хэзээ ч туслахгүй.
Ларри: Хар тамхийг хаясныг чинь мэднэ л дээ. Гэхдээ яаж яваад орчихсон юм бэ?
Тайсон: Төрөлхийн л донтолттой төрсөн гэж боддог. Ээж минь хар тамхи хэрэглэдэг байсан. Тэгээд л би гэдэг би. Гэхдээ өөрөө өөртөө хайртай. Энэ бол миний л амьдрал.
Ларри: Бокс тоглодог байхдаа ч хэрэглэдэг байсан гэж үү?
Тайсон: Тоглож эхэлж байхдаа хэрэглэдэггүй байсан л даа. Архийг бас нэг төрлийн мансууруулагч гэж би огт боддоггүй байсан юм. Тулаан болгоныхоо дараа согтотлоо уудаг байлаа. Зүгээр л өөрийгөө хуурч байсан хэрэг. Хар тамхи хэрэглэхгүй байгаа шүү гэж. Тулаан болгоныхоо дараа согтож, өөрийгөө сүйрүүлж байсан юм.
Ларри: Одоо ямар нэг хор хэрэглэлгүй хэр удаан эрүүл явж байна?
Тайсон: 18 сар хэртэй.
Ларри: Ээж чинь хар тамхичин байсан болохоор энэ муу зуршил чамд төрөхөөс чинь л өвлөгдөж. Үүнээс зугтах аргагүй юм биш үү?
Тайсон: Тэгж өөрийгөө зөвтгөхийг хүсдэггүй ээ. Тэгж бодох юм бол би хэзээ ч амьдралаа залж чадахгүй. Чи хэн бэ, хэн болж төрсөн бэ гэдгээ хэн ч өөрчилж чадахгүй л дээ. Гэхдээ хэн болж амьдрах вэ гэдгээ залж, удирдаж чадах ёстой.
Ларри: Элдэв муу зуршлаас өөрийгөө хэрхэн татаж байна?
Тайсон: Надад хариуцлага бий. Үр хүүхдүүдээ, эхнэрээ гудамжинд гаргахыг хүсэхгүй байна. Богино хугацаанд амжуулах зүйл зөндөө байна аа.
Ларри: Чамайг их ширүүн авиртай байсныг мэднэ. Одоо хэвээрээ юү?
Тайсон: Бараг үгүй дээ. Хэрвээ хэн нэгэн дотоод ертөнцөө өнгийж харж чадах юм бол ийм муу зуршлаасаа салж чадна.
Ларри: Жижигхэн зүйлд ч уурладагсан?
Тайсон: Одоо урьдынх шиг уурлахаа больсоон. Харин чи?
Ларри: Уур хүрнэ ээ. Гэхдээ тэр дороо гарчихдаг. Би өш санаж, юм бодоод байдаггүй юм.
Тайсон: Би ч бас тийм байсан бол сайхан аа.
Ларри: Чи өш санахдаа хэр вэ?
Тайсон: Тэгдэг байсан. Одоо больсон.
Ларри: Хэн нэгнийг чанга гэгч цохих ямар байдаг вэ?
Тайсон: Хэрвээ чи рингэнд туладаж байгаа бол…Ингэхэд чи рингэн дээрх тулааны тухай асуусан биз дээ?
Ларри: Тийм ээ. Чамд бол тулаан хаана л бол хаана байж болох ч би рингний тулааны тухай асуусан юм инээв
Тайсон: Урт удаан хийсэн бэлтгэлээ рингэн дээр туршдаг. Энэ бол ажил. Нэг их баярлаж хөөрөөд байх зүйл биш. Гэхдээ юу болохыг урьдчилан төсөөлдөг, бэлтэдэг. Санаснаараа тулалдаагүй, төлөвлөгөө нурсан үед урам хугардаг.
Ларри: Өөрт чинь ялагдсан өрсөлдөгчөө өрөвдөх сэтгэл төрдөг үү?
Тайсон: Үгүй дээ. Тулаанд хэн ч ялж болно. Би, эсвэл тэр.
Ларри: Бэлтгэл хийж байгаа юу?
Тайсон: Өдөрт хоёр цаг орчим. Дугуй унана, явган алхана. Дасгал хийнэ. Тэгээд л тэр. Жингээ барьж, хөнгөн шингэн байх гэж л.
Ларри: Тулалдаж байна уу?
Тайсон: Хааяа л.
Ларри: Боксын тэмцээн үзэж байна уу?
Тайсон: Хааяа л.
Ларри: Тэгтлээ их сонирхож үздэггүй хэрэг үү?
Тайсон: Нүд хужирлах гэж л. Хэн нэгэн нүд баясгаж, сайхан тоглолт хийгээсэй гэж хүсдэг. Хүнд жингийн боксод одоогоор тийм үзүүштэй тоглолт хийдэг тамирчин алга даа. Сайн сайн боксчид байна аа. Гэхдээ сайхан тоглолт хийхгүй байна.
Ларри: Мухамед Алиг хараад хэзээ нэг цагт чамайг ч гэсэн өвчин ийм болгож орхихвий гэж айдаг уу? Түүний насан дээр очих үед.
Тайсон: Мэдэхгүй ээ. Амьдралд айгаад байх зүйл надад байхгүй. Хорвоо дээрх хамгийн хэцүү зовлонг би амссан. Хүүхдээ алдсан. Ийм зовлон амссан хүн юунаас одоо айх ёстой гэж.
Ларри: Шоронгоос дөнгөж суллагдаад анхны тулаанаа хийх гэж байхад чинь “Боксын спортыг амьдаралаа залгуулахад арай л хэцүү зам гэж бодогддог уу?” гэж асуусан. Чи хариулахыг хүсээгүй. “Би энэ спортын янхан болмооргүй байна. Энэ спортын тухай ямар нэг таагүй зүйл хэлмээргүй байна” гэсэн. Энэ бодол чинь өнөөдөр ч хэвээр үү?
Тайсон: Энэ спорт надад хангалттай ихийг өгсөн. Би боксод өртэй хүн. Тийм болохоор боксын тухай элдвийн зүйл ярьмааргүй байна.
Ларри: Тэгвэл бокс танд өртөй юү?
Тайсон: Би боксоос юу ч хүсэхгүй ээ.
Ларри: Та боксоос маш их мөнгө олсон, тийм үү?
Тайсон: Би гэдэг хүн бокс гэдэг их спорттой харьцуулахад өчүүхэн. Би илүү том байсан ч болоосой. Гэхдээ тамирчин хүн хэзээ их спортоос том байж таарахгүй.
Ларри: Лас Вегасын нислэгийн нэгэн компанитай хамтарч ажиллаж байгаа гэж сонссон. Чи хөрөнгө оруулагч нь юм уу, эсвэл зүгээр л рекламдагч уу?
Тайсон: Аль аль нь. Гэхдээ бага сага л.
Ларри: Хаанаас мөнгө олж байна?
Тайсон: Эхнэр бид хоёр нэг продакшинтай л даа. Эхнэр маань байгуулсан юм. Кино хийдэг.
Ларри: Урьд нь дэмий цацаж үрсэн мөнгөндөө одоо харамсдаг уу?
Тайсон: Үгүй шүү. Би ер нь юунд ч харамсдаггүй. Би амьдарч байна. Амьд яваадаа баярладаг. Тэрбум тэрбумын хөрөнгөтэй хүмүүс үхээд л өгдөг шүү дээ. Тэд үхлээ, тэгээд л амьдрал дуусаа. Бүх зүйл зогсоно. Энэ хорвоод амьд явна гэдэг чинь өөрөө сайхан. Амьдарлыг мэдэрч, маргааш ирэх аз жаргалыг хүлэх сайхан. Бид нэг л өдөр хорвоогоос явцгаана шүү дээ. Тийм үү? Тиймээс энэ амьдралдаа чи өөдрөг, сэтгэл тэнэгэр, эрч хүчтэй, хүсэл тэмүүлэлтэй амьдрах хэрэгтэй. Өөрөө өөртөө чи агуу гайхамшгийг бүтээж чадна.