”Мусульманы ахан дүүс”-ээс өөр олон сонголт бий

Хуучирсан мэдээ: 2011.02.22-нд нийтлэгдсэн

”Мусульманы ахан дүүс”-ээс өөр олон сонголт бий

Египетийн ард түмний тэмцэл амжилтад хүрч, тус улсын Ерөнхийлөгч Хосни Мубарак албан тушаалаасаа огцорсон билээ. Дэлхийн томоохон орнуудын төр засгийн удирдлагууд түүнийг ийм алхам хийхэд шахалт үзүүлсэн хэмээн зарим ажиглагч тайлбарлаж байгаа. Тиймээс Египетэд болсон үймээн самууны талаар АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн “FOX News”-т өгсөн ярилцлагыг хүргэе. Тэрбээр Египетийн асуудлаас гадна АНУ-ын өнөөгийн байдлын талаар ярьжээ.

-Египетэд болсон үймээний үеэр АНУ-ын эрх баригчид жагсагчдыг дэмжсэн байр суурьтай байсан. Магадгүй энэ нь тэдний үйл хэрэг амжилттай болоход нөлөөлсөн үү?

-Мэдээж хэрэг дэмжлэг болсон байх гэж бодож байна.

-Та Х.Мубаракийг албан ту­шаалаасаа огцорно гэж таамаглаж байсан уу?

-Х.Мубарак цаашид яах вэ гэдгээ өөрөө л хэлж чадна. Түүнээс биш хэн нэгний таамгаар ямар нэгэн зүйл хийх нь утгагүй. Гэхдээ Египетэд юу болж байгааг бид харж байна. Энэ улсын ард түмэн эрх чөлөө, шударга, ардчилсан сонгуулийг хүсч байна. Засгийн газарт өөрсдийн төлөөллөө суулгахыг шаардсан. Тэд хариуцлагатай төр засгийг хүсч байгаа. Тиймээс Египет улсад өөрч­лөлт хийх зайлшгүй шаардлага гарч байгаа юм. Х.Мубарак угаасаа дараагийн сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ амласан. Түүний Ерөнхийлөгч байх хугацаа энэ жил дуусгавар болох гэж байсан. Гэтэл египетчүүд өөрчлөлт, шинэчлэлтийг илүү богино хугацаанд харахыг хүслээ.

-Та түүнийг Ерөн­хийлөгчийн албаа хэзээ орхихыг хэлж мэдэхгүй байсан юм уу?

-АНУ бол диктатуртай орон биш. Тэгэхээр…

-Тэгэхээр та нар түүнийг хү­чилж чадахгүй гэсэн үг үү?

-Бидний хийж чадах зүйл бол “Одоо та улс орноо өөрчлөн шинэчлэх цаг болсон” гэдгийг сануулах явдал байсан.

-Х.Мубарак тэр өөрчлөлтийг тань аль хэдийнэ хийсэн шүү дээ. Гэхдээ хэтэрхий олон жил Төрийн тэргүүний албыг хашлаа. Хэрэв тэр огцроогүй бол маш олон хүн амиа алдах байсан. Гэтэл нөгөө талаас Х.Мубарак АНУ-ын талаар их зүйлийг мэддэг  хүн. Тиймээс түүнээс болгоомжилсон нь дээр биш үү?

-Юун түрүүнд АНУ, Египет улс урт хугацааны турш сайн    ха­рилцаатай байсныг хэлэх хэрэгтэй.

-Тийм. Тэр бас хажуугаар нь олон муу зүйл хийж байж?

-Х.Мубарак бол сайн хамтрагч. Израйльтай энхийн хэлэлцээр бай­гуулах үед тэр чухал үүрэг гүйцэтгэсэн. Терроризмын эсрэг үйл хэрэгт ч мөн түүний оролцоо багагүй бий. Гэхдээ бид нэг зүйлийг байнга хэлсээр ирсэн. Улс орныхоо ард иргэдэд ямар нэгэн хэмжээгээр дарамт учруулж болохгүй гэж. Ард түмнийг хэзээд нэгдүгээрт тавих ёстой. Иймэрхүү агуулгатай уриа, мессежүүд дэлхий даяар хүчээ авч байна. Хэрэв аль ч орны удирдагч хүч хэрэглэж, диктатурын дэглэмийг тогтоохыг хүсвэл, уучлаарай, албан тушаалаа орхих хэрэгтэй.

-Гэхдээ тэр ийм байдлаар 30 жил ажилласан. Харин та өнөөдөр түүнийг шүүмжилж бай­на. Гэтэл Х.Мубарак АНУ-ын талаарх таагүй, сөрөг агуулгатай мэдээллүүдийг олон нийтэд цацах вий гэж болгоомжлохгүй байна уу гэдгийг дахиад асууя. Египетийн сөрөг хүчний гол төлөөлөл болох “Мусульманы ахан дүүс” АНУ-д заналхийлэхгүй гэдгийг хэн батлах юм бэ?

-“Мусульманы ахан дүүс” бол Египетийн нэг нам, бүлэглэл. Тэд египетчүүдийн олонхийн саналыг авч чадахгүй. Тэд …

-Тэд бидэнд заналхийлэх болов уу?

-Гэхдээ тэд маш сайн зохион байгуулалттай. Бид тэднийг АНУ-ын эсрэг үйл ажиллагаа явуулахаас чадах ядахаараа сэргийлнэ. Үүнд эргэлзэх зүйлгүй. Гэхдээ нэг зүйлийг сайн ойлгох хэрэгтэй. Өнөөгийн нөхцөл байдалд Египетэд аль ч салбар, чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа нь хамаагүй, гол нь олон нийтийн төлөөлөл болсон бүлэглэлүүд илүү их нэр хүндтэй болж байна. Энэ бидний хувьд нэг боломж юм. Өөрөөр хэлбэл, Египетийн ард түмэн зөвхөн Х.Мубарак, “Мусульманы ахан дүүс” гэлтгүй, өөр олон сонголттой болсон гэсэн үг.

-Гэхдээ та “Мусульманы ахан дүүс” бүлэглэлийг Засгийн эрхэнд гараасай гэж хүсэхгүй байгаа биз дээ?

-Би Египетэд ард түмэн нь сонгосон Засгийн газар бүрэлдээсэй гэж хүсч байна. Хэрэв тэд улс орноо өөрчлөхөөр шийдсэн бол бид тэдэнтэй хамтарч ажиллана.

-Би ч бас тэгж найдаж байна. Одоо таны санаачилсан эрүүл мэндийн тухай хуулийн талаар ярилцъя. Флорида мужийн Хол­бооны шүүхээс таны санаачилгыг АНУ-ын Үндсэн хуулийг зөрчсөн гэж үзсэн. Дээд шүүх ч уг шийдвэрийг дэмжих бололтой. Тэгэхээр та эрүүл мэндийн сал­барын шинэчлэлийн тухай хуулиа өөрчлөх үү?

-Флорида мужийн шүүгч алдсан гэж бодож байна. Бидэнд 12 шүүгч байгаа гэдгийг санах хэрэгтэй. Тэдний ердөө нэг нь шинэ хуулийг Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн.

-Одоо Дээд шүүхэд асуудал яригдаж байгаа?

-Тийм. Гэхдээ энэ нэг их чухал биш. Юу гээч. Ерөнхийлөгчийн сонгуульт хугацаа дуусахад хоёр жил дутуу байна. Гэтэл би өнгөрсөн хоёр жилд хийсэн юмныхаа талаар тайлбарласаар байгаад ирэх хоёр жилийг дуусгамааргүй байна шүү.

-Гэхдээ л та тайлбарлах ёстой. АНУ-ын Дээд шүүх танаас тайлбар шаардана. Тийм үү?

-Америкчууд эрүүл мэнддээ хэдэн төгрөг зарцуулж байгаагаа хянахыг хүсч байна. Бидэнд эрүүл мэндийн эрүүл тогтолцоо хэрэгтэй. Бүгд найрамдахчуудад хандаж нэг үг хэлье. Хэрэв та нар эрүүл мэндийн тогтолцоог сайжруулахыг хүсч байгаа бол миний саналыг дэмжих л ёстой.

-“Wall Street Journal”-д “Б.Обама америкчуудын орлогыг дахин шинээр хуваарилах гэж байна. Ингэхийн тулд тактиктай хөдөлж байна. Тэрбээр дундаж орлоготнуудын татварыг нэмэхээс татгалзсан. Гэхдээ нэг л өдөр энэ саналаасаа ч бас татгалзана. Б.Обама бол зүүний үзэл ба­римтлалтай хүн” гэж бичсэн байна?

-Би үүнийг үгүйсгэж байна. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд би татварыг бууруулсаар ирсэн. Ганц ч удаа нэмж байгаагүй.

-Гэхдээ шинэ хуулиар эрүүл мэндийн даатгалгүй байсан 40 сая хүн даатгалтай болох боломжгүй болсон?

-Та хэрэв өвдсөн бол яагаад санхүүгийн хувьд тэр чигтээ дампуурах ёстой гэж. Тийм байж болохгүй. Гэтэл өнөөдөр нөхцөл байдал ийм байна. Хүмүүсийн дийлэнх нь тантай санал нийлэхгүй байх.

-Тэгвэл яагаад санал асуулгаар америкчуудын дийлэнх нь Б.Обамагийн саналыг дэмжихгүй байсан юм бэ?

-Дийлэнх нь биш. Мэдээж бага биш ч гэсэн тийм ч олон хүн эсэргүүцээгүй шүү дээ.

Т.ЭЛИСА


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж