Улс төр дэх гуравдагч хүчин гараанаасаа гарлаа

Хуучирсан мэдээ: 2011.02.22-нд нийтлэгдсэн

Улс төр дэх гуравдагч хүчин гараанаасаа гарлаа

Хаврын улс төр халуунаас халуун, сонирхолтойгоос сонирхолтойгоор өрнөж байна. Улс төрийн хамгийн, хамгийныг өөртөө шингээдэг Ардын нам, Ардчилсан намын улстөржилт гэхээсээ илүү хүчтэй гуравдагч хүчин болохоор зорьж буй МАХН, Монголын Ногоон намыг тойрсон үйл явдал олны анхаарлыг татаж эхэллээ. Улс төр дэх гуравдагч хүчний орон зай үгүйлэгдсээр байгаа нь МАХН хэмээх задрал буюу шинэ хүчин, Иргэний зориг-Ногоон нам хэмээх нэгдлийг бий болгосон юм. МАХН-ын дарга Н.Энхбаяр нам өрх тусгаарлаж, бас шинэ гэр барьж болдгийг харуулсан. Тэд улс төрийн нам нэгдэж, задрах нь хамгийн эрүүл бөгөөд байдаг л үзэгдэл хэмээн тайлбарлаж байгаа. Үүнтэй адил Ногоон на­мынхан эрүүлээр сэтгэн Иргэний Зориг намтай нэгдэж, ирэх сонгуулиар парламент дахь суудлынхаа тоог нэмэх бодлого барьж байна. Гэвч Д.Энхбатын сэтгэж, бодсон бүхэн биеллээ олоход ихээхэн саад учирч эхэллээ. Түүний Иргэний зориг намтай нэгдэх ажиллагааг эсэргүүцэн намын зарим гишүүн нь Ногоон намаа аврах хөдөлгөөн байгуулаад авсан. Тэдний дургүйцлийг ийн хүргэсэн гол шалтгаан нь Иргэний зориг намынхан ногоон үзэл баримтална, Ногоон намын лого, туг, эмблемийг ашиглана, мөн нэгдсэн намынхаа даргаар Ногоон намын удирдлагаас сонгоно гэдгээ мэдэгдсэнд байгаа юм. Ийнхүү бүхнийг найр тавьж өгсний хариуд Ногоон нам татан буугдаж, Иргэний зориг намд дагаар орох болзолтой байлаа. Энэхүү болзлыг зөвшөөрөн гарын үсэг зурсан хүн бол Ногоон намын дарга Д.Энхбат. Гэхдээ түүнийг одоо Ногоон намын дарга гэж хэлэх нь зөв үү гэдэг нь олны дунд эргэлзээ төрүүлж эхэллээ. Учир нь гишүүдийн мэдүүлсэн өргөдлийн дагуу Монголын Ногоон намын Дүрэм ёс зүйн хороо хуралдан намын дотоод асуудал хариуцсан дарга Д.Энхбат болон гадаад асуудал хариуцсан дарга Э.Зоригт нарыг гишүүнчлэлээс хассан билээ. Ийнхүү Ногоон нам даргагүй, удирдлагагүй боллоо, намд хямрал, онц байдал үүссэн гэж үзэн Дүрэм, ёс зүйн хороо нь өнгөрсөн бямба гарагт ээлжит бус их хурлаа хуралдуулсан. Харин өчигдөр ээлжит бус их хурлаасаа гаргасан шийдвэрийг танилцууллаа. Уг хуралд Монголын Ногоон намын 246 гишүүн оролцсоноос 239 гишүүн мандат авч хурлын үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон аж. Эдгээр гишүүн намын гадаад болон дотоод асуудал хариуцсан дарга нараа намаас хассаныг баталгаажуулан гар өргөжээ. Мөн намыг татан буулгаж Иргэний Зориг намд нэгтгэх санамж бичгийг хүчингүйд тооцон, намын дүрэмд өөрчлөлт оруулан Ерөнхий нарийн бичгийн даргатай болсноо мэдэгдлээ. Харин үүний дараагаар намын зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэн Монголын Ногоон намын дотоод асуудал хариуцсан даргаар Д.Басандорж, гадаад асуудал хариуцсан даргаар О.Бум-Ялагч, Ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Наранцэцэг нарыг сонгосон байна. Мөн Удирдах зөвлөлд нь дээрх гурван гишүүнээс гадна Х.Алтанцацралт, Д.Батбаатар нар оржээ. Харин үлдсэн зургаан хүнийг нь намын идэвхтэй гишүүдээс сонгох аж. Намын Бага хуралд 21 гишүүн оржээ. Ээлжит бус их хурлаас гаргасан дээрх шийдвэрийг Японы Ногоон хөдөлгөөн, Австрали, Герман, Шведийн Ногоон намынхан дэмжиж байгаагаа илэрхийлсэн хэмээн намаа аврах хөдөлгөөнийхөн хэлсэн юм. Тэдний ээлжит бус их хурлыг зарлан хуралдуулж байгаа нь намын дүрэм зөрчсөн үйлдэл хэмээн намын дарга Д.Энхбат удаа дараа мэдэгдэж буй.

Ногоон намын зарим гишүүний хийж буй энэ үйлдэл Ардын намаас салан тусгаарлаж, цоо шинэ хүчин болохоор ажиллаж байгаа МАХН-тай төстэй. Тэд хоёулаа онц их хурлаа хийлээ. Намын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга болон Удирдах зөвлөлөө сонгосон. Н.Энхбаярын удирдаж байгаа МАХН эгнээндээ жижиг намууд, иргэний хөдөлгөөнийхнийг нэгтгэхээр зүтгэж байгаа бол Ногоон намынхан хэнтэй ч нэгдэхгүйгээр гагцхүү ногоон өнгөөр улс төрийг будна гэж байгаагаараа өөр. Харин Ногоон намын ээлжит бус их хурал дүрэм бус боллоо гэх шүүмжлэл дагуулж байна. МАХН-ын тухайд Монгол Ардын Хувьсгалт нам гэдэг нэр эзэмших эрхээ Дээд шүүхээс аваагүй байгаад учир бий. Улс төр дэх гуравдагч хүчнийг цоо шинэ өнгө аястайгаар бий болгохоор хоёр нам гараанаасаа гарлаа. Тэдний бариа мэдээж 2012 оны сонгууль. Харин Д.Энхбат намын үйл ажиллагаагаа идэвхжүүлэн, нам шиг нам байя гэсэн санаа гишүүдэд нь таалагдаагүйн улмаас чухам хэн нь Ногоон намын дарга юм бэ гэсэн асуултын тэмдэгийг үлдээлээ. Гэвч энэ үзэгдлийг “Н.Энхбаярын үйлдлийг бүдгэрүүлэх гэсэн оролдлого” хэмээн зарим ажиглагч тайлбарлаж байна.

Ц.ЭНХЦЭЦЭГ


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж