
Нийслэлийн гэр хорооллыг барилгажуулж, айл өрхийг нүүлгэн шилжүүлэх, газар чөлөөлөх ажил ид өрнөж байна. Шинээр баригдах Сүхбаатар дүүргийн VII хорооллоос гадна Баянгол дүүргийн XVI хороо Гандангийн дэнжийн гэр хорооллын айлуудыг нүүлгэн шилжүүлж, оронд нь амины орон сууц барих шийдвэр гарсан билээ. 2003 оны Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар энэ хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг баталсан бөгөөд одоогоор энэ ажил хэрэгжих шатандаа явж байгаа юм байна. Баянгол дүүргийн XVI хорооны нутаг дэвсгэр нийт 56 га талбайтай, 2010 оны хоёрдугаар сард хийсэн судалгаагаар тус хороонд 1861 айл өрх, 7817 хүн амьдарч байгаа аж. "Гандан" хороолол нь төлөвлөлтөөрөө гурваас тав хүртэлх давхартай амины орон сууцны хороолол, урд хэсгээрээ Бурхан шашны цогцолборуудтай болох юм байна. Одоо дэд бүтэц тавих бэлтгэл ажил эхэлсэн бөгөөд төв магистрал шугамуудыг татжээ. 2015 он гэхэд эхний ээлжийн айлууд дулаанаа аваад эхлэх гэнэ. Харин айлуудыг нь нүүлгэх, газар чөлөөлөх ажил хийгдэж эхлээгүй байна. Тэнд байгаа айлуудад олгох нөхөн олговрын хөрөнгө төсвийг шийдэж дуусаад, мөн иргэдийн түр байрлуулах орон сууцны асуудлыг шийдсэний дараа газар чөлөөлөх ажил эхлэх юм байна. Түүнчлэн иргэд хоорондоо тохиролцоод ерөнхий төлөвлөгөөний дагуу өөрсдийнхөө газар дээр хоёроос гурван давхар амины орон сууц барьж болох гэнэ. Хамгийн гол нь барилгынхаа зураг төслийг батлуулсан, тэр нь ерөнхий төлөвлөгөөтэй уялдаж байх ёстой юм байна. Хэд хэдээрээ нийлж орон сууц барихаар болсон иргэд ч олон байгаа аж. Тухайлбал, нэг гудамжны арван айл нэгдээд доороо машины зогсоолтой, гурав юм уу таван давхар орон сууц барихаар зураг төслөө батлуулчихвал тухайн газарт нь шугам татаад өгөх юм байна.
Ж.ГЭГЭЭ